Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн дээд лигийн аваргаар Улаанбаатар Амазонс баг тодорсон. Тэд финалын цувралд аваргаа хамгаалагч Омни Хүлэгүүд багийг 4-2 гэсэн харьцаатай хожиж, өнгөрсөн жилийн хариугаа авч чадлаа. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийн дээд лигийн аваргын төлөөх гол өрсөлдөөн улирал бүрт л энэхүү хоёр багийн дунд өрнөдөг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ удаад Амазонс аварга болоход юу нөлөөлсөн бэ?
Улаанбаатар Амазонс лигт түрүүлсэнээр 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртжээ.
Н.НАНДИНХҮСЭЛ ЭРГЭН ИРЖ, О.ХУЛАНГ ҮДЭВ
Шинэхэн улирлын өмнөхөн Улаанбаатар Амазонсын гол тоглогчдын нэг О.Хулан Хятадын дээд лигийг зорьж, бас нэгэн түүхэн үйл явдал тохиосон. Өмнө нь Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчдаас гадаадын лигт легионер тамирчнаар тоглож байсан түүх үгүй билээ. Энэ ч утгаараа О.Хулан мөс хагалсан. Гэхдээ О.Хулан явсанаар Амазонс аваргын төлөө өрсөлдөж чадах уу гэх асуулт гарч ирэв. Хариулт нь Америк явсан Н.Нандинхүсэл байлаа. Арван жилийн сурагч байхдаа Амазонсын бүрэлдэхүүнд аварга авч, ирээдүйтэй гэдгээ харуулсан тэрбээр АНУ-ын "Spire Academy"-ийг зорьж, сагсан бөмбөгийн эрдэмд шамдсан. Жилийн дараа эргэн ирж, хуучин багтайгаа эргэн нэгдсэн нь өнөөдрийн амжилтын эхлэл байсан гэхэд хилсдэхгүй.
Олон талт тоглолттой түүний хувьд багийн тэнцвэрийг хадгалах, бөмбөг хуваарилах, самбараас бөмбөг авах, дамжуулах гээд багт дутагдаж буй хожил байгуулахад хэрэгтэй хүчин зүйлсийг талбай дээр харуулж байлаа.
ДАСГАЛЖУУЛАГЧ ФРАНЦИСКО ГАРСИА
Улаанбаатар Амазонс улирлын эхэнд ахлах дасгалжуулагчаараа Франциско Гарсиа гэх испани мэргэжилтнийг томилсон. Өдгөө 54 настай түүний хувьд өмнө нь Испанийн эмэгтэй өсвөр, залуучуудын шигшээ баг, лигийн багууд, Энэтхэгийн эмэгтэй шигшээ баг зэргийг удирдаж байсан туршлагатай нэгэн. Амазонс багт ирээд ч системээ суулгаж, баг нь улирлын турш хожигдол гээчийг амсаагүй удсан. Гайхалтай нь 14-1 буюу ердөө ганцхан хожигдсон гэх амжилттай улирлыг өндөрлүүлсэн.
Нягт хамгаалалт, өндөр хувьтай довтолгооны гүйцэтгэл гээд Амазонс энэ улирал тун гайхалтай байлаа. Мэдээж энэ бүхэн Франциско Гарсиа дасгалжуулагчтай шууд холбоотой. Түүний удирдлага дор Улаанбаатар Амазонс баг алдаад байсан аварга гэх цолоо эргүүлэн авав.
НЯЦАШГҮЙ Э.АРИУНЦЭЦЭГ
О.Хулан явсанаар Э.Ариунцэцэгийн үүрэг хариуцлага нэмэгдэж, улам өөрийгөө дайчлах шаардлагатай болсон. Улиралд ч үнэхээр сайн үзүүлэлттэй тоглож, лигийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор тодорсон. Тэрбээр улиралд 18.6 оноо, 9.2 самбар дунджилсан бөгөөд MVP шагналыг хоёр дахь удаагаа авч байгаа нь энэ.
Шагнал авсаныхаа дараа Б.Ариунцэцэг "Би энэ шагналыг авах ёстой хүн мөн үү биш үү гэдэгтэй их эргэлздэг байсан. Хоёр дахь удаагаа авч байгаа минь тэр эргэлзээг үгүй хийлээ. Би энэ шагналыг авахын тулд маш их хөдөлмөрлөсөн мөн найз нөхөд, гэр бүлтэйгээ байх хугацаанаасаа татгалзаад зөвхөн сагсан бөмбөг гэдэг зүйлээр хичээллээд маш их золиос гаргасан болохоор энэ амжилтад хүрсэндээ баяртай байна. Бид энэ жил аварга авна гэдэгтэй итгэлтэй байна" гэжээ.
Улирлын төгсгөлд М.Цэрэнлхам тодорхойгүй шалтгаанаар Амазонсыг орхиж, Б.Ариунцэцэгийн даалгавар, ачаа плей-оффд нэгээр нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Ширүүн өрсөлдөөнтэй плей-оффын тоглолтуудыг М Винкс болон Омни Хүлэгүүд багийн эсрэг хийж, ийнхүү дахин аварга боллоо. Улиралд ч, плей-оффд ч Б.Ариунцэцэг тогтвортой, няцашгүй тоглолтыг үзүүлж, тоглолт бүрт багаа оноо, самбараар тэргүүлж байсаныг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэднэ.
ШИНЭ ДАЙЧИН БҮСГҮЙЧҮҮДИЙН НӨЛӨӨ
Амазонс бол Грекийн үлгэр домогт гардаг эмэгтэй хүчирэхэг дайчид, ангуучид билээ. Тэгвэл энэ улирлын эхэнд Амазонс шинэ дайчин бүсгүйчүүдээр хүч зузаатгасан. Тухайлбал, залуу тоглогч Ч.Бямбажавыг Хөгжлийн лигээс, лигийн аварга, туршлагатай Г.Булганыг Омни Хүлэгүүдээс, чадварлаг Грэйс Брегийг АНУ-аас авчирсан.
Эдгээр тамирчдаас Грэйс Брег багт хамгийн үлэмж нөлөөг үзүүлсэн гэж ойлгож болно. Тэрбээр улиралд 19.9 оноо, 7.5 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дунджилсан. Энэ үзүүлэлтээрээ ч улирлын "Шилдэг гадаад тоглогч"-ийн шагналыг хүртсэн билээ. Финалын цувралд тоглолт бүрт бүтэн 40 минут талбай дээр үр ашигтай тоглолтоо хадгалж, үйлдэл, шийдвэр бүрээрээ багтаа давуу байдлыг авчирч байлаа.
Б.Болор-Эрдэнэ, Ц.Болорцэцэг, Ч.Уртнасан тэргүүтэй багийн үндсэн гишүүдийн үүргийг дурдах нь зүйтэй.
Холбоотой мэдээ