Булган аймагт сумын эмнэлэгт архины хордлогыг улмаас хэвтэн эмчлүүлж байсан иргэн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-ны өдрийн 01:00 цагт энэ тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 56 настай, эрэгтэй “Н” нь дөрвөн хоног дараалан согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архины хордлого гэх оношоор хэвтэн эмчлүүлж байжээ.
Иймд сар шинийн баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гарал үүсэл тодорхойгүй, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундааны зүйл худалдан авахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Дашрамд дурдахад, тэмдэглэлт өдрүүдээр иргэдийн архи согтууруулах ундааны худалдан авалт, борлуулалт нэмэгдэхтэй зэрэгцэн цахим орчинд хямд үнэтэй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундааг худалдах зар мэдээллийг байршуулах, хуурамч Онцгой албан татварын тэмдэгтэй бүтээгдэхүүнийг зарж борлуулах хууль бус үйлдлүүд нэмэгдэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цахим орчинд зар байршуулж архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчлийг таслан зогсоох, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ, мэдээлэл хүргэх чиглэлээр “Цахим-архи худалдаа” арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс зохион байгуулж эхэлжээ.
Ингэснээр гар дээрээс зохих зөвшөөрөлгүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан 13, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөлтэй болон түүгээр үйлчилдэг 2955 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж нийт 75 зөрчил илрүүлж, 952 архи, согтууруулах ундааг хурааж, зөрчил гаргасан 10 иргэнийг 6.500.000 төгрөгөөр, 8 аж ахуйн нэгжийг 15,000,000 төгрөгөөр тус тус торгож, 21 зөрчлийг харьяаллын дагуу татварын байгууллагад шилжүүлж, 56 зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Холбоотой мэдээ