Нью Йоркийн Лонг Айландад өнгөрсөн амралтын өдрүүдээр хэд хэдэн байршилд гал гарч, 2.5 км2 талбайг хамраад байна. Тодруулбал, дөрвөн тусдаа ойн түймэр Бямба гаригийн үдээс хойшоос эхлэн гарсан нь асар хурдтай тархжээ. Гал түймэр байгалийн гаралтай юу, хүний буруутай үйлдлээс болсон уу гэдгийг хэлэхэд эрт байна гэж албаныхан мэдэгдэв. Ням гаригийн байдлаар Лонг Айландад салхины хурд 48-56 км/цаг хүртэл ширүүсчээ.
Гал түймэр байгалийн дархан цаазат газрыг хамарсан. Өөрөөр хэлбэл, түймрийн замд оршин суугчид байгаагүй ч хоёр гал сөнөөгч бэртэж, хоёр барилга шатсан байна. Мөн иргэний суурин газар хэдхэн км зайд ойрхон байгаа нь санаа зовоож байна.
Гал сөнөөгчид шөнөжин ажилласны эцэст Ням гаригийн өглөө гэхэд галын дөрөвний нэгийг даржээ. Мөн өглөөний 06:00 цагаас хойш түймрийн хэмжээ нэмэгдээгүй гэв. Гэхдээ салхи хүчтэй салхилсаар байгаа тул дахин гал гарч болзошгүй байна.
Албаныхны мэдээлснээр Нью-Йорк мужид жил бүр ой хээрийн түймрээс болж 5.5 км2 талбай шатдаг.
0 сэтгэгдэл