Энэтхэгийн гадаад хэргийн сайд Викрам Мисри Баасан гаригт /2025.03.07/ Москвад айлчилж, тус улсын гадаад хэргийн дэд сайд Андрей Руденкотой уулзалт хийсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр талууд хоёр орны харилцааг бүхэлд нь авч үзэж, харилцан сонирхож буй салбар, олон улсын асуудлаарх хэвийн төлөвийг ярилцсан гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдээлжээ. Тодруулбал, "BRICS"-ын 16 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт, Москвад болсон 22 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болон 25 дахь удаагийн Орос, Энэтхэгийн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын үеэр хэлэлцсэн асуудлуудын талаар дүгнэлт хийсэн байна.
Айлчлалын хүрээнд гадаад хэргийн сайд Викрам Мисри мөн Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Максим Орешкин, ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков болон аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Груздев нартай уулзсан байна. Эл уулзалтаас өмнө тус албан тушаалтнууд 2023 оны арваннэгдүгээр сард Шинэ Дели хотноо зөвлөлдөх уулзалт хийж байв.
Орос болон Энэтхэг улсын хувьд холбоотон орнууд бөгөөд уг харилцаа холбоогоо хөгжүүлж, хадгалах нь Шинэ Делигийн гадаад бодлогын гол тулгуур байсаар иржээ. 2000 оны аравдугаар сард "Энэтхэг-Оросын Стратегийн түншлэлийн тухай тунхаглал" бий болсноос хойш тус хоёр орны харилцаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, соёл зэрэг бараг бүх салбарт сайжирсан аж.
Харин Баасан гаригт болсон зөвлөлдөх уулзалтын хүрээнд Москва, Шинэ Делигийн худалдааны салбар дахь хамтын ажиллагааг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Энэтхэгийн экспортыг нэмэгдүүлэх арга, шинэ хөгжүүлэлтийн талаар хэлэлцжээ.
Ялангуяа Оросын Алс Дорнод, Умардын тээвэр, Ченнай-Владивосток далайн зүүн коридор ба хойд тэнгисийн замаар дамжин тээвэрлэлт хийх талаар ярилцсан байна.
Холбоотой мэдээ