Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг хамруулж байсныг 21.00-09.00 цаг хүртэл болгож байгааг уртасгалаа. Ингэснээр 100 хувь хөнгөлөх цахилгааны шөнийн хэрэглээний хязгаарыг 220 В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 700 кВт.ц байсныг 1500 кВт.ц, 380 В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 1500 кВт.ц байсныг 3000 кВт.ц болгож тус тус нэмэгдүүлсэн гэдгийг албаныхан мэдээллээ. Хөнгөлөлтөд нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагдах юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гаргаж, 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас мөрдсөн. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс Засгийн газрын 11-11 төвд 390 орчим гомдол ирүүлсэн. Гомдол ирүүлсэн хэрэглэгч нарын 90 орчим хувьтай нь уулзсан. Гомдол саналыг нэгтгэж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан.
2024 оны жилийн эцсийн байдлаар 1 кВт цагийн эрчим хүчний өөрийн өртөг 280 төгрөг байсан. Дундаж тариф 216 төгрөг байсан. 216 төгрөгийг 285 төгрөг болгоход дунджаар үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн. Уул уурхайн компаниудын тухайд 1 кВт цагийн эрчим хүчний үнэ 294 төгрөг байж байгаад 16 хувиар нэмэгдээд 342 төгрөг болсон. Аж ахуй нэгжийн 1 кВт цагийн эрчим хүчний үнэ 222 төгрөг байсныг 30 орчим хувиар нэмж, 285 төгрөг болгосон.
Иргэдийн тухайд ахуйн хэрэглээг гурван шатлалтай нэмсэн. 150 кВТ хүртэлх цагийн хэрэглээг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт хүртэлх хэрэглээг 256 төгрөг, 300 кВт- аас дээш хэрэглээг 285 төгрөг болгон 85 хувиар нэмэгдүүлсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нэгэнт ийм шийдвэр гаргасан, шүүмжлэл гарсан учраас дараах өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Эхнийх нь уул уурхайн тарифыг 340 төгрөг буюу 16 хувиар нэмэгдүүлснээ хэвээр үлдээнэ. Аж ахуй нэгжийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр хэвээр үлдээсэн.
Ахуйн хэрэглэгчийн тухайд шөнийн цахилгааны хэрэглээг төрөөс дэмжлэг болгож өгдөг байсан. Хуучин 21:00 цагаас 06:00 цаг хүртэл 220 вольтын хэлхээгээр холбогдсон 700 кВт-аас дээш хэрэглээг 50 хувиар бууруулж байсан хязгаарыг 1500 кВт цаг болгон нэмэгдүүлсэн. Мөн өглөөний 06:00 цагт дуусдаг байсныг 09:00 цаг хүртэл сунгалаа.
380 вольтын сүлжээгээр холбогддог айлын тухайд шөнийн хэрэглээ нь 1500 кВт цагаас дээш гарвал 50 хувир хөнгөлдөг байсныг 3000 кВт цаг болгож, мөн өглөөний 09:00 цаг хүртэлх 3000 кВт- аас дээш гарсан шөнийн хэрэглээг 50 хувиар бууруулах өөрчлөлт оруулсан.
Урьдчилсан байдлаар шөнийн хэрэглээ 33 орчим хувиар нэмэгдэх тооцоолол хийж байгаа. Энэ шийдвэрийг 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс нөхөн тооцож эхэлнэ, Гуравдугаар сард мөн энэ хөнгөлтийг үзүүлнэ. Ирэх өвөл буюу арваннэг, арванхоёрдугаар сард мөн энэ хөнгөлөлтийг үзүүлэхээр тооцсон. Дээрх хөнгөлөлтийг үзүүлэхэд 43 орчим тэрбум төгрөг шаардлагатай, энэ татаасыг Эрчим хүчний сайдын багцаас гаргана" гэсэн юм.
Нэргүй 1 цагийн өмнө 103.57.93.229
манай чойжоогийн "хар ухаан" мундаг юмаа,ид хүйтэн чинь өнгөрч,жинхэнэ хэрэглээ нь багассан үед 3 цаг сунгаад үхсэнээ хийнэ вэ ёстой луйварчин гэдэг нь батлагдлаа даа
Нэргүй 1 цагийн өмнө 124.158.123.244
Цаг сунгасанаа хэдэн өдөр, ямар их ярина вэ?
Зочин 2 цагийн өмнө 139.5.217.198
Уг нь бодлого УБ-ын хувьд гэр хорооллыг яаж хумих вэ, алсдаа гэр хорооллоос яаж салах вэ гэсэн чигтэй явмаар, гэтэл МАН-ын попууд нь таг хөндлөн зүтгээд, маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэсэн юм хийгээд байх