Худалдааны дайныг намжаах найдварын од

ХҮМҮҮС

Худалдааны дайныг намжаах найдварын од

Худалдааны дайныг намжаах найдварын од

Дэлхийн санхүүгийн хямралын үед Канадын банкны ерөнхийлөгч, “Brexit”-ийн хэлэлцээрийн үеэр Английн Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Марк Карни Канадын эрх баригч Либерал намын даргаар өнгөрсөн Ням гаригт сонгогдсон. Тэрбээр Канадын улс төрд хөл тавиад хоёр сар ч бололгүй энэ өндөрлөгт хүрэв. Жастин Трюдогийн орыг залгамжилж, 24 дэх ерөнхий сайдаар тодорч буй Марк Карниг Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Эдийн засагч, улстөрч Марк Жозеф Карни 1965 оны гуравдугаар сарын 16-нд Канадын Баруун хойд нутаг дэвсгэрийн Форт Смитэд төржээ. Түүний эцэг Мартин Карни ахлах сургуулийн захирал байсан бол ээж Верлье Маргарет нь багш мэргэжилтэй, гэрийн эзэгтэй байсан. Мөн дөрвөн эмээ өвөө нарынх нь гурав нь ирланд хүмүүс байжээ. Карниг зургаан настай байхад тэдний гэр бүл Албертагийн Эдмонтон руу нүүсэн. Түүний аав Мартин Карни 1980 онд Эдмонтонд Либерал намаас нэр дэвшээд, хоёрдугаар байранд орж байв. Харин ээж нь Карниг 10 хүрэхэд карьер хөөж эхлэн, их сургуульдаа эргэн ажилд оржээ. Карни эцэг эхээс дөрвүүлээ, ах, эгч, нэг дүүтэй.

Тэрбээр 1988 онд Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Харин мастерын зэргээ 1993, докторын зэргээ 1995 онд Оксфордын их сургуульд тус тус хамгаалсан байна.

Харвардад сурдаг байхдаа тэр сургуулийнхаа мөсний хоккейн багийн нөөц хаалгач байжээ. Үндэсний хоккейн лигийн ерөнхий менежер Петер Чиарелли, хоккейн тамирчин Марк Беннин нар түүний өрөөний найзууд байв. Оксфордод орсон хойноо ч тэр хоккейгоо орхиогүй. Сургуулийн мөсний хоккейн клуб хоёр ахлагчтай байсны нэг нь Карни байв.

ЭДИЙН ЗАСГИЙН АКУЛ

Эдийн засгийн салбарын аварга загас тэрбээр энэ чиглэлдээ томоохон байгууллагуудад албан тушаал хашсаар ирсэн түүхтэй. Тодруулбал, Америкийн олон үндэстний хөрөнгө оруулалтын алдарт банк "Goldman Sachs"-т тэр амьдралынхаа 13 жилийг өнгөрүүлсэн бөгөөд Бостон, Лондон, Нью Йорк, Токио, Торонто дахь оффисуудад нь ажиллаж байв. 13 жилийн турш тэр ихэвчлэн ахлах албан тушаал хашжээ.

Карни 2003 онд "Goldman Sachs"-аас гарч, Канадын банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллах болсон байна. Дараа жил нь тэрбээр Канадын Сангийн яамны дэд сайдын ахлах туслахаар томилогдсон. Улмаар 2007 онд Канадын банкны ерөнхийлөгч болсон ба дэлхийн санхүүгийн хямралын ид үед улс орныхоо мөнгөний бодлогыг хариуцаж байв. 2013 он хүртэл Канадын банкыг удирдсаны эцэст Карни 2013 онд Английн банкны ерөнхийлөгчөөр томилогдсон. Энд ажиллах хугацаандаа тэр “Brexit”-ийн хэлэлцээр, Covid-19 цар тахлын эхэн үе зэрэг сорилтуудтай тулгарчээ. Ялангуяа Covid-19 цар тахлын үед тэр Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн албан бус зөвлөхөөр ажиллаж байв.

"Brookfield Asset Management"-д хөрөнгө оруулалт хариуцсан дарга, "Bloomberg L.P."-д захирлуудын зөвлөлийн даргаар ажиллаж байсан туршлага мөн түүнд бий. Цаашилбал, цаг уур, санхүүгийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай элчээр хүртэл томилогдож байжээ.

Либерал намын даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа тэр 2025 оны эхэн үед мэдэгдсэн. Улмаар гуравдугаар сард ялалт байгуулснаар АНУ, Канадын хооронд дайн дайн дэгдэж магадгүй байгаа эгзэгтэй цаг үед ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авах болж байна. Тэр өмнө нь хэзээ ч сонгуульд нэр дэвшиж байгаагүй. Гэсэн ч түүнийг улс төрд орж магадгүй гэх цуу яриа сүүлийн хэдэн жилийн турш гарсаар байжээ.

ТРАМПТАЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХҮЧ

АНУ, Канад улсууд худалдааны дайны ирмэгт ирээд буй тул түүний олон арван жилийн санхүүгийн туршлага одоо л хэрэг болно гэж канадууд найдаж байх магадлалтай. Тэрбээр сонгуульд ялмагцаа Трампийн заналхийллийн эсрэг тэмцэхээ амласан билээ. Трамп өнгөрсөн сард татварын нэмэгдлийн талаар зарласнаас хойш Карни түүний шийдвэрийг илэн далангүй шүүмжилжээ.

“Канад хэзээ ч ямар нэгэн байдлаар АНУ-ын нэг хэсэг болохгүй. Бид тулалдахыг хүсээгүй ч гэлээ хэн нэгэн эхлэлийг нь тавьбал үргэлж бэлэн байдалд байдаг. Америкчууд алдаа гаргах ёсгүй. Хоккейн нэгэн адил худалдааны талбарт ч Канад ялна. АНУ бидэнд хүндэтгэл үзүүлэх хүртэл хариу тарифыг хэвээр хадгална. Трамп хоёр, гурван цаг тутамд бодлоо өөрчилдөг хүн. Ийм хүн чөлөөт ертөнцийн удирдагч болсон нь олны санааг зовоож байна.

Трамп Канадын гэр бүл, ажилчид, бизнесүүд рүү дайрч байна. Бид түүнийг амжилтад хүрэхийг зөвшөөрөхгүй. Тийм зүйл болохгүй. Хоккейн адил худалдааны дайнд ч Канад ялна” гэж тэр хэлжээ.

Түүний талаар Оттавагийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Чарльз-Этьен Бьюди хэлэхдээ "Тэр маш чадварлаг эдийн засагч. Тийм учраас татвар, эдийн засгийн дайны үед олон хүн түүнийг дэмжиж байна" гэжээ.

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Түүний гарын үсэг Канадын мөнгөн тэмдэгт дээр байдаг.
  • Тэр хэзээ ч засгийн газарт албан тушаал хашиж байгаагүй.
  • Түүнийг нэгэн цагт Төв банкны Жорж Клуни гэж нэрлэдэг байв.
  • Английн банк 1694 онд байгуулагдсанаас хойш анх удаа британи бус хүнийг удирдагчаар сонгосон нь Марк Карни байжээ.
  • Их Британийн төв банкинд ажилладаг байхдаа тэр өглөө бүр Маркус Аурелиусын хэлсэн "Хүн төрөлхтний ажлыг хийхийн тулд бос" гэсэн үгийг өөртөө хэлдэг байжээ.
  • 43 насандаа тэр Канадын банкийг удирдсан хоёр дахь хамгийн залуу хүн болсон.
  • Эцэг эх хоёр нь хоёулаа багш учир тэдний гэр номоор дүүрэн байсныг тэр дурсдаг.
  • Түүний дүү Брайан сонгуулийн сурталчилгааны үеэр "Карни дээрэлхэгчдийг тэвчдэггүй" гэж хэлж байв.
  • Үндэсний хоккейн лигийн ерөнхий менежер Петер Чиарелли түүний өрөөний найз байсныг дээр дурдсан билээ. Тэгвэл Петер Чиарелли тухайн үед "Энэ залуу нэг л өдөр ерөнхий сайд болно" гэж хэлж байжээ.
  • Түүний эхнэр хоккейчны охин бөгөөд эдийн засагч мэргэжилтэй. Эхнэр Диана Фокстойгоо тэр Оксфордод танилцсан бөгөөд 1995 онд гэрлэжээ. Тэд дөрвөн охинтой.
  • Тэр "Values: Building a Better World for All" буюу "Үнэ цэн: Хүн бүхэнд ээлтэй сайхан ертөнцийг бүтээхүй" нэртэй ном бичсэн. Номынхоо төгсгөлд "Даруу бай. Өнөөдөр чи хэчнээн мундаг байлаа гээд, маргааш бас хэчнээн сүрхий болох байсан ч ирээдүйд мартагдах л болно" гэж тэр бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO, WIKIPEDIA, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж