Amazon компани дуут туслах функцтэй "Alexa"-гийн шинэчлэгдсэн, хиймэл оюун ухаант хувилбар болох "Alexa+"-ийг Лхагва гаригт /2025. 02.26/ Нью-Йорк хотноо танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. Ирэх гуравдугаар сараас эхлэн АНУ-д худалдаалагдаж эхлэх "Alexa+" нь улам илүү, өргөн цар хүрээтэйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчийнхээ сайн найз нь болж чадна гэж компанийн зүгээс үзэж байна.
"Alexa+" арга хэмжээний нээлтийн үеэр "Би энгийн нэг туслах биш. Би цахим ертөнц дэх таны сайн найз байх болно. Би хошигнож, амьдралын тань өдөр тутмын сонирхолд нийцүүлсэн ухаалаг шийдлүүдийг танилцуулах болно. Хамтдаа технологийн салбарт ид шидийг бүтээцгээе" гэж хэлсэн байна.
Уг дуут туслахыг хиймэл оюун ухааны функц дэмждэг чанга яригч болон гар утсанд суулгах боломжтой бөгөөд заавал тусгай төхөөрөмж худалдан авалгүйгээр гар утсандаа суулгаж өгч болно гэсэн үг юм. "Amazon" компанийн зүгээс хэлэхдээ, шинэ загвар нь илүү бодит мэт, чөлөөтэй харилцан яриаг өрнүүлж чадна. Мөн энэ нь хэрэглэгчдэд зочид буудал, ресторан, машин түрээслэх, цахимаар бараа захиалах зэрэг боломжийг төвөггүй олгож, асуудлыг шийдвэрлэж өгөх юм байна. Тус компани "Alexa+" нь хэрэглэгчийнхээ харилцан ярианаас туршлага хуримтлуулан ур чадвараа улам сайжруулдаг гэж мэдэгджээ. Түүнчлэн, энэхүү шинэ төхөөрөмж нь ирээдүйд япон хэлийг дэмжих болно.
"Amazon" -ын албаны хүн хэлэхдээ, дэлхий даяар 600 сая "Alexa" ашиглах боломжтой төхөөрөмж байдаг бөгөөд хиймэл оюун ухааныг сайжруулснаар шинэ боломжууд өдрөөс өдөрт нээгдэж буй. "Google" компани мөн хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн, үйлчилгээ дээрээ ажиллаж байна. Тус компанийн хувьд "Alexa+"-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргана гэдэгтээ найдаж буй.
Холбоотой мэдээ