Ромын пап Францис хоёрдугаар сарын 14-нд гуурсан хоолойн үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Үүнээс хойш өдөр бүр түүний эрүүл мэндийн талаар олон нийтэд мэдээлж байгаа ч Бямба гариг хүртэл дахин мэдээлэл хийхгүй гэж албаныхан хэллээ.
Харин Пүрэв гаригт пап лам Францис Гэгээн Петрийн талбайд эрүүл мэндийнх нь төлөө залбирахаар цугласан олонд хандан дуут мессеж хүргэв. Тэрбээр "Гэгээн Петрийн талбайгаас миний эрүүл мэндийн төлөө залбирч буй хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Би та бүхэнтэй эндээс нэгдэж байна. Бурхан та бүхнийг ивээж, хамгаалах болтугай. Баярлалаа" гэжээ. Дуут мессежийг сонсоход пап ламын амьсгаа давчидсан байдалтай, ердийнхөөсөө арай өөр байжээ. Гуурсан хоолойн үрэвслээс гадна тэр уушгины хатгалгаагаа эмчлүүлж байгаатай энэ нь холбоотой.
Пап ламын эрүүл мэндийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээнд дурдсанаар түүний эмнэлзүйн байдал тогтвортой байна.
Бямба гариг хүртэл мэдээлэл хийхгүй гэсэн нь пап лам Францисын бие сайжирч буйн шинж тэмдэг гэж таамаглав. Мөн уушгины хатгалгааны эмчилгээний үр дүн тэр дороо гардаггүйтэй холбоотой гэж үзэж байна. Салватор Мунди олон улсын эмнэлэгт ажилладаг доктор Анна Лиза Билотта хэлэхдээ "Уушгины хатгалгааг эмчлэхийн тулд тэвчээртэй байж, эмчилгээ тодорхой үр дүнд хүрэхийг хүлээх хэрэгтэй. Нөхцөл байдал тогтвортой байгаа тул эмч нар өдөр бүр шинэ зүйл хэлж чадахгүй" гэв.
Холбоотой мэдээ