Хамтарсан Засгийн газар 2028 он гэхэд нэг монгол хүнд ногдох ДНБ-ийн хэмжээг 10 мянган ам.долларт хүргэх зорилго тавьсан. Уг зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарлаж, он гарсаар гурван ч том төслийг гацаанаас гаргасан юм.
Гэвчиг монголчуудын төсөөлөөгүй төвөгтэй нөхцөл эдийн засагт үүсээд байгаа агаад АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын задгай тоглолт, таамаглах аргагүй улс төрийн шийдвэрүүд олон улсад цохилт болж буй.
Ялангуяа АНУ-Хятадын худалдааны дайны сөрөг нөлөө Монголын эдийн засагт хямрал авчирч болзошгүй байна. Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай, тэр тусмаа нүүрсний экспорт дээр тогтдог. Атал нүүрсний экспорт муудаж, Хятад талаас импортоо бууруулсан нь дотогшлох долларын урсгалыг царцааж, Засгийн газар нүүрснээс олох орлогоо хаанаас босгох вэ гэсэн бодлого бодох дээрээ тулсан.
Энэ оны улсын төсөвт 83 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллараар тооцож суулгасан. Гэвч эхний хоёр сарын байдлаар нүүрсний экспортын орлого төсөөлснөөс доогуур байгаа тул алт, зэсийн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь асуултын тэмдэг болоод байна.
Хятад улс нүүрсний импортоо багасгасан нь нэгд хуримтлагдсан нүүрсний хэрэгцээ хангалттай байгаа. Хоёрт, гангийн үйлдвэрлэл буурсан гэх шалтгаанууд тоочих болсон.
Монгол Улсын экспортын 90 хувь нь Хятадаас хамааралтай. Тиймээс Хятад “хямсганах” нь Монголд хямрал дагуулах нь бий. Нөгөө талаар дотоодын улс төрийн зодоон том зургаараа эдийн засагт эрсдэл дагуулах болсон. Гадаад талдаа “MCS” гэхээсээ төр нь үндэсний үйлдвэрлэгчдээ эр бяраа гаргаж байна гэсэн мессеж болж хүрнэ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд төрийн тогтвортой агаад найдвартай харилцаа маш чухал. Хөрөнгө оруулагчид гэдэг нь ашиг хөөж яваа хүмүүс. Тиймээс оруулсан хөрөнгө оруулалтаа хэр найдвартай гэдгийг сонирхох нь лавтай. Тэдний хувьд тоо бол дохио. Хэдийгээр бид жалгандаа улстөржиж буй нь дэлхий нэгэнт хавтгай, алгын чинээхэн утсанд багтдаг болсон. Энэ утгаараа Монголд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа хүмүүс хамгийн эхлээд эрх зүйн орчинг нь судална. Өөрөөр хэлбэл, үндэсний хөрөнгө оруулагчдаа айлгаж, хаана, бооно, авна, хясна гэхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулчигчид Монголоос холуур тойрох нь лав.
Бие, биенээ хэмлэж, төр нь төмөр нударгаа үзүүлэх бүрт хөрөнгө оруулагчид орж ирэхгүй юм. Тэр тусмаа дэлхий дахины эдийн засагт асар том хуй дэгдэж эхэлснийг монголчууд үл тоож, гэрээ нураах нь холгүй зодолдоод байвал жинхэнээсээ гэрээ шатаачихаж мэдэх юм.
Монгол Улсад топ татвар төлөгчдийн дийлэх нь уул уурхайн компаниуд. Үндсэндээ Монголыг тэжээж яваа уул уурхайн компаниудаа барьж аваад зодвол үндэсний хөрөнгө оруулагчид ч дүрвэхэд хүрэх биз. Тэгвэл үүний хохирлыг хэн хүлээх вэ гэдэг нь асуултын тэмдэг билээ.
Дэлхийн улс төр эдийн засагт тун хүндхэн байгаа энэ үед бид гадаад зах зээл, гадаад орчноо орихигдуулаад зөвхөн гэртээ л байлдсаар байвал улс орон уландаа үлдэнэ гэсэн үг.
Эдийн засагчдын зүгээс "Тарифын нөлөө Хятадын ДНБ-ийг сааруулна. Энэ онд ДНБ-ий өсөлт дөрвөн хувь руу буурах таамаглал байна. Энэ нь өнгөрсөн оныхоос (5%) нэг нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Ирэх жил шинжээчид 3.5 хувиар таамаглаж байна. Тарифын үргэлжлэх хугацаа, худалдааны алдагдалтай холбоотой. Хятадын экспорт багасна. Хятад улсын экспортын томоохон хэсэг нь АНУ-ын зах зээлд чиглэгддэг. Тариф нь Хятадын барааны үнийг нэмэгдүүлж, эрэлтийг бууруулж болзошгүй. Энэ нь Хятадын экспортын орлогыг бууруулах нь тодорхой. Ингэснээр юанийн ханш сулрах эрсдэлтэй. Тарифын нөлөөгөөр Хятадын экспортын орлого буурч, импортоор орж ирэх барааны үнэ нэмэгдэх тул юанийн ханшид дарамт үзүүлж магадгүй" гэх зөвлөгөөг өгөх болсон. Хамгийн гол нь БНХАУ нь Монгол Улсын импортын гол түншүүдийн нэг. Тарифын шийдвэрээс болж БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүний үнийг өсгөх магадлалтай. Энэ нь Монгол Улсад импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, инфляцийг өдөөх нэг шалтгаан болно гэх анхааруулгыг ч бодох ёстой.
Товчхондоо, гадаад талаас улс орнуудын зөрчилдөөн хямрал экспортлож болзошгүй байна. Дотоодын улс төрийн зодоон ч хямрал дагуулж мэдэхээр байна. Тэгвэл их санасан газар хоосон хононо гэгч болж магадгүй юм.
Б.БАТ
3,595.72













































