ОБЕГ: Ой хээрийн түмрийн 43.1 хувь нь шалтгаан тогтоогдоогүй

ОБЕГ: Ой хээрийн түмрийн 43.1 хувь нь шалтгаан тогтоогдоогүй

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
ОБЕГ: Ой хээрийн түмрийн 43.1 хувь нь шалтгаан тогтоогдоогүй

ОБЕГ-аас ой, хээрийн түймэртэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи, шуургатай  өдрүүд үргэлжилж байна. Өчигдөр /2025.03.09/ гэхэд зүүн гурван аймаг дээр Архангай аймгийг хамарсан ой хээрийн түймрийн хэд хэдэн дуудлагын дагуу ОБЕГ болон холбогдох байгууллагууд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү онцлов.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: 

-2025 оны гуравдугаар сарын 9-ны өдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай  аймагт нийт 11 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Он гарсаар гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 14 удаа ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн. Дээрх 11 түймрийн мэдээллийг танилцуулахад Архангай аймгийн Хайрхан суманд бүртгэгдсэн нэг түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, орон нутгийн нийт 375 хүн, 60 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт суманд нийт 10 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Арцат суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллага, хил хамгаалах байгууллагынхан ажиллаж байна. Дээрх түймрийг унтраахад цаг агаарын таагүй нөхцөл байдал нөлөөлж байна. Өчигдөр нийт нутгаар тэр дундаа зүүн аймгуудад гарсан түймрийн голомт богино хугацаанд их хэмжээний газар хамарсан нь салхи, шуурга их байсантай холбоотой байна. Газар дээрээ 6-18 м/сек хүрсэн. Одоогоор хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна. Бусад түймрийг бүгдийг нь унтраасан. Архангай аймгийн Хайрхан сум, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Зүүн аймгуудад хуурайшилт эрт эхлэх нөхцөл байдлыг үндэслэж албан даалгавар хүргүүлж онцгой байдлын байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч түймэр гарах асуудал тасрахгүй байна. Иргэд галын аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Өчигдрийн түймрүүд гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар хээрийн 71,495 га талбай, 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. Өчигдөр буюу 9-ний өдөр гарсан 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар дөрөв буюу 28.5 хувь нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, хоёр буюу 14.2 хувь нь гэрийн яндангаас, хоёр буюу 14.2 хувь нь ил галаас үүсвэрлэн гарсан бол зургаа буюу 43.1 хувь нь шалтгаан тогтоогдоогүй байгаа юм.

Гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн нийт 820 хүн, 149 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэлээ. Унтраахаар ажиллаж буй түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдын нутагт 22 хашаа саравч, 16 монгол гэр, хоёр автомашин, тодорхой тооны мал хоргодсон байна. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хэдий ч иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймрийн тоо, хохирол буурахгүй байна. Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ой хээрийн түймрийн бүсэд эрсдэл өндөр байгаа учраас гал түймрийн аюулаас хаа хаанаа анхаарал болгоомжтой, хариуцлагатай байхыг уриалж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Монгол орны мөсний зузаан өмнөх жилүүдээс 5-10 см нимгэн байгаа. Өөрөөр хэлбэл, хүн мал амьтан явах, тээвэрлэхэд эрсдэх эрсдэл өндөр байгаа. Хамгийн сүүлд, уржигдар Хөвсгөл аймагт хоёр иргэн нуурын мөсөнд цөмөрч харамсалтайгаар амь эрсэдсэн тохиолдол гарсан. Иймд нуурын мөсөн дээгүүр тээвэрлэлт хийхгүй байх, цаг хэмнэх, зам товчлохоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж