"Манай гэр бүлийн хамгийн дуртай баяр цагаан сар"

"Манай гэр бүлийн хамгийн дуртай баяр цагаан сар"

"Манай гэр бүлийн хамгийн дуртай баяр цагаан сар"

"Цагаан сарын баяр бол монголчуудын дэлхийн бусад улс орноос ялгарах онцлог юм шиг санагддаг. Энэ баяраар халуун ам бүлээрээ цугларч, ахмад настандаа хүндэтгэл үзүүлдэг нь сайхан. Миний хувьд айлд зочилж, ямар бэлэг авах бол гэж их догдолдог. Айлд ороод цочиж бэлэг авах их сайхан шүү" хэмээн хошигнон ярих энэ эрхмийг Стефан Боргерс гэдэг. Тэрбээр Бельги улсын иргэн бөгөөд монгол бүсгүйтэй ханилан суусан гадаад хүргэн. Монголчуудын уламжлалт томоохон баяраар энэ айлд түр саатаж, ярилцсанаа хүргэж байна. 


-Сар шинийн баярын дугаарт зочноор оролцон, ярилцаж байгаа та бүхэндээ баярлалаа.“Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жилийн баярын мэндийг хүргэе. Бидэнд гэр бүлээ танилцуулахгүй юу?

Э.Очирмаа: Миний ханийг Стефан Боргерс гэдэг. Бельги улсын иргэн. Манайх ам бүл дөрвүүлээ. Нэг хүү, охинтой. Охин маань одоо 17 настай, нийслэлийн 24 дүгээр сургуульд сурдаг. Хүү маань 2020 онд МУИС-ийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. Одоогоор гэр бүлийн бизнестээ анхаарч, аав, ээждээ тусалж байна.

-Анх хэрхэн танилцаж байв. Гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ?

Э.Очирмаа: Анх ханьтайгаа 2004 онд Монголд танилцсан. Өнөөдөр яг 20 жил болж байна. Бид хоёр танилцсаны дараа би Бельги улсад найман жил амьдраад, 2012 онд Монголд эргэн ирж, амьдрахаар шийдсэн юм. Өнөөдөр эх орондоо ажиллаж, амьдраад 12 жил болсон байна.

Стефан Боргерс: Миний ханийн эгч 20 жилийн өмнө Бельги улсад ажиллаж, амьдардаг байсан. Тухайн үед хадам эгч маань надаар дамжуулан Монгол руу илгээмж явуулж байлаа. Тэр илгээмжийг өгөхдөө анх ханьтайгаа танилцаж байсан. Хань минь эрч хүчтэй, нөхөрсөг, халуун дулаан сэтгэлтэй бүсгүй байсан учраас маш их татагдсан.

-Гэр бүлээрээ Монголд амьдрах шийдвэрийг яагаад гаргав?

Э.Очирмаа: Миний хувьд нөхрийнхөө шийдвэрийг дагаж, амьдрахаар шийдсэн. Нөхөр маань өмнө нь Монголд гурван удаа ирж, энд сайхан амьдрах боломж байна гэдгийг хэлсэн. Монгол тайван амгалан улсаас бизнес эрхлэх маш олон боломж байгаагаас гадна хөдөлмөрч, халуун сэтгэлтэй ард түмэн дунд амьдрах хүсэлтэй байна гэдгийг хэлсэн.

Аливаа асуудлыг бэрхшээл талаас нь харвал маш олон бий. Гэхдээ манай гэр бүлийн хувьд монгол ах дүү, элгэн садныхаа хажууд ажиллаж, амьдрах нь үнэхээр сайхан байдаг. Бүхий л асуудлыг болгож, бүтээнэ гээд гэр бүлээрээ ажиллаж хөдөлмөрлөж явна.

Стефан Боргерс: Ард иргэд нь нээлттэй, шулуун шударга зантай хүмүүс учраас Монголд ажиллаж, амьдрахад амар бөгөөд тухтай байдаг.

-Үзэгчид хоёрыг "Шарк танк" шоу нэвтрүүлэгт оролцсон гэдгээр нь таних байх. Гэр бүлийн бизнесээ эхлүүлээд хэдэн жил болж байна вэ?

Э.Очирмаа: Тийм ээ. "Шарк танк" шоу нэвтрүүлэгт орж, гэр бүлийн бизнес болох бельги вафлины төслөө танилцуулан хөрөнгө оруулалт авсан. Бельги орон бол дэлхийд вафли, шоколадаараа алдартай. Тэр утгаараа манай нөхрийн эмээгийн удам дамжсан вафлины жорыг Монголд нутагшуулж, үйлдвэрлэж эхэлсэн. Гэр бүлийн бизнесээ эхлээд долоон жил болсон байна. Компани маань таван ажилтантай. Бельги вафлийг хэрэглэгчид сайн мэддэг болсон.

-Монгол бэрд ёс заншил, соёлын ялгаанаас болж хөгжилтэй явдал хэр тохиолдож байв?

Э.Очирмаа: Олон хөгтэй явдал тохиолдож байсан. Анх ханьтайгаа гэрлэсний дараа Бельги улсын соёл, иргэншлийн талаар их сонсдог байсан. Нэг удаа хадам аавтайгаа хоол хийхдээ элсэн чихрийн уут задлах шаардлагатай болсон. Тэр үед би уутыг гараараа урах гэж оролдож байхад аав маань "Би яг энэ тохиолдолд зөвхөн хайч хэрэглэдэг" гэж хэлж байсан. Харин Стефаны хувьд Монголд манай авга ахынх өвлийн идэшээ идэж байхад очоод мах чанасан чинь гургалдайг нь харчихаад их гайхаж байсан юм.

-Монгол хэлээр их муу ярих юм. Хэл сурахад хүнд байна уу?

Стефан Боргерс: Монгол хэлийг сурахад их амаргүй санагдсан. Монголоор муу ярьж байгаад уучлаарай.

-Таныг монгол ёс уламжлалаар бэр гуйсан уу?

Э.Очирмаа: Үгүй. Гэхдээ хадам аав маань Монголд өөрийн биеэр ирж, 2009 онд бид хуримаа хийж байлаа. Анх бага зэрэг хэлний бэрхшээл байсан ч тухайн үедээ хэлний сургуульд суралцсан. Сэтгэл байгаа болохоор хоорондоо ойлголцоод л явдаг даа.

-Монгол түмний уламжлалт цагаан сарын баярт хэр ач холбогдол өгч тэмдэглэдэг вэ?

Стефан Боргерс: Гэр бүлээрээ монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сар, наадамд өндөр ач холбогдол өгч тэмдэглэдэг. Цагаан сарын баяр бэлтгэлээ эртнээс хийж, гэр орноо цэвэрлэхээс авхуулаад маш завгүй өдрүүдийг өнгөрүүлдэг. Уламжлалт зоог буузаа хийнэ. Монгол ахан дүүстэйгээ золгож, гэрээр нь зочилдог.

Хань бид хоёр айлын бага учраас зочлох айл их, ирэх айл нь харьцангуй бага байдаг. Гэрийн эзний хувьд тавгийн идээгээ сондгой тоогоороо гурван үе засдаг.

-Монголд тэмдэглэсэн хамгийн дурсамжтай цагаан сарын баяр гэвэл?

Стефан Боргерс: Анх Монголд ирэхэд цагаан сарын баяраар халуун ам бүлээрээ цугларсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Мөн дээрээс нь ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж байгаа нь сайхан байдаг.

Цагаан сарын баяр бол монголчуудын дэлхийн бусад улс орноос ялгарах онцлог юм шиг санагддаг. Зочдодоо гарын бэлэг өгдөг. Миний хувьд ямар бэлэг авах бол гэж их догдолдог. Айлд ороод цочиж бэлэг авах сайхан. /инээв/

-Танайх баярын ширээндээ ууц тавьдаг уу?

Э.Очирмаа: Үгүй. Ууц тавих арай болоогүй байх. Хань бид хоёр айлын бага гэдгийг хэлсэн. Тэр утгаараа махаа чанаж, хонины гуя шарахаар бэлдсэн байгаа. Хань маань монгол ёс уламжлалыг их сонирхож асууна. Айл хэсэхээр "Энэ айл яагаад хонь /ууц/ тавихгүй өвчүү тавьсан байна вэ гэх мэт асуулт асууна. Их сониуч, ажигч хүн.

-Хүү, охин хоёр нь орчуулагч хийж, тайлбарлах уу?

С.Мягмардорж: Тэгдэг. Аав их сониуч зантай хүн. Нэг айл нь нөгөө айлаас онцлог байвал асууж, сонирхоно.

-Ханийнхаа ямар зан чанарыг хайрлаж, хүндэлдэг вэ?

Э.Очирмаа: Хань маань маш зөөлөн хүнээс гадна хүнлэг, хөдөлмөрч, зарчимч хүн. Гэрийн эзэн гэдгээ маш сайн ухамсарлаж, өндөр хариуцлагатай. Бүх асуудлыг чиглүүлдэг сайн хань.

-Монгол орноор хэр аялдаг вэ?

Э.Очирмаа: Гэр бүлээрээ байгалийн сайханд аялах дуртай. Хөвсгөл, Архангай, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Булган, Дархан, Сэлэнгэ аймаг гээд их аялдаг.

Стефан Боргерс: Дархан хотын байгаль цаг уур их сайхан. Тохилог гоё хот. Сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгаа хот шиг санагдсан.

-Таны хувьд гэр бүлийн үнэ цэн юунд оршдог вэ?

Э.Очирмаа: Ерөөсөө л хүндлэл, итгэлцэл дээр гэр бүл тогтдог. Нэг зорилго, чигтэй байвал болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй. Хамтдаа хүрэх цэгээ тодорхойлж, харж чадвал амьдралд бүх зүйл боломжтой гэж боддог. Бие биедээ итгэж, хайрлаж, хүндэлж чадвал тэр жинхэнэ хайр болж хувирдаг гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэрч явна.

Эхнэр хүн үр хүүхэд, хань ижилдээ халамжтай, санаачлагатай, халуун уур амьсгал бүрдүүлж байх нь сайхан.

Стефан Боргерс: Хосууд харилцан бие биенээ хүндэлж, итгэлцэж хангалттай эрх чөлөөг нь өгөх хэрэгтэй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 минутын өмнө 103.212.118.239

Амжилт хүсье, сайхан шинэлээрэй. Good luck, happy treasure snack year.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.103

yu ve

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 139.5.218.89

Сайхан шинэлээрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж