А.Одонбаатар: Голомт үндэстэн дамнасан банк болох амбицтай

А.Одонбаатар: Голомт үндэстэн дамнасан банк болох амбицтай

А.Одонбаатар: Голомт үндэстэн дамнасан банк болох амбицтай

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатартай ярилцлаа. Тус банкны түүхт 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа юм.


-Юуны өмнө бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа, бас ойн баярын мэнд хүргэе. Та бид хоёр Голомт банкны 30 жилийн ойн босгон дээр ярилцах гэж байна. Одоо эргээд харахад энэ 30 жилийг Та юу гэж тодорхойлох вэ. Эндээс ярилцлагаа эхэлье.

-Баярлалаа, 30 жил гэдэг хүний амьдралаар бодсон ч, хувийн хэвшлийн байгууллагаар төсөөлсөн ч ололт амжилт, алдаа оноо аль алиныг агуулсан чамгүй урт хугацаа юм. Тиймээс банкныхаа 30 жилийг маш богиноор илэрхийлбэл “Сорилт, түүнийг давсан амжилт, шинийг санаачилсан он жилүүд” гэж тодорхойлж болох юм. Үнэхээр ч 1995 онд Голомт банк анх байгуулагдсан цагаасаа хойш бусдаас түрүүлж алхдаг, тулгарч буй эрсдэл, сорилт бүрийг үргэлж амжилттай даван туулдаг байсан. Нөгөөтэйгүүр Голомт бол шинийг санаачлагч, түүчээлэгч банк. Бид банкны салбартаа маш олон зүйл дээр анхдагч нь, “мөс зүсэгч” нь байсаар ирсэн. Цаашдаа ч энэ эрчээ алдахгүйгээр дэлхий дээрх хамгийн сайн “ноухау" болгоныг Монголдоо нутагшуулж ажиллана.

-Та Голомт бол шинийг санаачлагч банк гэлээ. Хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойших банкны системийн түүхийн нэг хэсэг нь яах аргагүй танайх. Тэр утгаараа банкны салбарт оруулсан хувь нэмрийн талаар дэлгэрүүлж ярьж болох уу?

-Эргээд харахад Голомтын эхлүүлсэн, “мөс зүссэн” ажлууд маш олон. Та бидэнд өнөөдөр энгийн хэрэглээ болсон олон бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэхийн тулд манай үе үеийн удирдлагууд, ТУЗ, хувьцаа эзэмшигчид багагүй бэрхшээл, цөөнгүй сорилттой нүүр тулсан байдаг.

Өнгөрсөн 30 жилийн хугацааг гурван аравнаар нь хуваагаад үзвэл, эхний арван жилд бид дэлхийд хэдийнэ хэрэглээнд нэвтрээд олон жилийг үдсэн банк санхүүгийн үйлчилгээг Монголдоо нутагшуулахад голлон анхаарч, тэр бүгдийг анхлан нэвтрүүлэгч нь байлаа. Тухайлбал, олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк гээд олон үйлчилгээг дурьдаж болно. Хоёр дахь арван жилээс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсан он жилүүд эхэлсэн байдаг. Тухайн үед олон улсад нэвтэрч буй банк санхүүгийн үйлчилгээг эн зэрэгцэн зарим үед бусад улсаас түрүүлэн Монголдоо нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэжээ. EMV chip картын технологиос эхлээд ухаалаг утасны банкны аппликэйшн болох Смарт банк, финтек үйлчилгээ СошиалПэй гээд олныг дурьдаж болно. Энэ цаг үеэс банк санхүүгийн салбарын шинэ үе эхэлсэн гэж тооцож болно.

Сүүлийн арван жилд Голомт дэлхийн жишиг Монголын банк болоход зорин ажилласан байна. Энэ үед бид IPO хийн олон нийтэд нээлттэй банк болж, олон улсын зах зээлээс 450 сая ам.долларын бондыг амжилттай босгосон гээд анхны гэх тодотголтой маш олон ажлыг Монголдоо хийж, нэвтрүүлсэн байна. Би энд ганц жишээ хэлье л дээ. Хувийн тэтгэвэр гэдэг зүйл байх ёстой юм байна гээд манай банк 2010 онд Тэтгэврийн ууган санг санаачлан өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж байна. Гэтэл энэ асуудал одоо л Монголд төрийн хэмжээнд яригдаж байна шүү дээ. Ингээд бодохоор, Монголын банкны системд Голомтын нэвтрүүлсэн, түүчээлсэн ажлууд цагаа ч, цэгээ ч олохоос гадна үргэлж анхдагч нь байсан гэдгийг хэлэх нь зөв байх.

