Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх соёлын дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг музейн нээлттэй өдрүүд энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ. Үүд хаалга нь үзэгчдэд үргэлж нээлттэй байдаг нийслэлийн олон музей энэ өдрүүдэд бусад сараас их ачаалал авдаг.
Энэ жилийн тухайд эзэн гүүрний түүхийн төв болсон "Чингис хаан" музейн үзмэрийг үзэж сонирхох иргэд бусад музейн үзэгчдээс их бөгөөд урт дараалал үүсгэжээ.
Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болдын бүтээсэн Их эзэн Чингис хааны алтан хөшөөтэй хүндэтгэлийн танхимыг нээгээд удаагүй байгаа тус музей нээсэн цагаасаа гадаад төдийгүй дотоодын иргэдийн анхаарлаас үл гарч байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл бид монголчуудын уламжлалт цагаан сартай залган үргэлжилж буй баярын өдрүүдэд тус музей хэр их үзэгчтэй байгаа, хүмүүс түүх соёлын дурсгалт өвтэйгөө танилцаж, сонирхохоор хэр их зорин ирж байгаа талаар сурвалжиллаа.
"0-16 НАСНЫХАН БҮХ ӨДӨР МУЗЕЙ ҮНЭГҮЙ ҮЗЭХ ЭРХТЭЙГ ИРГЭД МЭДЭХГҮЙГЭЭС ДАРААЛАЛ ИХЭСДЭГ"
Хүүхдүүдийн нэгнээ давах гэсэн чанга, чанга яриа, инээлдэх дуу, ээж ээ, аав аа энэ дотор юу, юу байгаа вэ, музей гэж юу вэ? гэхчлэн асуулт Чингисийн музейг үзэх дарааллаа хүлээн зогсох хүүхдүүдийн дунд тасралтгүй хөвөрнө. Гадаа оочерлож байгаад үүдээр орж, угтах хэсэгт очвол музей үзэх зөвлөмжийн видеог томчуудаас илүү мөн л хүүхдүүд чих тавин анхаарч сонсох харагдана. Музейн үзэгчдийн ихэнх нь хүүхдүүд харагдах ажээ. Амралтын өдөр болоод ч тэр үү гэр бүлээрээ, өвөө, эмээ, аав, ээжээсээ хөтөлсөн хүүхдүүд шулагнан, нүд нь бүгдийг сониучирхан харна. Хүүхдүүд гэлтгүй томчууд ч уулга алдам тийм бүтээн байгуулалт болсон байна шүү хэмээн настнууд ярилцах нь ч чанга сонстоно.
Зарим хүн цахим хуудаст, музей үзэх гэж гэр бүлээрээ очоод олон цаг гадна нь зогсч, дараалал тасалж оруулаагүй. Хүүхдүүдтэйгээ музей үзэхэд хүндрэлтэй байсан гэх мэт сөрөг сэтгэгдэл бичсэн байсан. Харин музейнхэн нээлттэй өдрүүдэд бүгд амралтгүй ажиллаж байгаа бөгөөд Чингисийн музейд л гэхэд 100 гаруй хүн өдөр бүр ажиллаж байгаа гэлээ.
Музейн угтах ажилтнууд болон тайлбарлагчид, оффисынхон нээлттэй өдрүүдэд нэг нь ч өвдөх, чөлөө авах эрхгүй ажиллаж, зорин ирсэн хүн бүрийг аль болох ажлын цагтаа багтааж оруулахыг хичээж байгаагаа учирлаж байв.
Гэхдээ эхний өдрүүдэд хүмүүс бага насныхан болон сурагч хүүхдүүдээ олноор дагуулж ирэх, анги, сургалтын бүлгээрээ ирснээс оочер харьцангуй их байсныг хэллээ. Мөн энэ нь иргэдийн мэдээлэл муутайгаас болсон бөгөөд ихэнх хүн бүх өдөр 0-16 насныханд бүх музей үнэ төлбөргүй, нээлттэй байлаг гэдгийг мэддэггүйтэй холбоотой гэсэн юм. Тодруулбал, Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчилгээг өдөр бүр үзүүлнэ гэж заажээ. Музейн нээлттэй өдрүүдийн үеэр музейн ачаалал хэт ихэсдэг үед бага насны хүүхдээ музейд дагуулж очих нь нэг талдаа хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй нөгөө талдаа музейн үзмэрүүдийг ч эрсдэлд оруулж болзошгүйг музейн ажилтнууд зөвлөлөө.
Учир нь анги танхимаараа, олуулаа яваа хүүхдүүд бужигнах, дүрсгүйтэх, ах, эгч, дүү нартайгаа тоглож байгаад санамсаргүйгээр музейн үзмэрт хүрч хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг байна.
Тиймээс бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа ирж музейгээ хэдэн ч удаа үзэж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтойг Чингисийн музейнхэн онцлов. Мөн Боловсролын сайдын баталсан журмын дагуу хичээлээс гадуурх цаг буюу практик цаг дээр хичээлийн шугамаар музейд ирж үйлчлүүлэх боломжтойг ч хэлж байлаа.
АЛТАН ХӨШӨӨ, ШҮТЭЭН ИХ ЦАГААН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХЭД ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАРИФААР ҮЙЛЧЛЭНЭ
Зууны хамгийн том соёлын бүтээн байгуулалт хэмээн дотоод, гадаадынхны анхаарлыг ихэд татдаг "Чингис хаан" музейд энэ сар дахин олон улсын, жуулчдын анхаарлын төвд орсон. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярын өдөр Чингис хаан үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан билээ.
Тус танхим нээлттэй өдрүүдийн үнэ төлбөргүй хэсэгт хамаарахгүй бөгөөд бага насныханд 13-ныг дуустал үйлчлэхгүй дотоод заалт гаргажээ.
Тус хүндэтгэлийн өргөөнд орж, алтан хөшөөнд мөргөх хүсэлтэй хүн олон байгаа аж. Түүнээс гадна зорьж дагуулж ирсэн хүүхдүүдтэйгээ хамт үзэх хүсэлтийг музейн тайлбарлагчдад тавьж байгаа аж. Чингис хаан үндэсний музейн Их хааны өргөө дэх эзэн Чингис хааны Алтан хөшөө, Шүтээн их Цагаан туганд хүндэтгэл үзүүлэхэд дараах тусгай үзэсгэлэнгийн тарифаар буюу:
- Хүүхэд 01-16 /Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй /Жич: Музейн ачааллыг харгалзан үзэж музейн нээлттэй өдрүүдээр 0-16 насны хүүхдэд үйлчлэхгүй/
- Ахлах ангийн сурагч 17-18 нас 5000 төгрөг, музейтэй хамт үзвэл 15000 төгрөг
- Оюутан / бакалавр/ 10000төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
- Том хүн 20000 төгрөг, музейтэй хамт үзвэл 45000 төгрөг
- Ахмад настан / 60-аас дээш эр, 55-аас дээш эм/ 10000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
- Гадаадын иргэн 20000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 музейтэй хамт үзвэл 45000 төгрөг
- Гадаад хүүхэд 10000 төгрөг, музейтэй хамт үзвэл 20000 төгрөг
- Гэрэл зураг авах 5000 төгрөг, музей 50000 төгрөг
"ТҮҮХТ ӨВТЭЙ ТАНИЛЦАЖ, ӨӨРИЙН ГАРААР ХЭВЛЭСЭН БҮТЭЭЛЭЭ ӨӨРТӨӨ ДУРСГАЛ БОЛГОН ҮЛДЭЭЛЭЭ"
Чингис хаан Үндэсний музейгээс “Музейд суралцахуй” гэх нийт 27 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нээлттэй өдрүүдийн үеэр аль болох бүх насныхныг хамруулах үүднээс нас насных нь онцлогт тохируулан сонирхолтой, бүтээлч байдлаар долоон хөтөлбөрөөр үзэгч олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Боловсролын хөтөлбөрт хамрагдсанаар музейн “Монголын эзэнт улс ба хант улсуудын танхим” дахь Цогт хунтайжийн туурвисан Дуутын хадны шүлгийн утга, үзэл санааг танин мэдэхийн зэрэгцээ хадны бичээсийг модон барын аргаар өөрийн гараар хэвлэн бүтээж, бүтээлээ өөртөө дурсгал болгон авч явж боломжтой. Музейн тавдугаар давхарт байрлах хүүхдийн буланд хоёр настай балчираас 85 настай буурал хүртэл оролцож, боловсролын хөтөлбөрт хамрагдаж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж өөртөө урам зоригийг өгөхийн зэрэгцэн мартагдашгүй дурсамж үлдээж байна.
Музей үзэхээр зорин ирсэн гадаадын иргэд ч өөрийн гараар бүтээл хэвлэж, өөртөө дурсгал болгон авч байгаадаа баяртай байгаагаа хуваалцлаа.
Япон улсын Муроран технологийн их сургуулийн био химийн инженерийн магистрын ангийн оюутан САГАВА ТОМОЭ:
-Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байгаа. Энэ хавиар алхаж байхдаа Чингисийн музейг анх харж байсан. Миний хувьд оюутан. Сургалтын хөтөлбөрт маань энэ музейтэй танилцах аялал багтсан байсан учир их талархаж хүлээж авсан.
Үүдээр орж ирээд л анхны сэтгэгдэл маш өндөр байсан төдийгүй их гоё санагдсан. Үзмэрүүд нь ч тэр, хүмүүс нь тэр их найрсаг байлаа.
Энэ музейтэй танилцсандаа би маш их баяртай байгаа. Мөн өнөөдөр дурсгалт өв соёлын зүйлсийг үзэж, танилцахаас гадна түүхийн бүтээлийг өөрийн гараар хэвлэж, өөртөө дурсгал болгон авч үлдэж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна.
ИРГЭД: 1-1.5 ЦАГ ООЧЕРЛОЖ БАЙГАА Ч ҮЗЭХ ЗҮЙЛСЭЭ БОДОХООР СТРЕССДЭХГҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА
Түүхийн дурсгалт өв, үнэт үзмэрүүд, сорчлон тавьсан түүхийн хэлхээсийг балчраас азай буурлууд ч сонирхон үзнэ. Ингэхдээ бүр оочерлон зогсоно. Иргэд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад музейн соёлд суралцжээ. Өчигдөр хэдийгээр цаг агаар дулаан биш, салхитай байсан ч өндөр настнууд, хүүхдүүд гээд бүх насныхан үзэх дарааллаа хүлээн зогсоно. Тэд хамгийн багадаа 30-45 минут, дээд тал хоёр цаг хүртэлх хугацаанд оочерлож байгаагаа хэлсэн юм. Гэхдээ цагдаагийнхан зохицуулж, эмх цэгцтэй, дараалал алдагдахгүй дугаарлаж байгаа учир иргэд ч хүлээцтэй хандаж байгаа гэв. Мөн үүдээр ороход танхим руу хүмүүсийг хэсэг, хэсгээр нь зааглаж оруулж байгаа учир дотогш ороод мөн хэдэн минут хүлээнэ. Угтах ажилтнууд нь найрсаг, зөвлөж чиглүүлж өгч байгаа учир өөлөх зүйл байхгүй байгааг иргэд хэлж байлаа.
Үндэсний түүх соёл, уламжлалаа таньж мэдэх, үр хүүхдүүддээ өв соёлоо таниулах, эх оронч бахархалт сэтгэгдэл төрүүлэх нь тус музейг зорин очиж байгаа хүмүүсийн гол зорилго учир гадаа дугаарлаж байгаадаа стрессдэхгүй байгаагаа онцолсон.
Жилээс жилд монголчууд соёлжиж байгаа төдийгүй, музей үзэхдээ хариуцлагатай, бусдад хүндэтгэлтэй хандаж байгаад музейн ажилтнууд ч талархал илэрхийлж байлаа.
“Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ жил цагаан сарын баяртай давхацсан учраас гуравдугаар сарын 7-13-нд улсын хэмжээнд “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа билээ. Чингис хаан үндэсний музейн хувьд нээлттэй өдрүүдээр “Халхын хунтайжийн хадны бичээс” модон барын хөтөлбөр, “Монголчуудын наран саран шүтээн” ил захидлын хөтөлбөр, "Монгол хаан“ сэрэг дүрийг түүхэн эх сурвалжид тулгуурлан гурван хэмжээст дүрслэлд хөрвүүлэн уран баримлын аргаар илэрхийлсэн бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулахаас гадна музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Мөн ирэх өдрүүдэд түүх археологи,соёл судлалын чиглэлээр суралцаж байгаа мэргэжлийн ангийн оюутнуудад нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулах аж. Бусад музей мөн ялгаагүй үнэт ховор олон үзмэрүүдээ дэлгэж, үзэгч олонд нээлттэй үйлчилж буй. Тиймээс ирэх Пүрэв гаригийг дуустал та бүхэн үндэсний өв соёлын өлгий болсон олон музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.




























ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Нэргүй 22 минутын өмнө 202.9.41.95
Бүүр нэг дээрээсэээ ул чацга гэж хэлж доромжлох нь зөв юмдааа том жижигүй авилгач хулгаачтай бусдан үнэгүй юм болгонд алалцдаг
Нэргүй 38 минутын өмнө 202.131.234.123
хүүхэд хэзээ ч үнэгүй байдаг юм байхад л зэрэгуүүлээд хамт авя ирж хог ханиад аваад нээрээ мангас улс юм даа.
Нэргүй 1 цагийн өмнө 139.5.216.121
Музейг үнэгүй үзүүлдэг нь буруу, мөн энгийн үеийн үнэлгээ хэт өндөр байна. үнээ хямдруулаад тэнд амралтын өдөр бүр хүн татсан, хүүхэд татсан аян явуулж байвал. орлого нь нэмэгдэж музейн үйлчилгээ сайжрана гэж бодлоо.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.78
Манайхан Үнэгүй гэхээр арай шүү. Үнэгүй гэвэл Баас ч авна шүү. Ядуугаасаа биш Тэнэгээсээ болж зовж яваа Малан дуракууд шүү.
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.34.115
Сонсоход таатай гарчигтай мэдээ байна. Бид хотын соёлд суралцаж л байгаа юм байна.
Зочин 4 цагийн өмнө 202.131.240.147
Үнэ төлбөргүй гэчихээд алтан хөшөөг төлбөртэй үзүүлэх нээ
ХҮН СҮРЭГ 4 цагийн өмнө 202.70.43.34
БУСДЫН МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР БУСДАД ЮМ АВЧ ӨГӨХ, ӨӨРИЙХӨӨ МӨНГӨӨР ӨӨРТӨӨ ЮМ АВАХ 3 ӨӨР ӨНЦӨГ………
Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34
Дуусашгүй олон баярууд, Зорилгогүй Бүтээлгүй Аж Амьдрал Монголд……………..