FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино АНУ-д болох 2026 оны дэлхийн аваргын финалын тоглолтын завсарлагаанаар түүхэн дэх анхны шоу тоглолтыг толилуулна гэдгийг баталжээ.
Ирэх дэлхийн аваргыг АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс хамтран зохион байгуулах бөгөөд финалын тоглолт 2026 оны долдугаар сарын 19-ний өдөр Нью Жерсигийн "MetLife" цэнгэлдэхэд болох учиртай. Анхны дэлхийн аваргаас хойш буюу 1930 оноос өдийг хүртэлх хугацаанд дэлхийн аваргын финалын завсарлагаанаар шоу тоглолт болж байгаагүй билээ. Харин Инфантино энэ уламжлалыг эвдэж, шинэ зүйл туршиж үзэхээр болов.
Инфантино ярихдаа "Нью Жерсид дэлхийн аваргын финалын түүхэн дэх хамгийн анхны завсарлагааны шоу тоглолт болно гэдгийг би баталж чадна. Энэ бол түүхэн мөч байх болно. Тэр шоу ч дэлхийн спортын хамгийн том арга хэмжээнд тохирсон байна" гэжээ.
FIFA-ийн энэ шоунд "Global Citizen" групп зөвлөгөө өгөхөөс гадна Британийн алдарт хамтлагч "Coldplay" хамтран ажиллах гэнэ. "Coldplay" хамтлаг 2016 онд америк хөлбөмбөгийн хамгийн том тоглолт болох супер боулын завсарлагаанаар Бруно Марс, Бейонси нартай шоу толилуулсан түүхтэй. Гэхдээ тус хамтлагийг 2026 онд тоглохгүй гэдгийг Инфантино хэлсэн юм.
Мэдээж дүрмийн дагуу тус шоу 15 минутаас ихгүй байна. Одоогоор хэн гэдэг уран бүтээлч шоу толилуулах вэ гэдэг нууц хэвээрээ байна.
2026 оны ДАШТ-ий нээлтийн тоглолт 2026 оны зургадугаар сарын 11-ний өдөр Мехико хотын Эстадио Азтека цэнгэлдэхэд болно. Мөн ирэх дэлхийн аваргад 32 бус 48 шигшээ баг оролцоно.
Холбоотой мэдээ