-Банкны системийн хувьд ийм байж. Томоохон аж ахуйн нэгжүүд улс орны хөгжлийг урагш чирч явдаг. Голомт банкны хувьд өнгөрсөн 30 жилд энэ тал дээр юу хийв гэдгээр ярилцлагаа үргэлжлүүлье.

-Голомт анхнаасаа “Corporate banking” буюу байгууллага суурьтай банк байсан. Үүнийг онцолж байгаа нь Голомтын түүхэн 30 жилийн эхний 15 жилд нь Монгол Улс шилжилтийн үеэ даваад, бүтээн байгуулалт ид өрнөж, хөгжиж байсан үе таардаг юм. Мэдээж хөгжлийн төслүүдийг томоохон аж ахуйн нэгжүүд л хэрэгжүүлнэ шүү дээ. Харин тэр бүх байгууллага Голомтоос төслийн санхүүжилтээ авдаг байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөгжлийн төслүүдийн нэг гол санхүүжүүлэгч нь Голомт банк байсан гэсэн үг. Би энд маш олон төсөл нэрлэж болно л доо. Гэхдээ цаас ч, цаг ч хүрэлцэхгүй байх. 30 жилийн хугацаанд Монголд хэрэгжсэн төслүүдийн талаар ярина гэхээр нэлээд хугацаа орно. Онцлох төслүүдээс нь дурдахад, Монгол Улс өөрийн өмчлөлийн “Боинг” онгоц худалдаж авах санхүүжилтийг манайх хийж байлаа. “Эрдэнэс Тавантолгой”-н ачиж, буулгах инженерийн цогц шийдэл бүхий төсөл, хамгийн сүүлд л гэхэд “Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станцын төсөлд санхүүжилт олгож, хамтран ажилласан. Мөн бид авто замын компаниудад томоохон санхүүжилт олгосон байдаг юм. Энэ нь нэг ёсондоо Монгол Улсын авто замын сүлжээг өргөтгөхөд хувь нэмрээ оруулж байгаа хэлбэр.

Мега болон томоохон төслүүдийн санхүүжилтийг Голомт банк олгохоос гадна Монгол Улсын шатахууны төлбөр тооцоог сүүлийн 10 жил  дангаараа шахуу хариуцан хийж байна. Энэ нь банканд зарим талаар сул тал болох гээд байдаг ч үе бий. Геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас болж манай нефтийн бүтээгдэхүүний гол нийлүүлэгч болох ОХУ-д маш олон хориг тавигдсан. Гэтэл барууныхан “Та нар яагаад Орос руу тийм их гүйлгээ хийгээд байдаг юм бэ” гэдэг л дээ. Яах ч билээ дээ, бид гүйлгээг нь хийхгүй л бол Оросоос шатахуунаа авч чадахгүй, Монгол Улс хэцүүхэн нөхцөл байдалтай тулгарна. Ингээд улс орны хөгжилд ч, амин шаардлагатай ажлуудад ч Голомт банк өөрийн хувь нэмрээ оруулсаар байна гэж ойлгож болох юм.

Мөн энд нийгмийн хариуцлагын хүрээнд Голомт банкны санаачилгаар ШУА-ийн Археологийн хүрээлэн болон Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй түүх, археологийн "Өв соёлын голомт" төслийг онцолмоор байна. Энэхүү төслийн дэд төсөл болох “Ингэт толгой”-н дурсгалт газрын археологийн малтлага, судалгааны ажлууд маш амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Монголд төдийгүй олон улсад анхаарал татаж буй түүх, археологийн олдвор болоод байна. Товчоор хэлбэл, “Өв соёлын голомт” төсөл бол Монголчууд тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд түүхийн үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээхийн зэрэгцээ өв соёл, зан заншил, шашин шүтлэг, түүнтэй холбогдох түүхийг Монголд төдийгүй дэлхийд таниулах ач холбогдолтой гэж харж байгаа юм.

-Голомт банк анх 440 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 4 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан 1995 онтой харьцуулахад өнөөдөр системийн нөлөө бүхий таван банкны нэг болжээ. Ер нь Голомт банкны санхүүгийн үзүүлэлт ямар байгаа вэ?

-Банкны хөрөнгийн хэмжээ 2024 оны үзүүлэлтээр 15.4 их наяд төгрөг болж, зах зээлийн 21.6 хувийг эзэлснээр бид системийн хоёр дахь том банк болсон байна. Би түрүүнд хэлсэн дээ, Голомт бол байгууллага суурьтай банк байсан гэж. Тэгвэл бид өнгөрсөн хугацаанд иргэд рүү чиглэсэн модель хэрэгжүүлснээр иргэдийн сегментэд зээлийн 18 хувь, харилцагчийн эх үүсвэрийн 16 хувийг тус тус эзэлж байна. Харин байгууллагын зах  зээлд зээлийн 24 хувь, харилцагчдаас татсан эх үүсвэрийн 25 хувийг эзэлж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засагт өндөр оролцоотой банк болж чадсан гэсэн үг.

-Банкны өөрийн хөрөнгийн хэмжээ өсөж, цэвэр ашиг ч бас өмнөх онтойгоо харьцуулахад нэмэгдсэн байна. Энэ тэлэлтийн шалтгаан нь юу байв?

-2024 онд Монгол Улсын макро эдийн засгийн төлөв харьцангуй сайн байлаа. Дээр нь бид 2018, 2019 оноос дараагийн хөгжлийн түвшиндээ бэлдэж, дотоод үйл ажиллагаа, эрсдэлийн түвшингээ буулгаж ажилласны үр дүнд 2024 оныг бизнесийн тэлэлтийн жил болгон ажилласан юм. Үр дүнд нь Голомт банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 1.3 их наяд, цэвэр ашиг 406.7 тэрбум төгрөг хүрч өсөөд байна. Энэ бүхнийг дагаад бусад үзүүлэлт ч сайжирсан. Нэг ажилтанд ногдох бүтээмж, зардлын харьцаа гээд санхүүгийн бүх үзүүлэлт маш сайн гарч 30 жилтэйгээ золголоо.

-Банкны тухай хуулийн өөрчлөлтийн дагуу Голомт банк олон нийтийнх болсон. Тэгэхээр цэвэр ашгийн хэмжээ өсөхийн хэрээр хувьцаа эзэмшигчид ч Голомт банк руу чих тавин хүлээдэг байх?

-Голомт банк 2022 оны сүүлчээр 11.6 хувиа олон нийтэд арилжсан. Өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй компани болсон байна. Үүнийг дагаад засаглал, ил тод байдал үлэмж хэмжээгээр сайжирсан. Дээр нь дотоодын хувьцаа эзэмшигчдээс гадна олон улсын томоохон хөрөнгө оруулалтын байгууллагууд манай бондыг эзэмшдэг. Дотоод, гадаад аль аль талдаа ил тод байдал, засаглалын хамгийн сайн зарчмуудыг хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн. Үүнийгээ ч нэр төртэй биелүүлж байгаа.

-Хувьцаа эзэмшигчдийн хувьд ногдол ашиг хэзээ хуваарилах юм бол гэсэн асуулттай байгаа байх?

-Саяхан манай ТУЗ хуралдан шийдвэрээ гаргаж, ногдол ашгаа зарласан. 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөгөөр тооцож, нийт 80.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ бол нэгд, хөрөнгө оруулагчдынхаа өгөөжийг бодсон, хоёрт урт хугацаанд банкны бизнесээ тэлэх стратегитэйгээ уялдуулаад хөрөнгө оруулагчдынхаа урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх шийдвэр байсан. Товчхондоо, ирээдүй рүү чиглэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааны үнэ цэнийг бодолцож гаргасан шийдвэр. Үүний дагуу дөрөвдүгээр сарын 25-нд хувьцаа эзэмшигчид рүүгээ ногдол ашгийн гүйлгээг хийнэ.

