Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирлын плей-офф өнөөдөр/2025.03.09/эхэлнэ. Улирлын турш лигийг амжилтаараа тэргүүлсэн найман баг ийнхүү аваргын төлөөх аяллаа эхлүүлж байна. Улирлын амжилтыг мартаж, бүх зүйл 0-0 гэдгээс эхэлж байгаа гэдгийг санах хэрэгтэй.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД – ДАРХАН ЮНАЙТЕД
Энэ улирал сайжирсан багуудын нэг бол яахын аргагүй Дархан Юнайтед. Ердөө жилийн өмнө дээд лигт үлдэх эсэхээ шийдэж байсан баг өдгөө лигийн хатуу самруудын нэг, дүлий цэрэг шиг болжээ. Харин Хүлэгүүд таамаг ёсоор улирлыг амжилтаараа тэргүүлж, аваргаа хамгаалж буй баг гэдгээ хангалттай харуулав. Толбертыг ч нэгтгэсэн нь үр дүнгээ өгч, багтайгаа гайхалтай зохицож байгаа. Маргаангүй энэ улирлын шилдэг легионер тамирчны шагналыг хүртэх биз.
Тэгвэл Дархан Юнайтед плей-оффтоо бэлдэж, Толберт болон Хүлэгүүдийн будагтай талбайн түрэмгийллийг зогсоохоор Ник Банярд гэх том залууг авчирсан. Тэрбээр лигийн дебютдээ ч 21 оноо, 10 самбар авч гангарсан. Харин аваргуудын эсрэг хэрхэн тоглох вэ?
Хүлэгүүд улирал эхэлснээс хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоогүй гэхэд хилсдэхгүй. Ахмад туршлагатай тоглогчид болох шинэхэн гавьяат Б.Билгүүн, Д.Мөнхтүвшин, О.Сэргэлэн нар ээлж дараалан бэртэл гэмтлийн улмаас тоглолт өнжиж, Толберттой хамтран зүтгэх легионероо удаан хугацаанд хайсан. Эцэст нь Иан Миллер гэх залууг авчирч гэнэ. Ингээд харахаар Хүлэгүүд энэ плей-оффоос л эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож эхлэх шинжтэй.
Мэдээж Дархан Юнайтедын залуус улирлыг тун сайн эхлүүлсэн. Тоглолт бүрт, баг бүрийн эсрэг л өгөө, аваатай тулааныг хийж, шат ахисан гэдгээ харуулсан гэх хилсдэхгүй. Тэдэнд аваргуудын эсрэг бэлдсэн гэрийн даалгавар байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
БИШРЭЛТ МЕТАЛЛ – ЗАВХАН БРОДЕРС
Стөүнийг явуулж, Өрлиг авчирсан Бродерс баг Металлыг зогсоож чадах болов уу? Гэнэт Стөүнийг явуулж, гэрээг нь сунгаагүйг олон хүн гайхсан. Гэтэл Гарьдад тоглож явсан, NBA-ийн хуучин цэрэг Клеантони Өрлиг авчрав. Хувийн ур чадвар, багт үзүүлж буй нөлөө, оноо авах мэдрэмж зэргийг нь харвал Өрли бол тэгш тоглогч. Гагцхүү зан ааш, талбай дээр биеэ авч яваа байдал зэрэг нь тээр жил Гарьдад төвөг удсан.
МакКензи Мүүр ч түүнийг бөмбөгөөр хангалттай хангаж, арыг нь даачих чансаатай, чадвартай. Нөгөө талаараа Бродерс төвийн байрлал дээрээ хүч сулрах шиг. Девон Скоттоос эхлээд будагтай талбай дотор тоглох дуртай, дундын шидэлт зонхилсон тамирчид Металлд олон бий. Довтолгооны самбар гэхээсээ илүүтэйгээр хамгаалалтын самбараа Бродерс хэрхэн авах вэ гэдэг сонирхол татаж байна. Солонгос дасгалжуулагч байгаа учир бүсийн хамгаалалтаар асуудлаа шийдэх гэж үзэх нь лавтай. Эсрэгээрээ энэ үед Металлын холын шидэлтүүд оновчтой байж чадах уу?
Дасгалжуулагчдын нүүдэл, шийдлийг харуулах сонирхолтой цуврал биднийг хүлээж байна.
IHC ЭЙПС – ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД
Эхний шатны чимэг болсон цуврал. Ёроолоос плей-офф руу мацаж чадсан Уурхайчидад алдах зүйл нэгээхэн ч үгүй. Тэд хожсон, хожоогүй үүнийг нь бүтэлгүйтэл гэж хэлэх нь утгагүй. Улирлын эхэнд байдгаа алдаж, нөхцөл байдал нь бүдгэрсэн тэдэн дээр Г.Болор-Эрдэнэ эргэн ирсэн нь аврал байв. Эрдэнэтийн унаган хүү ч нутгийнхаа багтай дахин нэгдэж, өөрийгөө шигшээ багийн гарааны холбогч, лигийн "Үнэ цэнтэй тоглогч"-д өрсөлдөх ёстой хүн гэдгээ харуулсан. Пондс, Эшо гэсэн легионеруудын хослол ч магтмаар тоглож байгаа. Дээрээс нь тэдэнд туршлага, эрч хүчээр дүүрсэн гараа, сэлгээний өргөн сонголт бий. Э.Анар дасгалжуулагч ч одоо л ажилдаа гаршиж байх шиг.
Эйпсийн тухайд улирлаа орон гаран эхлүүлж, эцэст нь явуулсан бүхнээ буцаан авчирсан гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилээс өөрчлөгдсөн нь гэвэл хоёр легионер болон М.Өлзий-Оршихын форм л байна. Ямар ч багийг хожиж, ямар ч багт хожигдох магадлалтай хоёр иртэй хутга шиг л яваа. Гэтэл плей-оффд ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хож эсвэл гэртээ харь гэсэн дүрэм л энд үйлчилнэ. Нэг алдааг хоёр давтаж болохгүй.
Эйпсийн тоглолт, бүрэлдэхүүнийг харахад аварга болоход нэг л зүйл дутуу байна. Багийн ахлагч, лигийн "MVP" М.Өлзий-Оршихын форм. Шидэгч, хамгаалагч, оноо авагч, будагтай талбайн харуул, ордон дүүргэдэг фанатууд гээд бусад багуудаас дутуу зүйл алга. Улирлын М.Өлзий-Орших плей-оффд гарч ирвэл Г.Болор-Эрдэнийн "хоол болно" гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид сайн мэдэж байгаа. Тиймээс өнгөрсөн улирлын "MVP"-г багийнх нь нөхөд, фанатууд нь хүсч байна. Энэ цувралыг М.Өлзий-Орших vs Г.Болор-Эрдэнэ гэсэн дуэль бүрэн шийднэ.
BCH НАЙТС – СЭЛЭНГЭ БОДОНС
Эхний шатны хамгийн сонирхолтой, хүн бүрийн хүсэн хүлээж буй цуврал бол энэ. Аваргын цомыг мөнгөөр авч чадах уу эсвэл аварга авдаг соёл, туулах ёстой зам гэж байдгийг харуулах уу? Нөгөө талаараа "Бүүги" Казинсын танилцах үдэшлэг ба Б.Мөнхболд, О.Ууганбаяр хоёрын үдэлтийн оройн зоог болох гэж байна. Энэ цувралын талаар олон зүйл нурших дэмий биз. Ганц л асуулт бий. Найтс хэрхэн Казинсыг хязгаарлах вэ?
Холбоотой мэдээ