Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн улирлын шилдгүүд өнөөдөр/2025.03.13/ 11:00 цагаас тодорно. Улирлын "Үнэ цэнтэй тоглогч"-оос эхлээд "Шилдэг хамгаалан тоглогч", "Шилдэг залуу тоглогч" тэргүүтэй шагналууд эздэдээ очих учиртай. Мэдээж хамгийн сонирхол татаж байгаа нь хэн улирлын "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртэх вэ? Энэ асуулт, яриа гурван тоглогчийн хооронд өрнөж буй. Тодруулбал, "BCH Knights" багийн О.Эрдэнэцогт, Эрдэнэтийн Уурхайчид багийн Г.Болор-Эрдэнэ, Хасын Хүлэгүүд багийн Ч.Ихбаяр нар юм.
О.Эрдэнэцогт энэ улирал урьдын адил гайхалтай байгаа. Үүнийгээ лигийн баг болон шигшээ багийн түвшинд ч хангалттай харуулсан. Баг нь ч дөрөвдүгээр байраар плей-оффд шалгарчээ. Энэ улирал түүнээс өндөр оноо дунджилсан монгол тамирчин лигт үгүй. Өнгөрсөн жилүүдэд гарынхаа бэртлээс болж хүссэн тоглолтоо төдийлөн гаргаж чадаагүй түүний шидэлт энэ жил онцгой байгааг дурдах хэрэгтэй. "Ард түмний MVP" гэгддэг түүнд энэхүү шагналыг хүртэх хоёр ч боломж байсан. Харамсалтай нь тухайн үеийн лигийн зохион байгуулагчид, сагсан бөмбөгийн холбооны саналаар хүртэж үзээгүй явна.
Г.Болор-Эрдэнийн талбай дээрх ашигтай тоглолт, үр нөлөөг магтахгүй байхын аргагүй. Улирлын эхэнд хоёр багийн үл ойлголцлын улмаас лигтээ тоглож чадаагүй Г.Болор-Эрдэнэ асуудал дууссаны дараа Уурхайчид багтайгаа эргэн нэгдэж, ёроолд шигдээд байсан багаа плей-офф руу хөтөлсөн гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Шигшээ багт ч гарааны холбон тоглогчийн үүргийг гүйцэтгэж, Гуамыг хожиж, Японтой эн тэнцүү хүч үзэхэд гол үүргийг гүйцэтгэсэн. Хувь тоглогчийн үзүүлэлт нь ч замналынх нь оргил үзүүлэлт болж багаа. Хэрэв улирлын эхнээс тоглосон бол багийн амжилт нь ч илүү сайн байх байсан болов уу?
Мэдээж "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналд багийн амжилт голлох нөлөө үзүүлнэ. Энэ ч утгаараа улирлыг амжилтаараа тэргүүлсэн Хасын Хүлэгүүд багаас "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналд Ч.Ихбаяр өрсөлдөх нь зүйтэй. Улирлын турш тогтвортой тоглож, А.Анандын эзгүйд багийн лидерийн үүргийг сайтар гүйцэтэж байгаа. "Амжилт нь ахисан тоглогч"-ийн шагналыг хүртэж байсан түүнийг энэ улирал "MVP" болох эрхтэй гэж фэнүүд нь үзэж байгаа нь лавтай.
Нэргүй 1 цагийн өмнө 103.126.107.50
Ч.ИХБАЯР
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.239.126
ЭРДЭНЭЦОГТ