NBA-д 12 намар, 12 хаврыг үдсэн авьяастай, авиртай, эзэрхэг Демаркус Казинс өөрийн ур чадварыг монголчуудад гайхуулахаар ирээд буй. Өдгөө 34 настай түүний хувьд 2023 онд Тайванийн T1 лигийн Леопардс багтай гэрээ байгуулсан бөгөөд финалын цувралд 25.3 оноо, 14.8 самбар дунджилж, багтаа анхны аваргыг нь авчирч өгсөн. Энэ амжилт нь Казинсын талбай дээрх үр нөлөө, будагтай талбайн эзэрхэг тоглолт одоо ч дундраагүй гэдгийг илтгэж байгаа гэлтэй.
Тайванийн лигт тоглох гэрээ нь дууссаны дараа Казинс дээд лигийн Сэлэнгэ Бодонс багтай гэрээ байгуулан талын Монголд хөл тавьсан. Тэрбээр тус багтай гэрээнийхээ хүрээнд зөвхөн плей-оффын тоглолтуудад оролцох аж. Гэрээ нь ердөө нэг сарын хугацаанд үргэлжлэх сурагтай. Казинсын туршлага, ур чадвар багаа хэрхэн аваргын цомд хөтлөх, шийдвэрүүд нь ямар үр дүнд хүрэхийг харуулах чухал үе ирээд байна.
Казинс ирэхээс өмнө Бодонсын хувьд Ахмад болон Силла хоёрын нэгийг хасах шаардлага гарав. Тэдний нэгийг үлдээж, нөгөөхийг нь хасах шийдвэр багийн удирдлагуудыг хэцүү байдалд оруулсан. Эцэст нь Силлаг нутаг буцааж, Ахмадыг үлдээхээр шийдсэн билээ. Тус шийдвэр зөв байсан эсэхийг ирэх плей-оффын тоглолтууд харуулах биз ээ.
Сэлэнгэ Бодонс болон Казинсын эхний сорилт нь BCH Найтс баг байх болно. Улирлын үнэ цэнтэй тоглогчийн шагнал авах эсэх нь удахгүй тодорхой болох О.Эрдэнэцогтоор ахлуулсан BCH Найтс баг Казинсыг хэрхэн хамгаалах, хязгаарлах талаар тактик боловсруулсан нь лавтай. Мэдээж Казинстай халз тулах хамгийн эхний хүн нь Лэнс Томас. 2.06 метр өндөртэй, 96 кг жинтэй тэрбээр энэ улирлын дундуур BCH Найтс багтай нэгдсэн. Түүнчлэн дээд лигийн аварга, тэгш тоглогч Пендарвис Уиллиамс байгааг мартаж болохгүй.
Бодонсоос Казинст хэн, хэрхэн туслах вэ гэдэг анхаарал татаж байна.
Дээрх хоёр багийн тоглолт өнөөдөр/2025.03.10/ 20:40 цагаас UG аренад эхлэх бөгөөд тасалбар нь хэдийнэ дууссан гэнэ. Үүнээс харахад Казинсыг үзэх гэсэн Монголын сагсан бөмбөгийн фенүүдийн хүлээлт өндөр байх шиг. Лигийн зүгээс ч тоглолтын тасалбарыг худалдан авах боломжтой хоёр дахь зах зээл буюу шагаар авах платформыг танилцуулсан. Сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс ч лигийг тасалбарын үнээ хөөргөж, Казинсаар далимдуулан ашиг олж байна гэж шүүмжилжээ.
Казинсын дебют тоглолт, тасалбарын үнэ, BCH Найтсын бэлдсэн гэрийн даалгавар гээд олон сонирхолтой зүйлс эдгээр өдрүүдэд өрнөж бана.
Холбоотой мэдээ