УИХ-ын хаврын чуулганыг ирэх долоо хоногийн Даваа гариг буюу гуравдугаар сарын 17-нд нээнэ. Халуухан, хатуухан улс төр хаврын чуулгантай хамт эхэлнэ.
ХАВРЫН ЧУУЛГАНЫ ЭХЭНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, анх удаа 126 гишүүнтэй байгуулагдсан парламент бүрэн эрхийнхээ хүрээнд гурван зүйлийг чухалчилж ажиллана гэдгээ зарласан. Нэгдүгээрт, хүн төвтэй хуулийн орчныг бий болгох, хоёрдугаарт, хууль цаг хугацаанаасаа хоцордоггүй байх нөхцөлийг бүрэн хангах, гуравдугаарт, хууль иж бүрэн зохицуулалтаа хийж чаддаг байх асуудалд төвлөрч ажиллахаа зарласан. Хүн төвтэй хууль эрхзүйн орчныг бий болгох асуудалд хүний эрхийг хангах чиглэлийг урьтал болгодог хуулийн орчинтой болох шаардлага Моэгол Улсад нэгэнт бий болсон гэж үзэж байгаа аж.
Монгол Улсад хэрэгжиж байгаа олон сайн хууль батлагдан хэрэгжиж байгаа бөгөөд хуулийн үзэл баримтлал үндсэн философи нь төр төвтэй байгаа хандлагаас хүн төвтэй болгох өөрчлөлтийг энэ удаа хийх нь зөв гэж үзсэн гэсэн юм. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулиуд тодорхой цаг хугацааны өмнө батлагдсан учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэх байдал зарим талаараа сул байгааг хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хууль өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бодит жишээ олон бий. Монгол Улсад 245 мянган ААН бүртгэлтэй байдаг ч идэвхитэй үйл ажиллагаа явуулж, тайлангаа тавьдаг ААН-үүд 100 мянга орчим байна. Үндсэндээ бүртгэлтэй ААН-үүдийн 40 хувь нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж, 60 хувь нь идэвхгүй байна.
Үүний шалтгаан бол өнөөдөр хэрэгжиж байгаа Дампуурлын тухай хуулиар компани дампууруулах нь байгуулахаас хэд дахин хүндрэл учруулдагт оршино.
Тиймээс хуулийн цаг хугацааны хоцрогдолыг богино хугацаанд засч залруулж, шинэчилж ажиллахгүй бол энэ нөхцөлөөс үүдэлтэй иргэдийн эрх зөрчигдөж, эрхээ хангаж чадахгүй нөхцөл үүсч байна гэж үзэж байна. Тухайлбал, электрон тамхитай холбоотой хуулийн зохицуулалтыг шинэчилж тусгахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. 2015 онд батлагдсан Тамхины тухай хуулиар тамхийг дотор орчинд, сургууль, цэцэрлэгийн орчимд татахыг бүрэн хязгаарласан боловч электрон тамхитай холбоотой харилцаа ороод ирэхээр үүнийг зохицуулах зохицуулалт одоогоор алга. Электрон тамхи хилээр орж ирэхдээ электрон бараа гэж орж ирдэг.
Бараг сургуулийн жижүүр электрон тамхи зараад сууж байвал түүнийг зохицуулах хуулийн зохицуулалт байхгүй байна. Цаашибал, цахилгаан дугуйтай холбоотой асуудал ч үүсч байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмэнд насанд хүрсэн хүн өндөр хурдтай тээврийн хэрэгсэлээр замын хөдөлгөөнд оролцохоор заасан. Гэсэн ч өнөөдөр насанд хүрээгүй хүүхэд өндөр хурдтай цахилгаан тээврийн хэрэгсэл унаад замын хөдөлгөөнд оролцож байхад түүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин алга. Үүнээс үүдэн гарсан осолд хэн хариуцлага хүлээж, ямар зохицуулалт хийх нь ойлгомжгүй байгаа нь хууль цаг хугацааны хоцрогдолтой байх нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд бодитой аюул учруулж байна. Тиймээс хуулийг цаг хугацаанд нь нийцүүлж богино хугацаанд өөрчилдөг байх нь зөв гэж үзсэн. Мөн хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх тухайд өнөөдөр Монгол Улсад 930 орчим хууль батлагдан хэрэгжиж байна. Гэтэл 3000 орчим журам хэрэгжиж байна. Хувилаад үзвэл нийгмийн харилцааны 30 орчим хувийг хуулиар зохицуулж 70 хувийг нь журмаар зохицуулж байна.
Үүний цаана Монголын нийгмийн хорт хавдар болсон хүнд суртал, авлига төрийн бүх шатнаас арилахгүй байгаагийн үндсэн шалтгаан энд оршиж байна.
Тиймээс хууль иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой байх зохицуулалтыг хангаж өгөх зорилго агуулж байна. Тиймээс УИХ-ын 2025 оны хаврын чуулганаас эхлээд дээрх гурван зорилтын хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэдгийг тодотгосон юм. Тийм учраас хаврын чуулганы эхэнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хамгийн эхэнд хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тэргүүтэй гишүүд уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж ажиллаад УИХ-д өргөн барьсан. Хууль тогтоомжийн тухай хуулиар дээр дурьдсан хүн төвтэй хуулийн орчныг бий болгох, хууль цаг хугацаанаасаа хоцордоггүй байх, хууль иж бүрэн зохицуулалтаа хийж чаддаг байх хууль эрх зүйн орчныг бий болгох боломжийг бүрдүүлэх юм. Тухайлбал, аливаа төрлийн хэм хэмжээг зөвхөн хууль тогтоох ойлголтыг Хууль тогтоомжийн тухай хуульд шингээж оруулж ирж байна. Мөн хууль дагасан журам гаргахдаа УИХ-д албан ёсоор танилцуулж, хууль дагасан журмын үндсэн зарчим тогтсоны үндсэн дээр журам нь батлагдаж, хэрэгждэг болох юм.
Мөн хууль батлагдаад таван жил тутам шинэчлэлт хийдэг байх бодлого хэрэгжүүлдэг байх боломжийг гаргаж өгнө. УИХ-ын гишүүдийн санаачилж болох олон хуулийг Хууль тогтоомжийн тухай хуулиар хязгаарласан байдаг.
Тэгвэл Засгийн газраас авсан саналууд дээр үндэслээд олон төрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүд гаргах өргөн боломжийг нээнэ. Шинэчилсэн найруулгын асуудлыг УИХ-ын гишүүд дангаараа хийхэд учир дутагдалтай байдаг. Тиймээс Засгийн газар, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч тухайн өөрчлөлтийг хийх боломжоор хангах нь зүйтэй. Ийм олон зарчим дээр үндэслээд хаврын чуулганаар хамгийн түрүүнд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь тодорхой болоод байна.
ШҮД СУГАЛАХ ЗӨРЧИЛ, ШИЙДВЭР!
Хаврын чуулганаар хэлэлцэх дараагийн чухал хуулийн төслүүдийг танилцуулахаас өмнө УИХ-ын 126 гишүүний бүрэлдэхүүн 124 болж хоёр гишүүнээ үдэж, хоёр шинэ гишүүнээр бүл нэмэх эсэх асуудлыг эхлээд танилцуулъя. Шинээр бүрдсэн парламентын хоёр ч гишүүнийг эгүүлэн татах асуудал улс төрийн хүрээнд халуун сэдэв болж байна.
Хаврын чуулганы эхэнд МАН-ын бүлгийн гишүүн Э.Болормаа, АН-ын бүлгийн гишүүн Д.Цогтбаатар нарыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх нь тодорхой болоод буй.
Тухайлбал, УИХ-ын хоёрдугаар тойрог буюу баруун бүсэд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Э.Болормаа нь Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул гэж буруутгагдан, түүнийг эгүүлэн татахыг МАН-ын удирдлагаас иргэд шаардах болсон.Эгүүлэн татах асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаа “Хандив өгчихөөд маргааш нь нэрээ сольсон гэхээр улс төрийн зохион байгуулалтайгаар намайг гүтгэж байж магадгүй.Би нутгийнхаа эрх ашгийн төлөө дугарч байгаа учраас олон хүний дургүйг хүргэж байгаа байх. Намайг хувийн бизнесгүй, эрх ашиггүй гэдгийг баруун бүсийн иргэд мэдэж байгаа” гэсэн тайлбар өгсөн бий. Тэгвэл Хангайн бүсэд АН-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Цогтбаатарыг эгүүлэн татах үндэслэл бүрдсэн. Д.Цогтбаатар нь Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүх үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон бий. Анхан шатны шүүхийн шийдвэрийг УДШ-ээс хэлэлцэн хэвээр үлдээсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудал энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн аваад байгаа. "Намрын чуулганы хугацаанд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй, би гардаж аваагүй учраас өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна" гэж сэтгүүлчдийн асуултнаас бултаж ирсэн гишүүн шүүхийн шийдвэрийг гардаж авснаар зөөлөн сэнтийгээсээ буухаас аргагүйд хүрэв. Ямартай ч түүнийг бүрэн эрхээс нь эгүүлэн татах асуудал Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжиж, ангийн нөхөд нь хэлэлцэх учиртай. Нэгэнт парламентын гишүүний сандал суудал эзгүйрч байгаа учраас тухайн тойрогт өрсөлдөж гишүүн болохыг горьлогчид хэдийнэ сонгуульда бэлдээд завгүй яваа сураг бий.
УИХ УХАА ХУДАГ ОРДОД ЦЭГ ТАВИНА
Засгийн газар гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах Ухаа худагийг 2007 онд “Энержи ресурс” компанид шилжүүлсэн асуудлыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн, тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь энэ хаврын чуулганы хамгийн халуун сэдэв болох нь тодорхой болоод байна.
Засгийн газраас тогтоолын төслийг өргөн мэдүүлэх болсон үндэслэлээ Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүй Монгол Улсын Засгийн газар, “Энержи ресурс” компани хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү тогтоолыг боловсруулах болсон үндэслэл нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газарт танилцуулах ёстой процесс зөрчигдсөн учраас стратегийн ач холбогдол бүхий орд гэж УИХ-аас тогтоосон энэхүү ордыг хувийн хэвшилд эзэмшүүлсэн энэхүү үйл ажиллагааг хуульд нийцүүлэх нь зүйтэй байна. Үүнийг шийдвэрлэх эрх хэмжээ нь хуульд нийцүүлэх эрх үүрэг нь гагцхүү УИХ-д байгаа учраас УИХ-аас тогтоол баталж, энэхүү тогтоолоор олгогдсон эрх хэмжээний дагуу Монгол Улсын Засгийн газар тус аж ахуй нэгжтэй хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр тогтоолын төслийг боловсруулсан” гэсэн юм.
Үндсэндээ хамтарсан Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Гэтэл энэ асуудлыг Засгийн газар 2007 онд тэмдэглэлээр шийдвэрлэсэн нь хуулийн процедурыг зөрчсөн гэдэг асуудлыг хөндөж буй. Иймээс УИХ-аар эл асуудлыг оруулж, хэлэлцүүлэхээр болоод байна.
Гэвч Засгийн газрын эл шийдвэр нь хувийн хэвшил рүүгээ халдсан үйл ажиллагааг явуулж байна гэдэг шүүмжлэлийг эдийн засагчдаас сонсох болсон. Иймээс УИХ хаврын чуулганаараа Ухаа худаг ордын асуудалд хариулт өгөх учиртай.
"ХУЛХИДУУЛЖ" ХАНАСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ЭРГЭЖ СЭРГЭХ ҮҮ
Гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад ус, агаар мэт хэрэгтэй учраас тэднийг эх орондоо татах бодлого баримтлан ажиллаж, өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйг хичээж, хууль эрх зүйн орчноо сайжруулахад анхаарч байгаа хэмээн ам ангайх бүрдээ ярьж байсан УИХ, Засгийн газрын гишүүд хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчноо сайжруулах тухай амаа хаттал ярьсан ч бүх зүйл бахь байрандаа байсаар л байна. Өнгөрсөн парламетын босгыг давж, алх цохиулж чадаагүй хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга байсан юм. Тухайн үед Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Х.Хүрэлбаатарын автор бүхий Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж байгаа талаараа УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзалт хийснээр тун удалгүй уг хуулийн төсөл батлагдахгүй хойшлогдох нь бараг л тодорхой болсон. Улмаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн Засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай УИХ-ын гишүүн Х.Баттулга “хонь чонь” болсон. Угийн харилцаа, хандлага нь тааруухан тэдний харилцаа 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь дайран дээр давсан нэмж орхисон. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй хойшлуулсан нь гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх тухай уг хуулийн төсөлд тусгасан гэх цуурхал байсан. Сайд асан Ч.Хүрэлбаатар "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулах талаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд нэг ч үг өгүүлбэр байхгүй. Харин ч 2013 онд баталсан хуульд “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах" гэсэн заалтаас “ЭЗЭМШҮҮЛЭХ” гэдэг үгийг хасч засч, залруулах оролдлого хийж байгаа талаараа “амаа хаттал” яриад ч тусыг эс олсон. Тэгвэл 126 гишүүнээс бүрдсэн энэ удаагийн парламентаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэр зүс, агуулгыг өөрчилж Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй УИХ-ын гишүүд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулах, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, босго, Тогтворжуулалтын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг бодлогын судалгаатай холбоотой асуудал маргааныг дээрх зөвлөл хянан хэлэлцдэг байх, Гадаадын хөрөнгө оруулагчдад тавих босгыг эдийн засгийн салбараас нь хамааран ялгаатай байх зэрэг чухал зүйл заалтууд тусгасан гэдгээрээ онцлог гэдгийг хууль санаачилагчид тодотгож байгаа. Ямартай ч удаа дараа чихэн дээрээ цэцэг ургуулсан хөрөнгө оруулагчидад гоё сайхан зүйл заалтын талаар ярихаас илүүтэй бодитой хэрэгжсэн хөрс суурь хэрэгтэй гэдгийг хууль тогтоогчид мэдэж байгаа л гэж найдахаас даа.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ ТӨРИЙН ДАРАМТАААС ИРГЭД, ААН-ИЙГ ХАМГААЛЖ ЧАДАХ УУ?
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж ажиллаж байгаа. Тиймээс татварын өөрчлөлттэй холбоотойгоор ААН-үүд, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэд хэдэн удаагийн хэлэлцүүлгийг Төрийн ордон дотор ч, гадна ч зохион байгуулсан. Хамгийн гол нь ААН-үүдийн хүсэн хүлээж байгаа татварын хувь хэмжээг бууруулах асуудал уг хуулийн өөрчлөлтөд тусгагдаж чадах эсэх нь олны анхаарлын төвд бий.
УИХ, Засгийн газрын зүгээс татварын хувь хэмжээгээ нийтээр нь бууруулах нь зөв юм уу, эсвэл харилцан ялгаатай байдлаар буюу аль нэг төрлийн бараа бүтээгдэхүүн дээр татварын хувь хэмжээг бууруулах нь зөв үү гэх мэтээр асуудлыг олон талаас нь ярилцаж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Угтаа 3 их наяд төгрөгийн орлоготой аж ахуйн нэгж, 300 сая төгрөгийн орлоготой ААН-үүд ижил хувь хэмжээгээр татвар төлөх нь зүйд нийцэж байгаа эсэх, илүү олж байгаа нь илүү төлдөг зарчим баримтлах уу зэрэг асуудал Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд яригдах юм.
Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийт 110 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс уг хуулийн төсөлд тусгах санал авчээ. Монгол Улсад 1990 оноос татварын тогтолцоо бүрдсэн. Үүнээс хойш нийт 4 удаа татварын багц хуульд өөрчлөлт оруулж байна. НӨАТ-ын буцаан олголтын системийг 2020 онд шинээр бий болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд хялбар байдлаар бүртгүүлэх, буцаалтаа авах зэрэг харьцангуй дэвшилтэт системтэй болсон юм. Гэсэн ч засах, шинэчлэх асуудал байсаар байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-ын хувь хэмжээг багасгах санал хамгийн их иржээ. Зарим компани, хувь хүн НӨАТ-ын баримт өгдөггүй. Ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид НӨАТ-аа хасуулан, төлбөр төлөхийг санал болгодог. НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээ борлуулагч олон байдаг. Татварын алба татвар төлдөггүй, зайлсхийдэг этгээдийг биш татвараа төлдөг, суутган төлөгчийг шалгаж дарамталдаг зэрэг зөрчил, дарамт байсаар байна.НӨАТ 1948 онд Дэлхийд бий болсон бол Монгол Улс 1998 оноос худалдааны татвар нэрээр НӨАТ авч эхэлжээ.
Одоо Дэлхийн 175 улс НӨАТ авдаг. Манай улс сугалаа, буцаан олголтын зарчмаар татварынхаа 5.3 хувийг буцаан олгож байна.
62 төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлдөг. НӨАТ-аас чөлөөлөх тухай бие даасан 40 хууль бүртгэлтэй байгаагаас 27-гийнх нь үйлчлэх хугацаа дууссан бол 13 нь хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй. Энэ хуулиар татварын хялбаршуулсан тогтолцоо нэвтрүүлэх, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох, Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах хугацааг тодорхой болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах зэрэг өөрчлөлт хийсэн. Гэсэн ч уг хуулийн зарим зохицуулалт нь татвар төлөгчдөд таатай бус, үр дүн авчрахгүй байна.
Монгол Улс одоо иргэдийн орлогоос 10 хувийн татвар авдаг. Уг хуулийн хүрээнд нийт 12 хөнгөлөлт, 9 чөлөөлөлт эдлүүлж байна. ХХОАТ-тай холбоотой хамгийн гол асуудал нь хувиараа бизнес эрхлэгчдэд яаж татвар ногдуулах, яаж тайлагнуулах вэ гэдэгт байдаг. Иймд энэ удаа бүх нийтээрээ татвар төлдөг, тайлагнадаг тогтолцоонд эдийн засгийн хөшүүргийн аргаар шилжүүлэх гэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан, нэгдүгээр сарын 29-ний байдлаар 36 мянган иргэн, 52 мянган аж ахуйн нэгжээс 120 гаруй мянган санал иржээ. Тэдний олонх нь ХХОАТ-ын хэмжээг бууруулахыг хүссэн байна. Сангийн яам татвар ногдох орлогод хамаардаггүй орлогын шинэ эх үүсвэрүүдийг судлах, татвар төлдөггүй, зайлсхийдэг иргэдийг хамруулахад анхаарч буй аж. Татварын байгууллагад 2.505.854 татвар төлөгч бүртгэлтэй. Монгол Улсын иргэн 2.464.854, гадаад иргэн 41.000 байна.
Татвар төлөгчийн тоо 2014-2019 онд 126.6 хувь, 2019-2023 онд 19.2 хувь, 2023-2024 онд 8.6 хувиар өссөн байна.
Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлдэг аргачлал хуучирсан. Үндсэндээ татварын орлого дээр суурилсан аргачлалаар тооцдог. Тиймээс нэн тэргүүнд төсвийн орлогоо бүрдүүлдэг аргачлалаа өөрчилж, түүн дээр тулгуурлан татварын бодлогоо өөрчлөх асуудлыг ярих нь зүйтэй гэдэг санал санаачилга ч өрнөж байна.
ОРЛОГОО БАТАЛЖ ЧАДААГҮЙ НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХӨРӨНГИЙГ ТӨР ХУРААНА
Хаврын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан дараагийн хууль бол Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл юм. Монгол Улс нийтийн албан тушаалтнуудынхаа хууль бус хөрөнгийг хурааж авах хуультай болохыг зорьж байна. Олон нийтийн анхаарал татаж буй энэ хуулийн төслийг дагалдан 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. УИХ Авлигын багц хуулийн төсөл хэлэлцэнэ. Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогын эх үүсвэрээс давсан, түүний шууд болон шууд бус өмчлөл, эзэмшилд байгаа, эрхэлж байсан болон эрхэлж байгаа албан тушаалын эрх нөлөөгөөр бий болсон, хууль ёсны эх үүсвэр нь тодорхойгүй, эсхүл хууль бус аргаар олж авсан эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг хурааж авах, нөхөн төлүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ. Үүнийг батлан мөрдүүлснээр нийтийн албанд бугшсан авлигыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Хууль зүйн сайд О.Алтангэрэл үзэж байгаагаа хэлсэн.
Хууль бус хөрөнгийг шалгах үндэслэлийг энэ хуулиар тогтоож, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагаа хэрэгжүүлнэ.
Нийтийн албан тушаалтан холбогдсон, гэмт хэргийн улмаас бий болсон, энэ хуульд заасан хууль бус хөрөнгө шалгах ажиллагаа явуулах үндэслэл байгаа тохиолдолд энэ хууль үйлчилнэ. Мөн Авлигын эсрэг хуулийн 7.1.7, 7.1.8-д заасныг зөрчиж олсон хөрөнгө, орлогыг хураахад уг хуулийг баримтална. Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо давсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй, тайлбар нь нотлогдохгүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх юм. Мөн Гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх тогтоогоогүй гэдэг нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нийтийн албан тушаалтны холбогдсон гэмт хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураагаагүй бол нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг явуулах үндэслэл болох юм байна. Энэ хуулийн бас нэг чухал заалт нь тухайн албан тушаалтан байгаа эсэхээс үл хамааран, хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааг явуулна. Тэр хүн нас барсан, албан тушаалаасаа буусан байсан ч алдсан хөрөнгөө улс буцааж авна гэсэн үг хэмээн тодотгосон. Насаараа төрийн байгууллагад ажилласан түүхтэй ч хэдэн үеэрээ идээд барахгүй хур их хөрөнгө хураасан хүмүүс олон бий. Угтаа олсон орлогоо хууль ёсных гэж баталж чадахгүй бол хөрөнгө нь төрийнх болох хувь заяа тэднийг хүлээх нь… Мөнгө мөртэй гэдэг дээ.
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ТОГЛОГЧДОД ГИШГЭХ ГАЗАР ҮЛДЭЭХГҮЙ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн хохирогч болж, их хэмжээний мөнгөө алдаж байна. 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт монголчууд 417.2 тэрбум төгрөгөөр хохирчээ. 8-29 насныхан хохирогчдын 9.2 хувийг, 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна. Монгол Улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.долллар гадаад улс руу шилжсэн бол 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна.
Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягт Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлажээ.
