Афганистаны нийслэл Кабул хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжнуудад хяналтын камерыг тоолж баршгүй олноор байршуулжээ. Талибаны цагдаагийн хүчин сая сая хүмүүсийн өдөр тутмын амьдралыг ажиглахаар суурилуулсан 90 мянган ширхэг хяналтын камерыг бахархалтайгаар танилцуулж байна. Энэ хяналт нь гэмт хэрэгтэй тэмцэхэд тустай гэж эрх баригчид мэдэгдэх боловч нөгөө талаараа эсэргүүцэгчид, идэвхтнүүдийг дарах нэг хэлбэр гэж шүүмжлэгсэд ч бий. Талибын засгийн газраас хэрэгжүүлж буй ёс суртахууны хатуу дүрмийг хянахад эдгээр камерыг ашиглана гэж шүүмжлэгчид болгоомжилж байна.
"BBC" агентлагийн сэтгүүлчид анх удаа онцгой эрхтэйгээр тэдгээр камер хэрхэн ажиллаж байгааг харахаар удирдлагын өрөөнд оржээ. Тэнд цагдаа над хэдэн мянган камерын шууд дамжуулалтыг харж, Кабулын зургаан сая иргэний амьдралыг ажиж байна.
Тэдгээр камер нарийвчлал сайтай тул автомашины дугаараас эхлээд хүний царайны хувирал гээд бүхнийг хянадаг. Энд тэнд бүлэг хүмүүс сэжигтэй зүйл хийж байгаа ажиглагдвал орон нутгийн цагдаад нь яаралтай хандах замаар асуудлыг шийдэж байгаа аж. Орон нутгийн цагдаа нар ч хар тамхи гэх мэт гэмт хэргийн шинж чанартай зүйл байж магадгүй гэж сэжиглэсний үндсэн дээр халуун цэгт нь хурдтай хүрч очдог.
Өмнөх засгийн газрын үед Кабулд өдөр бүр халдлага гарч, хүн хулгайлах, машин дээрэмдэх зэрэг томоохон гэмт хэрэг үйлдэгддэг байсан. Харин Талибанчууд 2021 онд засгийн эрхийг гартаа авахдаа гэмт хэрэгтэй тэмцэхээ амласан билээ. Улмаар нийслэлд хяналтын камерын тоо эрс нэмэгдэж байгаа нь талибуудын хууль, дэг журмыг хэрэгжүүлэх арга барил улам боловсронгуй болсны илрэл юм. Тэднийг буцаж ирэхээс өмнө нийслэлд ердөө 850 камер байсан гэдгийг аюулгүй байдлын албаны төлөөлөгч асан мэдэгджээ.
Кабулын хяналтын камерууд хүмүүсийн царайг өндөр нарийвчлалтайгаар нас, хүйс, сахал, маск гэх мэтээр нь ангилж хүртэл харуулах аж. Түүнчлэн тэнгэр цэлмэг байвал хүмүүс хэчнээн хол байсан ч сайн татаж харах хүчин чадалтай.
Талибаны эрх баригчид засгийн эрхэнд гарснаасаа хойш хүмүүсийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хэд хэдэн хатуу арга хэмжээ авсан. Өдгөө тэд өөрсдийн боловсон хүчнийг хүртэл хатуу хянаж байна.
Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр шинэ камерууд нь аюулгүй байдлыг сайжруулах, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт этгээдийг шуурхай баривчлах зэрэгт ихээхэн хувь нэмэр оруулжээ. Камер болон мотоциклын явуулын хяналтыг нэвтрүүлснээр 2023-2024 оны хооронд гэмт хэргийн гаралт 30 хувиар буурсан гэх боловч үүнийг баталгаажуулан нотолсон зүйл хараахан үгүй.
Давуу тал байгаа хэдий ч камеруудад хэн, хэдий хугацаагаар хяналт тавьж байгаа бол гэдэгт хүний эрхийн байгууллагууд зовниж байна. "Үндэсний аюулгүй байдал" нэрийн дор камер суурилуулсан нь афганистанчуудын эрхийг зөрчиж буй үйлдэл гэдгийг Эмнести Интернэшнл хүний эрхийн байгууллага мэдэгдлээ. Ялангуяа олон нийтийн газар эмэгтэйчүүдийн үндсэн эрхийг зөрчих нэг шалтаг болж буйг онцолж байна.
Хуулиараа эмэгтэйчүүд гэрээсээ бусад газарт чанга дуугаар ярих, дуулах хориотой. Гэхдээ бодит байдал дээр энэ нь чанд мөрдөгддөггүй. Мөн охид дунд болон дээд боловсрол эзэмших, эмэгтэйчүүд янз бүрийн ажил хийх нь хориотой байдаг. Тухайлбал, эх баригч, сувилагчийн мэргэжлээр сурдаг эмэгтэйчүүдийг хичээлдээ ирэхгүй байхыг арванхоёрдугаар сард тушаасан байна.
Кабулд эцэг эхийнхээ хамт амьдардаг залуу төгсөгч Фариба хэлэхдээ "Талибууд засгийн эрхэнд гарснаас хойш ажил олдохгүй байна. Хяналтын камерыг эмэгтэйчүүдийн хижабыг хянахад ашиглаж магадгүй гэж ихээхэн санаа зовж байна" гэжээ.
Талибанчуудын хэлснээр хяналтын камерт зөвхөн энгийн цагдаа нар л нэвтрэх боломжтой, ёс суртахууны цагдаа нар үүнийг ашигладаггүй аж.
Хяналтын камерт цугларсан бичлэгүүдийг хэрхэн хадгалах, ашиглахыг зохицуулсан тусдаа хууль байхгүй гэдгийг хүний эрхийн ажиглагчид хэлж буй. Мэдээллийг гурван сарын хугацаатай хадгалдаг гэж албаныхан мэдээлжээ. Мөн камеруудыг тусгай, бүрэн нууцлалтай өрөөнөөс мэргэжлийн хүн ажиллуулдаг учир хувийн нууцад заналхийлэх үндэслэл байхгүй гэж Дотоод хэргийн яам мэдээлсэн юм.
Камеруудыг Хятадад үйлдвэрлэжээ. Талибууд Хятадын “Huawei Technologies” компанитай камер худалдаж авахаар хэлэлцээ хийж байна гэсэн өмнөх мэдээллийг тус компани үгүйсгэсэн юм. Камерууд дээр Хятадын засгийн газартай холбоотой "Дахуа" компанийн нэрийг бичсэн байжээ.
Шинэ камерын суурилуулалтын зардал эгэл жирийн афганчуудын нуруун дээр бууж буйг мөн "BBC" онцолжээ. Кабулын иргэн Шелла хэлэхдээ "Тэд ойролцоох гудамжинд суурилуулсан камерын төлбөрийг өрх бүрээс шаардсан. Хэрэв айлууд төлбөрийг нь төлөхөөс татгалзвал гурван өдрийн дотор ус, цахилгааныг нь тасалдаг. Бид зардлаа нөхөхийн тулд зээл авах шаардлагатай болдог. Хүмүүс өлсөж байна. Энэ камерууд яг хэнд ашигтай вэ" гэв.
Гэтэл ажил хийдэг афган эмэгтэйчүүд сард ердөө 68 ам.долларын цалин авдаг.
Эмэгтэйчүүд гэлтгүй нийт иргэдийн хувьд олон жил үргэлжилсэн эмх замбараагүй байдлаас улбаалаад санхүүгийн байдал нь тогтворгүй, найдваргүй болсон. Хямралтай байгаа эдийн засгийг улам дордуулж буй нэг хүчин зүйл нь талибууд засгийн эрхэнд эргэн ирснээс хойш олон улсын тусламжийн санхүүжилт үндсэндээ зогссон явдал юм.
НҮБ-ын мэдээлснээр Афганистанд өдгөө тусламж хэрэгтэй 30 сая хүн байна.
Камер суурилуулалтын зардалд хувь нэмрээ оруулахыг хүсэхгүй бол албан ёсны гомдол гаргаж болно гэж талибууд хэлдэг. Хүмүүсийн оролцоо цэвэр сайн дурын үндсэн дээр байгаа гэдгийг Талибаны цагдаагийн төлөөлөгч Халид Задран хэлжээ.
м 2 цагийн өмнө 202.70.40.115
Улс орноороо шоронжсон газар. Хүний эрх, ардчилал гэх зүйл тэнгэрийн хол сонсогддон газар болсон доо.Америкчуудын бий болгож өгсөн ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа газар даа. 80 тэрбум долларын з****г техникээ зэрлэг талбиуудад зүгээр найр тавиад өгсөн гэхэд болно.