Нэмж хэлэхэд, 2024 онд Голомт банк хөрөнгө оруулагчдадаа мэдээлэл өгөх, эрх ашгийг нь сонсох зорилготой нэгжийг байгуулсан. Хөрөнгө оруулагч нартаа календарьчилсан төлөвлөөний дагуу бүх үйл ажиллагааг цаг хугацаатай нь танилцуулаад, мэдээллээ тухай бүр өгөөд явах юм. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн хөрөнгө оруулагчид, шинжээчдийг урьж, санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулаад 2025 онд аль чиглэлийг барьж ажиллахаа ил тодоор мэдээлсэн байгаа.

-Өнгөрсөн 30 жилийн тухай Та бид хоёр багагүй ярилцлаа. Одоо ирэх 30 жилийн талаар асууя. Ер нь Голомт банкны алсын харааг та юу гэж тодорхойлох вэ. Яг 30 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед Гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж буй хүний хувьд хариулахгүй юу?

-Дараагийн 30 жилийг ингэж харж байна гэж яг одоо хэлэхэд эрт байна. Цаг хугацаа бүхэнд бид өөр, өөрийн гэсэн үнэ цэнээ бүтээгээд явна гэдэгт би эргэлзэхгүй байна. Харин ирэх 30 жилд ч тогтвортой байх зүйлийг бол одоо итгэлтэйгээр хэлж чадна. Голомт банкны үнэт зүйл бол нэгд, бид ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталдаг. Энэ бол манай тогтсон соёл. Хоёрт, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлдэг, анхдагчийн эрсдэлийг өөртөө авч, үүрч чаддаг банк. Энэ чадвар манай банкны соёлд суусан, цаашид ч  үргэлжилнэ. Мөн би хувь хүнийхээ хувьд бахархаж явдаг соёл бол Голомт залуу үеэ маш сайн дэмждэг банк. Одоо харахад манай гүйцэтгэх удирдлагын баг, дунд шатанд ажиллаж байгаа хүмүүсийн олонх нь залуус. Залуу хүнд зоригтой итгэл хүлээлгэж чаддаг энэ соёл үргэлжилнэ. Нэмээд, ахмад үе маань үргэлж зааж сурган ментор хийж, бидний ажил залгамж халаатай үргэлжилдэг. Энэ бол банк санхүүгийн систем төдийгүй Монгол Улсын хэмжээнд байхгүй соёл. Өнөөдөр манай гүйцэтгэх удирдлагын багийг 40 орчим насны залуус бүрдүүлж байгаа боловч ахмад үе маань үргэлж зааж зөвлөж, залуу хүмүүсийнхээ алдаа мадгийг засаад явдаг. Шат шатандаа тогтсон энэ соёл цаашид үргэлжилнэ. Түүнчлэн Голомт банкны хувьцаа эзэмшигчид, ТУЗ-өөс сүүлийн 10 жилд онцгой анхаарч, нэвтрүүлсэн зүйл бол сайн засаглалын зарчим бөгөөд урт хугацаандаа амжилттай үргэлжилнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.

Мэдээж алсын хараа гэвэл, бид одоогийн амжилтаа ахиулж, олон улсад гарсан технологийн хамгийн дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлсэн их тэсрэлтийн 30 жил эхэлж байгааг онцолъё. Яагаад гэвэл, 2024 он бол бидний хувьд онцгой жил болсон. Олон улсад гарах суурь жил болсон гэх үү дээ. Магадгүй 30 жилийн дараа Голомт банк олон улсын томоохон хөрөнгийн биржүүдэд гарчихсан, үндэстэн дамнасан банк болчихсон байх болов уу гэж харж байна. Бид ийм амбицтай ажиллаж байгаа.

-Олон улсад гарах эхлэлээ тавьчихсан гэж Та сая хэллээ. Энэ талаар тодруулж болох уу?

-2024 онд бид анх олон улсын зах зээлд бонд гаргаж, мөнгө татсан гэдгээ өмнө дурьдсан. Монголын хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага 2012 оноос хойш олон улсаас мөнгө босгож чадаагүй байсан юм. Арав гаруй жил тасарчихсан байсан энэ ажлыг бид дахин сэргээсэн. Ингэхдээ дэлхийн топ хөрөнгө оруулагчдад эхлээд Монгол Улсаа, дараа нь банкны сектороо, эцэст нь Голомт банкаа танилцуулж, мөнгө босгож байгаа. Ингэж эхлээд 300 сая, 100 сая, сүүлд 50 сая ам.долларын ногоон бонд гээд нийт 450 сая ам.доллар Монголдоо оруулж ирлээ. Онцолж хэлэхэд 100 сая ам. долларын бондын нөхцөл нь өмнө гаргасан бондтой ижил эргэн төлөгдөх хугацаа, купон хүүтэй боловч 8.5%-ийн бодит өгөөж буюу зах зээлийн ханшаар зарагдсан нь  дотоодын хувийн хэвшлийн байгууллагаас олон улсын зах зээлд гаргасан хамгийн бага өртөгтэй бонд болсон байдаг.

Энэ ажил бол маш том эхлэл. Дэлхийд нэр хүнд бүхий хөрөнгө оруулагчид Голомт банкийг, манай банкны секторыг, цаашлаад Монгол Улсыг таниад эхэлнэ гэдэг дараагийн шатанд бид хувьцаагаа олон улсын хөрөнгийн биржид арилжих суурь тавигдсан гэсэн үг. Бид яг одоо Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн төлөөлөлүүдтэй уулзаад дараа дараагийн алхамуудаа төлөвлөөд явж байна.

-Голомт банкны алсын хараа ийм байж. Тэгвэл ойрын зорилтууд юу байгаа вэ. Дэлхий нийт хиймэл оюун ухааны хөгжлөөр уралдаж, энэ салбар бүхий л салбарт хүч түрэн орж ирж байна. Энэ тал дээр ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Сүүлийн 5-6 жил бид “Нээлттэй банк”-ны модель хэрэгжүүлж байна. Энэ нь өөрийн “ноухау”, дэд бүтэц, бусад ур чадвараа харилцагчдадаа болон бусад байгууллагад нээлттэйгээр түгээх, хуваалцах тухай юм. Зөвхөн IT биш, ажилтнуудынхаа ур чадварыг ч сургалт хэлбэрээр, консалтингаар хуваалцаад явж байна. Хиймэл оюун ухаан, технологийн салбарын шинэчлэлтэй бид үйл ажиллагаагаа уялдуулж явдаг. Энэ төрлийн томоохон шилжилтүүдийг хийж байна. Тухайлбал, манайх фэйсбүүк хуудасныхаа чатботыг хөгжүүлж, харилцагчдын тодоруулгын 87 хувьд нь хиймэл оюун ухаан хариулж байна. Монголоор бол монголоор, англиар бол англиар харилцагчдад хэрэгтэй мэдээллийг нь өгдөг. Магадгүй гурван жилийн дараа интернэт банктайгаа яриад гүйлгээ хийдэг, салбар дээр очиход виртуал ажилтан үйлчилдэг болох ийм чиглэл рүү явж байгаа. Энэ хүрээндээ "AI виртуал банк” төслөө хэрэгжүүлж эхлээд байна.

-Технологийн шинэчлэлийн ажлуудаас гадна харилцагчдаа тэлж байгаа гэж ойлгосон. Голомт банкны энэхүү тэлэлтийн талаар Та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд үе үеийн удирдлага, ТУЗ-ийн амжилттай гаргасан алсын хараа, стратегийн үр дүнд Голомт банк харилцагчдын хувьд тэлсэн байна. Банкны зээлийн багцыг сегментээр нь задалбал, 29 хувь нь том байгууллага, 24 хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид, 47 хувь нь иргэд болсон байна. Үүнийг дагаад ямар давуу тал үүсэх вэ гэхээр жижиг байгууллагуудаа томтой нь холбох, улмаар  томруулах боломж бий болсон. Энэ хүрээнд жижиг байгууллагуудаа томынхоо ханган нийлүүлэгч болгох, сүлжээг нь холбох замаар томруулах бүрэн боломж бий болоод байна. 2023 оноос эхлүүлсэн энэ ажил маш сайн үр дүнд хүрсэн. Жижиг, дунд бизнес дээр л гэхэд санхүүгээс гадна санхүүгийн бус үйл ажиллагаагаар дэмждэг. Сургалт, ментор хийх зэрэг зөвхөн дэд бүтцээ хуваалцах бус, бусад ур чадвараа ч хуваалцах замаар компанийг нь дараагийн түвшинд гарахад нь тусалдаг. "Нээлттэй банк"-ны зарчим маань энэ юм. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулаад МҮХАҮТ-тай хамтран “Women owned” тусгай худалдааны тэмдэгт гаргасан. Хариуцлагатай, тавьсан шалгуур хангасан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд энэхүү тэмдгийг олгож, улмаар санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээнд хамрагдах, цаашлаад олон улсад бараа бүтээгдэхүүнээ зарах боломжийг нь нээж өгч байна.

-Эцэст нь асуухад, Та Голомт банкны Гүйцэтгэх захирлаар томилогдоод хагас жил илүү л хугацаа өнгөрч байна. Гэхдээ банкны салбарт хэр удаж байгаа вэ. Голомтын шинэ захирал өмнө нь хаана ажиллаж байсан бэ гэж харах хүн байж болох юм?

-Би Голомтын бүтээгдэхүүн. 2008 оны зургаадугаар сард их сургуулиа төгсөөд л банкандаа орж байлаа. 16 жилийн дараа Гүйцэтгэх захирлаар томилогдоод ажиллаж байна. Голомт банк залуу үеэ дэмжиж чаддаг гэдгийг биеэрээ харуулж байгаа болов уу. Анх 4 хүнтэй байгуулагдаж байсан Голомт банк өнөөдөр 2800 гаруй ажилтантай том айл болжээ. Өдий зэрэгт хүрсэн нь үе үеийн ажилтнууд, гүйцэтгэх удирдлагууд, ТУЗ-ийн гишүүд, хувьцаа эзэмшигчид гээд бүх хүн хамтдаа нэг зорилгын төлөө хичээн зүтгэсний үр дүн.

Нэггүй мянга, нимгэнгүй зузаан гэж байдаггүй гэдэг. Тийм болохоор Голомт банканд ажилладаг, ажиллаж байсан хүн нэг бүрт хувьчилж баяр хүргэх боломжгүй ч энэ ярилцлагаар дамжуулан 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхэндээ баярлалаа. Бид 30 жилийн ойн хүрээнд 2025 онд олон арга хэмжээ хийхээр төлөвлөж байна. Үе үеийн хамт олон, хамтран зүтгэгч найзуудтайгаа уулзах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 59.153.114.16

Үндэстэн дамнаж луйвардах гэж байгаа юмуу хоншоор дутах байлгүй сурснаараа Монгол оо дээрэмдээд сууж байсан нь дээрдээ

Avatar

Нэргүй 23 минутын өмнө 59.153.113.189

хулхини хужа эрлиз хурлизүүд монголор дүрлэ

Avatar

Нэргүй 40 минутын өмнө 66.181.190.193

Том зээл ч гаргаж чадахгүй шинэ залуу эдийн засагчид их дээ
бас харилцаа хандлагадаа өөрчлөлт хийхгүй бол хэцүү дээ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.190.218

Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, Ардын банкыг өөрийн болгосон. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой.

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 122.201.23.83

Гацах аа л больчих

Avatar

Зочин 3 цагийн өмнө 76.220.74.140

Гадаадад ажил хийж байгаа хүмүүс ар гэр лүүгээ голомтын western union ooр мөнгө шилжүүлэхэд гадаадад байгаа хүний регистрийн дугаар, гэрийн хаяг шаардаж хүнд сурталдах юмаа хүлээн авч байгаа хүний гэрийн хаяг дансны дугаар байхад л хангалттай шүү дээ. Тэгээд шимтгэл гэж ямар ч их мөнгө авдаг юм бэ. Уг нь шимтгэл багатай бол танай банкинд л ашигтай байх.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.189

ГОЛОМТ БАНК НОГДОЛ АШИГ ИХЭР ӨГНӨ ГЭЖ ХУВЦАГА ӨСГӨЖ ЛУИВАРДДАГ ЛУИВАРЧИН ТИМЭС ХАДГАЛАМЖ ЯАРАЛТА ТАТАРАИ ДАМПУРЧ БАИГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж