Монгол Улсын хэмжээнд 100 хувьцаат компаниас 42 нь энэ онд 1 их наяд төгрөг /1,043.2 тэрбум/ -ийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилах шийдвэр гаргажээ. Энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн төдийгүй олон нийтэд мэдээлсэн юм байна.
Хөрөнгийн зах зээл жинхэнэ утгаараа хөгжвөл хувьцаат компаниуд жил бүр хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилж, тэр хэрээр иргэд орлогоо нэмэгдүүлж, мөн компаниудад тавих хяналт ч сайжрах сайн талтай. Одоогоор Монгол Улсад хөрөнгийн зах зээл дэлхийн бусад улс орны жишигт хүрч чадаагүй ч тодорхой хэмжээнд үр дүн гарч буйг харж болно.
Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр олон нийтийн болсон хувьцаат компаниуд 2020 онд 132.7 тэрбум, 2021 онд 110.5 тэрбум, 2022 онд 150.8 тэрбум, 2023 онд 303.07 тэрбум, 2024 онд 535.09 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус тус хуваарилсан байдаг. Харин энэ онд 1,042.9 тэрбум төгрөг буюу 1 их наяд болж өссөн.
Сүүлийн гурван жилд олон нийтэд нээлттэй болсон нийт 12 хувьцаат компаниас 10 компани 500.6 тэрбум ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн нь 48 хувийг, үүнээс нийт 4 банк 407.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн нь нийт ногдол ашгийн 39.1 хувийг тус тус бүрдүүлжээ.
Компанийн тухай хуулийн 46.5-д хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхээр хуульчилсан байдаг. Энэхүү хуульд заасан хугацаа 2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөр дууссан юм.
Төр ч төрийн өмчит компаниудаа нээлттэй хувьцаат компани болгон, олон улсын жишгийн дагуу засаглалыг нь улс төрөөс ангид байлгах зорилго тавин ажиллах болсон.
Тухайлбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2024 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 47 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилах шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь гаргасан.
Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит хувьцаат компаниудын хувьчлалын дагуу 2022 онд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгож, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн юм.
Мөн Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг. Тус компани өнгөрсөн онд 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан тул Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаад 2024 оны ногдол ашигт 350 мянган төгрөг хуваарилах шийдвэр гаргасан. Инфляци үүсэхээс сэргийлж ногдол ашгийг гурав хуваан олгохоор төлөвлөж, эхний урьдчилгаа болгож 121, 500 төгрөгийг шинэ оны эхэнд олгосон. Хоёр дах хэсгийг сар шинийн өмнө олгохоор шийдвэрлэсний дагуу 100 мянган төгрөгийг уржигдраас дансанд нь шилжүүлсэн. Үлдсэн 90 мянган төгрөгийг хоёрдугаар улиралд шилжүүлэх юм.
2025 онд ногдол ашиг хуваарилахаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдээллээ ирүүлсэн компаниудын жагсаалтыг дараах хүснэгтээс тодруулан харж болно.
Г.ХОРОЛ
Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.40
SEXSDI80955877ANUSDI