Хойд Солонгосоос харвасан од

ХҮМҮҮС

Хойд Солонгосоос харвасан од

Хойд Солонгосоос харвасан од

Хойд Солонгосын хамгийн ядуу мужуудын нэг Хойд Хамгёны гудамжинд гуйлга гуйж өссөн Ю Хюк өдгөө 25 настай. Тэрбээр энэ оны сүүлээр К-поп хөвгүүдийн хамтлагийн гишүүн болж АНУ-д дебютээ хийх гэж байна. Ийнхүү хаалттай, тусгаарлагдмал Хойд Солонгосоос дэлхийн тайзнаа гарах гэж буй Ю Хюкийг Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.


Түүний өсч төрсөн Хойд Хамгён муж Хятад, Оростой хиллэдэг. Энд тэр гуйлга гуйхын хажуугаар цэргүүдийн зараалд гүйх, мөөг зарах зэргээр өдөр хоногийг өнгөрүүлдэг байв. Өлссөндөө хоол хулгайлж байсан удаа ч түүнд бий. Нэг удаа метроны буудал дээр хэнийх нь үл мэдэгдэх савтай хоол байсныг хулгайлаад, доторхыг нь нээж үзтэл ганц халбага муудсан будаа л байсныг тэр дурсан ярьсан байдаг. Гэвч энэ бол хойд солонгос хүмүүсийн хувьд өдөр тутмын амьдралын нэг хэсэг аж.

Хэдий хүнд амьдрал туулсан ч гэлээ тэр сэтгэл зүрхэндээ мөрөөдөх орон зай үлдээж чаджээ.

Олон хойд солонгос хүнээс ялгаатай нь Ю Хюк мөрөөдлөө биелүүлж чадсан. Өдгөө тэр "1Verse" нэртэй хөвгүүдийн хамтлагийн гишүүн болжээ. "1Verse" хамтлаг хойд солонгос, япон гээд олон үндэстнээс бүрдсэн гэдгээрээ онцлог. Гэхдээ юу юунаас илүүтэйгээр хойд солонгос дүрвэгчийг хамтлагийн бүрэлдэхүүндээ багтаасан анхны К-поп хамтлаг гэдгээрээ тэд түүхэнд үлдэж буй.

Ю Хюк Хойд Хамгён мужийн Кёнсон хошуунд төрсөн бөгөөд түүнийг дөрвөн настай байхад эцэг эх нь салжээ. Улмаар Ю Хюк аав, эмээ хоёрынхоо гар дээр өссөн байна. Хойд нутгаас дүрвэн өмнөдөд суурьшсан ээж нь хожмоо Ю Хюкийг өөр дээрээ авахыг оролдсон ч аавтайгаа ойр өссөн хүү гэрээ орхихыг хүсээгүй аж.

Ю Хюкийн хэлснээр гэр бүл нь анхнаасаа ядуу зүдүү байгаагүй бөгөөд эцэг эх нь салсны дараа байдал маш хурдан мууджээ. Тухайн үед аав нь ажиллахыг хүсээгүй, эмээ нь хэтэрхий өндөр настай байсан. Иймд Хюк амьд үлдэхийн тулд өөрийнхөөрөө бүхнийг хийжээ.

Эцэст нь аав нь түүнийг ээж дээрээ очихыг ятгаснаар 2013 онд Хойд Солонгосоос зугтсан байна.

Хойд Солонгосоос гараад хэд хэдэн орноор дамжиж Өмнөдөд ирэхийн тулд Хюк олон сарыг зарцуулжээ. Чухам ямар маршрутаар Өмнөд Солонгост ирснээ тэр нийтэд ил дэлгэхгүй байхаар шийдсэн юм. Учир нь бусад дүрвэгчийг эрсдэлд оруулж магадгүй гэж тэр эмээж байгаа аж.

Өмнөд Солонгост очоод Хюк ээжтэйгээ нэг жил амьдарчээ. Улмаар ээжийнхээ дэмжлэгтэйгээр дотуур байранд амьдрах болсон байна. Гэвч Өмнөд Солонгосын өрсөлдөөн ихтэй боловсролын тогтолцоог даван туулах гэж Хюк багагүй хүчин чармайлт гаргажээ. Учир нь тэр Хойд Солонгост ердөө л бага сургуулийн боловсрол эзэмшсэн байв.

Амьдралын хүнд хэцүү үеүдэд түүнд тайтгарал өгдөг зүйл нь "бичих" байжээ. Тэрбээр Хойд Солонгос дахь амьдралаа богино шүлэг хэлбэрээр бичиж эхэлжээ. Өөрт тохиолдсон зүйлээ илэн далангүй хуваалцах нь амаргүй ч шүлэг хэлбэрээр буулгах нь түүнд илүү хялбар байв. Түүний түүх хүмүүст хүрэхгүй гэж бодсон боловч сургуулийн хөгжмийн клубынхэн, найз нөхөд, багш нар нь урам зориг өгсөн аж. Улмаар Хюк реп урсгалыг сонирхож эхэлжээ.

Дуу хөгжим, тэр дундаа К-поп гэдэг бол түүний хүүхэд насандаа сонсч мэдэрч байгаагүй "тансаг" зүйл байв.

Өдгөө тэр ганцаардсан, аавыгаа санасан сэтгэлээ дуу хөгжимдөө шингээх болжээ. "1Verse"-ийн "Ordinary Person" дуунд Хюк өөрийгөө ганцаардмал хүмүүсийн дундах хамгийн ганцаардмал нэгэн гэж нэрлэсэн байдаг.

Хюк 20 настайдаа ахлах сургуулиа төгсчээ. Дараа нь тэр ресторан, үйлдвэрт цагийн ажил хийдэг болов.

Түүний амьдрал өөрчлөгдсөн тэр цаг мөч бол 2018 он. Тодруулбал, Хюк 2018 онд боловсролын утга агуулга бүхий нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцсон бөгөөд энэ үед К-попийн домогуудыг төрүүлэгч "SM Entertainment"-ын продюсер асан Мишель Чо түүнийг олж харсан байна. Улмаар Хюкийг "Singing Beetle" гэх өөрийнхөө агентлагт ажиллахыг урьжээ.

Мишель Чо өөрт нь санал тавьсан гэдэгт Хюк эхэндээ итгээгүй. Яагаад гэвэл Өмнөд Солонгост Умардаас ирсэн дүрвэгчид аливаа луйврын бай болох нь элбэг аж. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Мишель Чогийн түүнд зарцуулж буй цаг хугацаа, хөрөнгө мөнгө эргэлзээг нь тайлжээ.

ЦАГААН ЦААС

Хамтлагийн гишүүн Ким Сеок 24 настай бөгөөд мөн Хойд Солонгосын дүрвэгч аж. Гэхдээ 2019 онд Өмнөдөд ирсэн түүний амьдрал, туршлага Хюкийнхаас тэс өөр. Хойд Солонгостоо харьцангуй боломжийн амьдралтай байсан Сеокийн хувьд Хятадын хилтэй ойролцоо амьдардаг байжээ. Тийм учраас хууль бусаар хилээр орж ирсэн "USB" болон "SD" картаар дамжуулан К-поп, К-драма гэх мэт соёлтой хэдийнэ танилцчихсан байв.

Мишель Чо хоёр хүүг хоёуланг нь хоосон цаас гэж тодорхойлжээ. Тэдэнтэй адил дадлагажигч урьд өмнө түүнтэй хэзээ ч таарч байгаагүй аж. Хамтлагийн бусад гишүүн хүүхэд бага наснаасаа л хөгжим, бүжигт шимтсэн хөвгүүд. Гэтэл Хюк, Сеок нар анхлан суралцагч нар. Тэд поп соёлын талаар анхан шатны мэдэгдэхүүнгүй байв.

Гэвч тэдний тэсвэр тэвчээр Мишель Чог гайхашруулсан гэдэг. Шаргуу бүжгийн бэлтгэлийн ард хоёр хөвгүүн тун зоримог, шийдэмгий гардаг байв.

Дадлагажигчид хөгжим, бүжгээс гадна ёс зүй, хэлэлцүүлэг, хэвлэлтэй харилцах зэрэг олон хичээлд хамрагддаг. Үзэл бодлоо илэрхийлэх тал дээр хойд солонгос хөвгүүд эхэндээ хаагдмал байсныг Мишель Чо дурсжээ.

Гэвч гурван жилийн дараа Ю Хюкт гайхалтай ахиц дэвшил ажиглагдсан байна. Бусдаас асуух, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх зэрэгт маруухан байсан Хюк өдгөө түмэн "яагаад"-ын эзэн болжээ. Ямар нэг зүйл хийх болоход Хюк "Яагаад?" гэдэг асуултыг янз бүрээр тавьдаг аж. Тиймээс заримдаа өөрийнхөө хийсэн зүйлд харамсах хэрэг гардаг гэж Мишель Чо хошигножээ.

Харин хамтлагийн япон гишүүн Хюк, Сеок нарын талаар юу гэж боддог бол?

Хамтлагийн гишүүн 20 настай Аито ярихдаа "Хойд Солонгос улс Японтой дайсагнасан харилцаатай учраас би эхэндээ айж байсан. Хойд солонгосчуудыг аймаар гэж бодсон ч тийм байгаагүй" гэжээ.

Харин ази америк гаралтай Кеннигийн хувьд соёлын жижиг ялгаанууд хамгийн хэцүү байжээ. Тухайлбал, хамтдаа хооллох нь солонгос соёлын нэг хэсэг. Гэтэл энэ нь Кеннигийн хувьд соёлын шок байсан аж. Америк соёлоор өссөн түүний хувьд чихэвчээ зүүгээд ганцаараа хооллохыг илүүд үздэг.

Тус хамтлаг өнгөрсөн оны сүүлээр тав дахь гишүүнээ элсүүлсэн нь лаос, тайланд гаралтай америк иргэншилтэй Натан байв.

НЭГ Л ӨДӨР ХОЙД СОЛОНГОСТ…

Жил бүр олон 10 К-поп хамтлаг төрөн гардаг. Гэсэн ч тэдний дундаас хуруу дарам цөөхөн нь л дэлхийн хэмжээний алдартан болдог. Тэд энэ оны сүүлээр АНУ-д дебютээ хийхээр ажиллаж байгаа бөгөөд шүтэн бишрэгчдийг татах эсэхийг нь хэлэхэд эрт байна.

Гэвч Хүмүүс булангийн гол дүр Хюкийн хувьд том мөрөөдөлтэй нэгэн. Тэр хэзээ нэгэн өдөр хойд солонгосчуудад хамтлагийнхаа дууг сонсгоно гэж итгэдэг. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Өмнөд Солонгосын соёлын агуулга бүхий ухуулах хуудас сэлтийг агаарын бөмбөлгөөр дамжуулан Умард руу тогтмол илгээдэг. Тиймээс Хюкийн мөрөөдөл ямар нэг байдлаар биелэх магадлалтай л юм.

Хэдий эх орноосоо дүрвэсэн ч гэлээ Хюк Хойд Солонгосыг шүүмжлэгч гэж хэлүүлэхээс зайлсхийдэг. Тэрбээр ярилцлага өгөхдөө Хойд Солонгосыг газар зүйн байршлынх нь хувьд "дээр байгаа улс" гэж нэрлэдэг. Мөн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг дурддаггүй.

Ким Жон Ун сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын соёлын урсгалыг таслан зогсоох арга хэмжээг эрчимтэй авах болсон. Энэ төрлийн контентыг үзэх, түгээх нь 2020 оноос хойш цаазын ялтай гэмт хэрэг болсон.

Тиймээс "1Verse" хамтлагийн дуу ямар нэг байдлаар хит болвол энэ нь Хойд Солонгост ихээхэн бужигнаан үүсгэх нь дамжиггүй.

Энэ талаар Донггук их сургуулийн Хойд Солонгос судлалын хүрээлэнгийн хөгжим, хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн академич Ха Сын Хи хэлэхдээ "Хэрвээ Хойд Солонгосоос дүрвэсэн хүн өөрийн дүр төрхийг ил тод хүлээн зөвшөөрч, дэлхийн хэмжээний идэвхтэн болбол Умардад шуугиан дэгдээх болов уу" гэжээ.

Ю Хюкийн хувьд дүрвэгсэд амжилтад хүрч чадна гэдгийг нотлон харуулах эрмэлзэлтэй. Яагаад гэвэл дүрвэгсэд Өмнөд Солонгост ирээд асар их ялгаатай байдлыг олж хардаг. К-поп шүтээн болно гэдэг хойд солонгос дүрвэгчдийн сонгох сонголт биш аж. Хэрвээ Ю Хюк амжилтад хүрч чадвал бусад дүрвэгч илүү том мөрөөдөл, урам зориг тээх болно. Тийм ч учраас Ю Хюк хамгийн сайнаараа хичээсээр байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.146

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Avatar

Зочин 3 цагийн өмнө 139.5.217.198

харвасан од гэдэг бол одоо байхгүй гэсэн үг биз дээ, тэгээд энэ нөхөр чинь одоохондоо од гэхэд хэцүү л нэгэн юм биш үү, зүгээр хойд со-оос гаралтай гэдэг нь сонин байгаа юм биш үү

Avatar

Зочин 3 цагийн өмнө 80.148.22.12

малаа юм бичих гэсэн бол гарчигаа зөв өгч сур бурхан болоочийг ингэж хэлдэг юм эх хэлээ сур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж