"HBO"-ийн "Цагаан бадамлянхуа" цувралын гуравдугаар бүлгийн нээлт хоёрдугаар сарын 16-нд болсон. Эммигийн шагнал хүртсэн цувралын шинэ анги Тайландыг зорих аялагчдын тоог эрс нэмэгдүүлэх төлөвтэй байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 16-наас хойш Тайланд аялах тухай олон нийтийн сүлжээнд хэлэлцэгсдийн тоо 60 хувиар өсчээ. Уг статистикийг гаргахдаа кино гарахаас өмнөх болон дараах гурван өдрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
"Цагаан бадамлянхуа" цувралын зураг авалтыг хийсэн газрууд аялал жуулчлалын халуун цэг болдог жишиг тогтоод буй. Үүнийг "Цагаан бадамлянхуа эффект" гэж хүртэл олон нийт нэрлээд амжсан юм.
Цувралын нэг, хоёрдугаар бүлгийн зураг авалтыг Италийн Мауи, Хавай, Сицилид хийсэн. Харин гуравдугаар бүлгийн зураг авалтыг Тайландын Ко Самуйд хийсэн аж.
Статистикийг нарийн дурдвал, хоёрдугаар сарын 16-26-ны хооронд "Цагаан бадамлянхуа" цувралын тухай цахим сүлжээнд 500 мянган өөр хаягнаас 1,385,000 удаа дурджээ. Лайк дарах, цааш хуваалцах, сэтгэгдэл бичих зэргээр энэ нь цаашлаад 8.4 сая гаруй хүнд хүрсэн бөгөөд нийт хандалтын 85 хувь нь эерэг байсан. Харин Тайландыг тусгайлан дурдсан нийтлэлүүдийн эерэг хандалт 99 хувьтай байжээ.
Түүнчлэн гуравдугаар бүлгийн жүжигчдийн бүрэлдэхүүнд К-поп од Лиса багтсан нь олныг татах томоохон хүчин зүйл болжээ.
Нэг үгээр хэлбэл, "Цагаан бадамлянхуа" цувралыг хүмүүс зүгээр нэг дэлгэцийн бүтээл биш Тайланд руу аялах шалтгаан гэж нэрлэж байна. Олон нийт хоосон яриад өнгөрөөгүй гэдгийг нислэгийн тасалбар, зочид буудал, рестораны захиалгын статистикаас бэлээхэн харж болно. Тухайлбал, богино хугацаагаар байр түрээслэх захиалга цувралын гуравдугаар бүлэг нээлтээ хийснээс хойш хоёр өдрийн дотор 500 хувиар өсчээ.
Зөвхөн Тайланд гэлтгүй хилийн чанадад ч "Цагаан бадамлянхуа эффект" мэдрэгджээ. Гуравдугаар бүлэг нээсний дараах долоо хоногт АНУ дахь тайланд рестораны захиалгын тоо 16 хувиар өссөн байна.
zochin 2025-03-08 202.9.46.207
bi anx udaa sonsoj bna.