Сөүл хотын Боловсролын албанаас зарим бүс нутгийн сургуулиудын цайны газарт робот ажиллуулах шаардлага тавьж байна. Гэсэн хэдий ч үүнийг цайны газрын ажилчид эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тодруулбал, сургуулийн цайны газар, гал тогоонд робот ажиллуулснаар ажилтнуудыг хөдөлмөрийн аюултай нөхцөлөөс хамгаалж чадна гэж боловсролын албанаас үзэж буй. Харин ажилчдын хувьд энэ нь үндсэн шийдэл биш гэж маргаж байна. Солонгосын Төрийн үйлчилгээ, тээврийн ажилчдын холбооноос (KPTU) Ням гаригт /2025.03.09/ мэдээлснээр, Сөүл, Кёнги, Инчон, Ганвон, Пусан, Дэгү, Чежү арал зэрэг хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн цайны газарт хоол хийх зориулалттай робот ажиллуулахаар хэлэлцэж байна.
Тэр дундаа Кёнги мужид туршилтаар "Кёнги маягийн хоол хийх робот"-ыг ажиллуулж, хайруулын таваг дээр хуурах, шөл буцалгахад тусалж эхэлжээ.
Энэ нь ажилтнууд хоолны орц найрлагыг нь шалгаж, угааж, хэрчиж, амталдаг бол робот хоол хийх бусад үйл явцыг зохицуулдаг гэсэн үг.
Тус мужийн боловсролын албаны мэдээлснээр, "Цайны газрын ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, ажлын байран дахь гэмтэл бэртлийн эрсдэлийг бууруулах зорилгоор хоол хийх роботыг нэвтрүүлж байна" гэсэн юм. Жишээлбэл, цайны газрын ажилтнууд хайруулын тос, шөлөнд буцалгах зориулалттай халуун тостой харьцахдаа бэртэх эрсдэл өндөр байдаг бол робот нь эдгээр түлэгдэх аюултай ажлыг хариуцаж, аюулыг багасгах юм. Түүнчлэн, бодит байдал дээр сургуулийн цайны газар, гал тогоонд ажлын нөхцөл тааруу, хүч шаарддаг тул олон сургууль сурагчдын хоолыг бэлтгэх ажилтан авахдаа эргэлзэж байна.
Сөүлийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжих хүрээлэнгийн тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Сөүл хотын сургууль, боловсролын байгууллагуудад бүртгэгдсэн 232 ажлын байран дээрх гэмтлийн 62.5 хувь нь буюу 145 тохиолдол цайны газар, гал тогоонд гарчээ.
Эдгээр мэдээллийг үл харгалзан "KPTU" хоол хийх роботууд дорвитой тусламж үзүүлэхгүй гэж үзэж байна. Робот нь хоол хийх үйл явцыг бүрэн хариуцаж чаддаггүй учир цайны газрын ажилчид үргэлж хяналт тавьж, оролцох шаардлага гарна. Ингэснээр ажилчдын ажлын ачаалал болон ажлын байран дахь гэмтэл бэртэл авах эрсдэл төдийлөн буурахгүй гэж "KPTU" үзэж байна. Цаашилбал, сургууль бүрийн цайны газрын зохион байгуулалт, бүтэц, нөхцөл нь харилцан адилгүй байдаг тул хязгаарлагдмал нөхцөлд туршилтаас тулгуурлан бүрэн хэмжээний автоматжуулалт хийх боломжтой эсэхийг тодорхойлоход хэцүү гэж мэдэгджээ.
Тус эвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Сөүлийн нэгэн бага сургуульд хоол хийх роботыг нэвтрүүлсэн. Гэвч тухайн робот хангалттай хэмжээний ус татаж авч чадаагүй эсвэл програмчлагдсан жортой холбоотой зэрэг хэд хэдэн асуудал гарсан. Тиймээс хоол хийх роботыг нэвтрүүлэхэд яарах хэрэггүй" гэж мэдэгдсэн.
Мөн үйлдвэрчний эвлэлээс хоол хийх роботуудын аюулгүй байдлын стандарт зохицуулалт хараахан тогтоогдоогүй байгаа нь ажлын байранд саад учруулж болзошгүй гэж үзэж байна. Үүний оронд цайны газрын ажилчдыг ажлын байран дахь гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэхийн тулд илүү суурь арга хэмжээ авахыг уриалж байна. Тухайлбал, давчуу орчинд гал тогооны ажилчид уушгины хорт хавдар тусах тохиолдол нэмэгдэж байгаа тул агааржуулалтын системийг сайжруулах, нэг ажилтанд ногдох сурагчийн хоолны тоог багасгах зэрэг аргийг санал болгож байна.
Холбоотой мэдээ