Гэвч тус саит холбоосоо сольж, VPN ашиглан, монголчуудыг луйвардсаар байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлсэн. Зөрчлийн хуулиар уг саитыг 13.5 сая төгрөгөөр торгосон ч тэр нь уг саитад шийтгэл болж чадахгүй байна. Монгол Улсад өнөөдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд ийм арга хэмжээ авчээ. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг дэмждэг агентуудыг сурталчилж, зохион байгуулж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох гэж байна. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлэх юм. Уг хууль багтлагдан, хэрэгжиж эхэлмэгц “AppStore” болон “Мета” компани руу хүсэлт илгээж, Монгол Улсын нутаг дэвсгэрээс цахим мөрийтэй тоглоомын аппликэйшн татах боломжгүй болгох юм. Үүгээр спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, бусад үйл ажиллагааг хориглохоор уг хуулийн төсөлд тусгажээ. Мөн цахим мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлсэн, өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс, гар утасны дугаар, цахим хаягаа ашиглуулсан, цахим мөнгө худалдах, худалдан авах бирж байгуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангална.
Хүлээлгэх хариуцлагыг нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна. Цахим мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом сурталчлахыг хориглохын тулд Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн мөрийтэй тоглоом тоглосон этгээдийг 100 мянган төгрөгөөр торгодог. Энэ нь шийтгэл болохгүй байгаа тул торгуулийн хэмжээг нэмэх, шийтгэлийг чангатгах шаардлага үүсчээ. Үүнийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх юм байна. Эцэст нь цахимаар мөрийд тавьсан мөнгийг шилжүүлэхгүй байх шаардлагатай ч Монгол Улсад одоогоор хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хууль хяналтын байгууллагынхан хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байх шаардлагатай байгаа аж. Үүний тулд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдийн мөнгөн шилжүүлгийг цагдаагийн байгууллага хянах, шилжүүлгийг таслан зогсоох боломж бүрдүүлэхээр зорьж байгаа аж.
Д. Пүрэвсүрэн 21 минутын өмнө 146.70.231.18
Казиногийн тухай хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх үү?
иргэн 3 цагийн өмнө 192.82.66.11
ТӨРИЙН АУДИТ НЭРТЭЙ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ГАЗАР БАЙСААР Л БАЙХ ЮМ ХААВАЛ ТААРНА.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.184.236
Болормааг нөгөө танхайчууд улстөрийн зорилогоор барьцаж өөлж байгаа. Түүнийг эгүүлэн татахуйц ялт хэрэг байхгүй. Сайн ч муу ч бай, Улсын Ерөнхий сайд иргэнээ нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга доромжилж хор шараа тайлж байгаа балмадуууд хэн болохоо л түмэн олонд баталсаар
Нэргүй 5 цагийн өмнө 59.153.112.103
ANUSDI XUCHINDUULI80955877
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.184.70
Женкогийн төрийн өндөр тушаалын алба хааж байхдаа хуулиас гадуур цавчиж хураасан их хөрөнгийг хурааж чадах уу ?!
Хүүк,Даанк хоёр Женкийн суганы үс болцроод байгаа юм чинь яаж чадахав дээ !Харж л байя даа.
Оросууд хэрэгцээгээ дуусахаар агентууд аа буудан устга даг л даа, монгол төр Баттулгыг амьдад нь дийлэхгүй бол тэр цагийг л хүлээж дээ !
Иргэн 7 цагийн өмнө 66.181.180.229
УИХ ын гишүүн Э.Болормаа ийм булхайтай гарч байдаг. ҮАГ сонгуульд аудит хийсэн гэсэн, ийм булхайтай юмыг илрүүлж чадахгүй байгаа нь Төрийн аудитын нэр хүндийг шороотой хутгаж байна ёстой гутамшиг юмаа. Тэр аудит хийсэн аудитор, Санхүүгийн аудитын газрын дарга НАРАНЧИМЭГ нар хариуцлага тооцож, ажлаас нь халах хэрэгтэйдээ? Тэрийг нүдээ аниад хийсэн болж байна уу. ҮАГ ЫН АУДИТОРУУД гэж нэг биеэ тоосон Төрийн нэрийг барьсан арын хаалгаар орсон чадваргүй залуучууд болсон байна лээдээ гамшиг???