Смушаас Казинс хүртэл: Монголд тоглож байсан NBA-н тамирчид

Смушаас Казинс хүртэл: Монголд тоглож байсан NBA-н тамирчид

Смушаас Казинс хүртэл: Монголд тоглож байсан NBA-н тамирчид

Монголын сагсан бөмбөгийн дээд лиг хэзээнээсээ NBA-ийн тамирчдыг татдаг, гэрээ байгуулдаг байсан түүх бий. Гэхдээ Демаркус Казинс шиг супер одыг авчирч байсан түүх үгүй. Цагтаа NBA-ийн муу залуусын нэгт тооцогдож, одоогийн Никола Йокичийн үзүүлдэг байсан тоглолтыг тухайн үедээ гаргадаг байв. Харамсалтай нь бэртэл гэмтлийн улмаас потенциальдаа хүрч чадаагүй. Гэхдээ л түүний нэр алдар, хийсэн бүхэн одоог хүртэл яригдаж байна. Энэ удаад бид та бүхэндээ Монголын дээд лиг болон NBA-д тоглож байсан онцлох тамирчдыг танилцуулъя.


  • ЧУ МАДУАБУМ

2014 онд Хасын Хүлэгүүд баг арван жилийн ой дээрээ аварга болоход тэдний будагтай талбайг Чу Мадуабум гэх сэгсгэр үстэй, үлэмж биетэй залуу "манаж" байв. 2.06 метр өндөртэй түүний хувьд 2011 оны NBA-ийн драфтын хоёрдугаар тойргийн 56 дахь сонголтоор Лэйкерст сонгогдож, тухайн өдрөө Денвер Наггетс руу солигдсон түүхтэй. Хамгийн сонирхолтой нь тэрбээр Монголын дээд лигт тоглож байхдаа ч NBA-д данстай байлаа. 2012 онд Чу NBA-ийн хөгжлийн лигт тоглож, 2016 он хүртэл багуудаар хэссэн. Гэхдээ талбайд гарч байсангүй. Түүний драфтын эрхийг багууд солилцооны хавчуурга болгож, бие биедээ шилжүүлж байсан гэхэд хилсдэхгүй.

Түүнийг Денвер Наггетсын скаутууд Сөрж Ибакатай адилтгаж байв.

Чу 2011 оноос 2016 он хүртэл Лэйкерс, Наггетс, Филадельфиа 76, Рокетс, Кавальерс зэрэг багууд руу солигджээ. Харамсалтай нь тэд хэзээ ч Чуг үндсэн бүрэлдэхүүндээ дуудаж ашиглаж байсангүй. Энэ хугацаандаа тэрбээр Монголын лигийн Хасын Хүлэгүүд болон Гэгээн Хангай Лидер багуудад тоглож, аварга, шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг хүртэж байсан түүхтэй. NBA-д данстай ч Монголын лигт тоглож түүний талаарх мэдээлэл 2014 онд олон хүний анхаарлыг татаж байлаа.

  • СМУШ ПАРКЕР

2015 онд дээд лигт олныг гайхшруулсан нэгэн мэдээ гарсан нь Лэйкерсийн гарааны холбон тоглогч асан, Коби Брайантын багийн анд Смуш Паркер Мадимос Шонхорууд багт ирж байгаа гэв. Хэдий бүх одод эсвэл аварга болоогүй ч гэсэн Лэйкерсийн гараанд 2005-2007 оны хооронд хоёр улирал дараалан гарч, Коби Брайанттай хамт тоглож байсан түүнийг харах хүсэлтэй хүмүүс олон байлаа. NBA-д 11 оноо дунджилж байсан Смуш Монголын лигт ч муугүй тоглосон. Харамсалтай нь Шонхоруудад Т.Санчир яг ид эрин дээрээ байсан тул Смуштай үл ойлголцох асуудлууд бишгүй байсан гэдэг.

Смуш Паркер ч сонинд өгсөн ярилцлагадаа "Би Кобигоос саллаа гэж баярласан ч Монголд ирээд Монголын Кобитой нэг багт орчихлоо" гэж байв.

Коби Брайант ч Смуш Паркерыг муу холбон тоглогч, тааруу багийн хамтрагч, NBA-д байх ёсгүй гэх мэтээр хэвлэлээр муулж байлаа. 34 насандаа Монголд ирсэн Смуш Паркер тухайн жилдээ 20 оноо дунджилж, хүлээлтэд хүрсэн амжилтыг гаргаж чадалгүй Тунисийг зорьж байв.

  • КАРЛДЕЛЛ ЖОНСОН

2014 онд өөр нэгэн NBA-ийн тамирчин Монголд ирсэн нь Карлделл Жонсон байлаа. Хаа ч явсан Нью Орлеанс Хорнетсын хослолоо өмсдөг байсан түүнийг сагсан бөмбөг сонирхогчид сайн санаж байгаа биз. Түүний хувьд тухайн үеийн дээд лигийн Дорноговь Valvoline Бүргэдүүд багт ирж байв.

Түүний хувьд 2006 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч багт сонгогдож чадаагүй. Гэхдээ Европ болон Хөгжлийн лигт сайн тоглож, Нью Орлеанс Хорнетс багтай гэрээ байгуулж, лигийн дебютээ хийсэн. Мөн Атланта Хавкс багийн бүрэлдэхүүнд нэг сар байсан гэх намтартай.

  • АНДРЕ БРАУН

2014, 2015 онуудад Монголын лиг NBA-ийн тамирчдаас даллага авсан үе гэхэд хилсдэхгүй. Тэдний үргэлжлэл бол Андре Браун. 2004 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй өсвөр үедээ од байсан тэрбээр 2007 онд Сиэтл Суперсоникс багт арван өдрийн гэрээгээр нэгдэж, NBA-ийн замналаа эхлүүлсэн. Гэхдээ удаан, аз жаргалтай үргэлжлээгүй. Олон баг дамжсан.

Суперсониксоос явж, Мемфис, Шарлотт багуудад тоглож, 2014-2015 оны улиралд Дундговь Харцагууд багт нэгдсэн билээ. Монголын лигт ч давгүй тоглож, бүх оддын тоглолтод үзэгчдийг баясгаж байсан явдал бий.

  • ДАЙМОНД СТӨҮН

Завхан Бродерс баг 2022 онд Даймонд Стөүнийг нэгтгэсэн нь тухайн үедээ шуугиан тарьсан. 2016 оны NBA-ийн драфтын 40 дэх сонголтоор Лос Анжелес Клипперс багт сонгогдож байсан  тэрбээр NBA-д долоон тоглолтод оролцсон аж. "2k" видео тоглоомон дээр дүрээ мөнхөлж, NBA-ийн хөгжлийн аварга болж байсан Стөүн Монголын лигт гайхалтай тоглосон. Эхний улиралдаа бараг тоглолт бүрт л 40, 50 оноо авч, Бродерсыг лигийн шилдэг болгож байв. Харамсалтай нь мөн л хүлээсэн амжилтад хүрээгүй. Энэ жил ч эргэн ирсэн боловч плей-оффын өмнө багаа орхижээ.  

Завхан Бродерс энэ улирлын эхэнд Орландо Жонсон гэж NBA-ийн Индиана Пэйсерс, Сакраменто Кингс, Финикс Санс, Нью Орлеанс зэрэг багуудад тоглож байсан тамирчныг багтаа нэгтгэсэн ч өнөөх нь бэртэл гэмтлийн улмаас тааруу тоглож, нутаг буцсан билээ.

  • ДЕМАРКУС КАЗИНС

Өдгөө 34 настай Казинс Сэлэнгэ Бодонс багтай энэ улирлыг дуустал гэрээ байгуулсан. Өнөөдөр/2025.03.10/ BCH Найтс багийн эсрэг дебют тоглолтоо хийнэ. Демаркус Казинсын хувьд 2018 онд ахиллын шөрмөсөө тасалж, түүнээс хойш хэзээ ч хуучин тоглож чадаагүй. Угтаа 2017-2018 оны улиралд NBA-д Казинс шиг төвийн тоглогч байгаагүй билээ. Одоогийн Йокич шиг тоглолт бүрт л трипл-дабл хийх нь холгүй, 40 оноог зовох зүйлгүй авдаг байв. Гэвч бэртлийн улмаас гайхалтай замнал нь удаан үргэлжлээгүй. Сүүлд Голден Стэйт Уорриорс, Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Денвер Наггетс багуудад нэгдэж, аваргын төлөө өрсөлдсөн ч дутуудсан. Улмаар Азийг зорьж, Тайванийн Т1 лигт тоглосон түүхтэй.

Учраа олж, аваргын төлөө өрсөлдөж буй Бодонс дээр Казинс ирнэ гэдэг тэднийг улам хүчирхэг болголоо. Казинсыг хамгаална гэдэг бусад багууд толгойны өвчин байх нь гарцаагүй. Гагцхүү Бодонс, Казинс хоёр хэр тохирох вэ гэдэг асуулт сонирхол татаж байна. Казинс өнгөрсөн жил Тайванийн лигт түрүүлж, хамаг шагналыг нь хуу хамсан айхтар үзүүлэлттэй Монголын лигт ирж байна.

Гэрэл зургийг Сэлэнгэ Бодонс
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж