NPC: Хятадын 2025 оны хүчтэй амбиц

NPC: Хятадын 2025 оны хүчтэй амбиц

NPC: Хятадын 2025 оны хүчтэй амбиц

БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал /NPC/-ын 14 дэх удаагийн чуулган Лхагва гаригт /2025.03.05/ Бээжин дэх Ардын их хурлын танхимд нээлтээ хийлээ. Гадна, дотоодын 3000 гаруй сэтгүүлч, зураглаач уг хурлыг шууд дамжуулсан бөгөөд Хятадын дарга Ши Жиньпин тэргүүтэй эрх баригчид оролцсон юм. "NPC" нь тус улсын хамгийн дээд хууль тогтоох байгууллага бөгөөд энэ удаагийн хурлын нээлтийг ерөнхий сайд Ли Цян даргаллаа. Тэрбээр 2024 онд Хятад улс ямар ололт амжилт гаргасан болон 2025 оны зорилгын талаар илтгэл тавьсан юм.

Тухайлбал, тус улсын эдийн засаг 2024 онд ахиц дэвшил гаргаж, тогтвортой үйл ажиллагаагаа хадгалсан байна. Мөн нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилт, зорилгоо амжилттай биелүүлсээр байгаа аж. ДНБ-г таван хувьд хүргэх зорилгоо амжилттай биелүүлснээс гадна сул мөнгөний бодлого хэрэгжүүлснээр орон сууц, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжсэн байна. Үүний хүрээнд 2025 онд гадаадын зах зээлээс ирэх болзошгүй дарамтыг даван туулж, дотоодын эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд хадгаламжийн даатгалын сан, санхүүгийн тогтвортой байдлын сан зэрэг хэд хэдэн эх үүсвэрийг нөхөх онцгой байдлын төлөвлөгөөг боловсруулах болно гэж Ли Цян мэдэгдэв. Гэхдээ 2024 оны ажлын тайлангаа дэлгэрэнгүй тайлбарлаагүй нь төсвийн зардал, орлого, үзүүлэлтийг тусад нь мэдээлэх арга хэмжээ болдог аж.

2025 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 

"NPC"-ийн 2025 оны зорилгод ДНБ-г 5.5 хувь ба үүнээс давуулах, 12 сая шинэ ажлын байр бий болгох, худалдан авалтын нэмэгдүүлж, үйлдвэрлэлтийн чанараа сайжруулах зэрэг багтаж байна. Мөн Хонгконг, Макаод "Нэг улс, хоёр бодлого" зармын дагуу тухайн бүс нутгийн эрх баригчдад удирдах бүрэн боломжийг олгоно гэж Ли Цян мэдэгдлээ. Үүний хүрээнд харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж чадна гэж үзэж буй.

Гэхдээ олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн зорилго, төлөвлөгөөг дурдваас цэргийн бэлэн байдлын эрчимжүүлэх байв. Хятад улсын батлан хамгаалах зардал өнгөрсөн онд 7.2 хувиар өсч, 1.69 их наяд юань буюу 235 тэрбум ам.доллар болно гэж мэдэгдсэн байдаг.

Энэ талаар Ардын чөлөөлөх армийн төлөөлөгч хэлэхдээ, энэ жил Хятад улс батлан ​​хамгаалах төсвийнхөө ихэнх хэсгийг байлдааны бэлэн байдал болон "дайны бэлтгэлд" чиглүүлнэ.

Тодруулбал, 1.784 их наяд юань буюу 245.2 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна. Үүнээс гадна, олон нийтийн аюулгүй байдлын зардал нь өнгөрсөн онд 226.26 тэрбум юань байсан бол энэ жил 7.3 хувиар нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ нь нийгмийн хэв журмыг сахиулах, хууль сахиулах байгууллагуудыг санхүүжүүлэхэд зарцуулах зардал юм. Учир нь 2024 онд Хятадад хэд хэдэн халдлага гарч, гадаадын иргэд амиа алдсан эсвэл шархадсан хэрэг гарсан тул энэ жилд ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах болно.

Ерөнхий сайд Ли Цян мөн Тайванийн тусгаар тогтнол, арлын хэрэгт "гаднын хүчин" хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцнэ гэж мэдэгдэв.

Тэрбээр хэлэхдээ, Бээжингийн зүгээс хоёр эргийн харилцааг энх тайвнаар хөгжүүлж, эх газар болон Тайванийн эдийн засаг, соёлын солилцоог ахиулах болно гэсэн юм.  Ли Цян эрх баригч Коммунист нам цэргийн салбарт үнэмлэхүй манлайлж байгааг онцолж, Ши Жиньпиний цэргийн стратегийг үргэлжлүүлэхээ амласан. Тэрбээр байлдааны бэлэн байдлыг бэхжүүлж, үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалж, цэрэг-иргэний шинэчлэлийг урагшлуулахаа амлаж байна. Үүний хүрээнд засгийн газрын бүх шатны байгууллагуудад үндэсний батлан ​​хамгаалах, цэргийн хөгжлийг дэмжихийг уриаллаа.

ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, ДОТООДЫН ХӨГЖИЛ

Хятад улс дипломат харилцаатай бүх буурай хөгжилтэй орны бараа бүтээгдэхүүнд ногдох тарифыг тэглэснээр олон улсын хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн гэж Ли Цян мэдэгдэв. Энэхүү ажлаа 2025 онд тогтвортойгоор өргөжүүлж, эдийн засгийн саад тотгорыг арилгахаа тэрбээр амласан юм. Мөн визгүйгээр Хятадад ирж болох улс орны жагсаалтыг өргөжүүлж, дамжин өнгөрөх визээс чөлөөлөх хугацааг 240 цаг хүртэл сунгасан нь аялал жуулчлалын өсөлтөд хувь нэмэр оруулсан гэж онцлон тэмдэглэв. Ши Жиньпин дарга Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон "BRICS"-ийн уулзалтад оролцож, дипломат харилцаагаа бэхжүүлснээс гадна Хятад Африкийн хамтын ажиллагааны форум, дэлхийн түншлэл, тогтвортой байдлыг бэхжүүлэх зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулсан аж. Ли Цян хэлэхдээ, Хятад улс дэлхийн сорилтыг шийдвэрлэх, олон улсын болон бүс нутгийн асуудлыг зохицуулахад идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ байр сууриа үргэлжлүүлсээр байх болно гэж амласан.

Түүнчлэн, энэ жилд хувиараа бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэлт болон орон сууц худалдан авах гэж хүмүүст илүү анхаарч зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Үүнийг бий болгохын тулд макро эдийн засгийн зохицуулалтаа чангатгаж, урьдчилгаа, бодлогын хүүг бууруулах арга хэмжээ зэргийг авч, гол асуудлыг зорилтод бодлогоор шийдвэрлэнэ гэсэн юм. Өнгөрсөн жил тус улс ипотекийн зээлийн хүүгээ бууруулсан бөгөөд далд өрийг байхгүй болгохын тулд орон нутгийн засгийн газрын тусгай өрийн квотыг 6 их наяд юаниар нэмэгдүүлсэн байна.

Хэдийгээр Ли Цян АНУ-г тусгайлан нэрлээгүй ч Хятад улс олон улсын дарамт шахалтаас болж худалдаа наймаанд тулгарч буй сорилтуудыг хүлээн зөвшөөрсөн юм.

Тэрбээр хэлэхдээ, 2025 онд гол салбарууддаа анхаарал хандуулж, эрсдэлийг бууруулах бүх алхмыг хийж гадаадаас ирэх гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх болно гэж мэдэгдсэн. Үүний хүрээнд, тус улс 735 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, дэд бүтцийн төслүүдэд анхаарал хандуулан,бондын менежментийг оновчтой болгохоо Ли Цян онцолсон юм. Энэ мэтчилэн тэрбээр нээлтийн ёслолыг даргалж, 14 дэх таван жилийн эцсийн жил болох 2025 оны төлөвлөгөөгөө товчхон танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж