Сирийн түр засгийн газар болон оргон зайлсан ерөнхийлөгч Башар Аль-Ассадын дэмжигчдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарч, 550 гаруй хүн амь насаараа хохирчээ. Ассадын дэглэм нуран унаснаас гурван сарын дараа, Лхагва гаригт /2025.03.05/ Сирийн баруун хойд хэсгийн Латакиад уг мөргөлдөөн гарснаасаа хойш одоог хүртэл үргэлжилж байна. Сирийн хүний эрхийн ажиглагч байгууллагын мэдэгдсэнээр, гудамж талбай болон эмнэлгийн ойр орчимд мөргөлдөөн улам ширүүсч байгаа аж.
Мөн хохирогчдын ихэнхи нь Исламын шашны цөөнх, хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд тухайн шашны цөөнх бүлэг Ассадын дэглэмийг дэмждэг байв.
Түр засгийн газрын зүгээс Латакиад болж буй мөргөлдөөнийг газар авхуулахгүйн үүднээс хотыг бүсэлсэн бөгөөд 200 гаруй цэргээ алджээ. Тус улсын төрийн өмчит мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Батлан хамгаалах яам Латакиа руу нэвтрэх бүх замыг энх тайван тогтох хүртэл хаахыг тушаасан байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Сирийн түр засгийн газар бүс нутаг дахь шашны цөөнх, иргэдийг эвтэй байхыг уриалж, арга хэмжээ авч, үндэстнийг бэхжүүлэх хүчин чармайлт гаргасан. Гэвч Сирийн хойд хэсэгт Курдын цэргүүд болон бусад бүлэглэлийн хооронд тулалдаан үргэлжилж байгаа тул тус улсад тогтвортой байдал сэргэх эсэх нь тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