Японы зүүн хойд хэсгийн Иватэ мужийн Офүнато хотод ой хээрийн түймэр гарчээ. Лхагва гаригийн үдээс хойш эхэлсэн түймэр одоог хүртэл унтраагүй бөгөөд Акасакичогийн Аттари, Санрикүчо Риори хотын Кожи, Тахама зэрэг дүүрэгт тархаад байна. Хотын албаныхны мэдээлснээр 84 байшин болон бусад барилга түймэрт өртжээ.
Гал түймэр Лхагва гаригийн 17:00 цагийн байдлаар 600 гаруй га талбайг хамарчээ.
Офүнатогийн эрх баригчид Санрикүчо Риори дахь 850 өрхийн 2060 хүнийг, Аттари дүүргийн 23 өрхийн 54 хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ. Улмаар нүүлгэн шилжүүлэх төвүүдэд 584 хүн хоргодоод байна. Кожи дүүрэгт ганцаараа амьдардаг 82 настай эмэгтэй 14:00 цагийн үед гадаа гарахдаа ямар нэгэн зүйл болохгүй байгааг мэдэрчээ. Гэтэл ойролцоох талбайд өвс шатаж байсан аж. Өндөр настан тэр даруй гэрээсээ зугтсан бөгөөд удалгүй эргэн харахад байшингаас нь утаа суунаглаж байжээ. Цагдаагийн алба хаагчид болон гал сөнөөгчид гэмтэж бэртсэн, байрандаа үлдсэн хүмүүс байгаа эсэхийг шалгасаар байна. Мөн орон сууцны хороолол орчимд гал унтраах ажиллагаа үргэлжилж байна. Японы Өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэрэгнүүд Пүрэв гаригийн өглөөнөөс агаарт ус цацаж эхэлжээ.
Иватэ мужийн өмнөд эрэгт хуурай цаг агаартай байгаа тул хоёрдугаар сарын 18-наас хойш сэрэмжлүүлэг хүргэсээр байгаа аж.
Тахама дүүрэгт хоёрдугаар сарын 19-ний өдөр мөн ой хээрийн түймэр гарсан бөгөөд гал сөнөөгчид галыг бүрэн унтраасан тухай Мягмар гаригт мэдэгджээ.
Холбоотой мэдээ