Инстаграм платформд богино хэмжээтэй бичлэг нийтэлдэг "Reels" цэсийг ТикТокийн нэгэн адил тусдаа аппликейшн болгож магадгүй байна. Тодруулбал, Инстаграмын босс Адам Моссери энэ долоо хоногт ажилтнууддаа боломжит өөрчлөлтийн талаар мэдэгджээ.
Энэ нь Хятадын ТикТок платформын хувь заяа АНУ-д тодорхойгүй байгаатай холбоотой. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард ТикТокийг худалдах, эсвэл хориглохыг шаардсан хуулийн хэрэгжилтийг 75 хоногоор сунгасан. Тухайн үед тэр ТикТокийн толгой компани "ByteDance"-тай 50/50 хувийн түншлэлийн гэрээ байгуулах арга зам эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн юм.
ТикТокийг АНУ-д хориглох асуудал Жо Байдены үеэс эхлэн яригдсан. АНУ-д 170 сая хэрэглэгчтэй платформыг Хятадын эрх баригчид тагнуул болон улс төрийн манипуляцийн зорилгоор ашиглаж магадгүй гэж Вашингтон үзэж байна. Үүний зэрэгцээ үг хэлэх эрх чөлөөг боогдууллаа гэсэн үндэслэлээр хоригийг эсэргүүцэгсэд ч бий.
Дашрамд дурдахад, Мета компани 2018 онд ТикТоктой өрсөлдөхийн тулд "Lasso" гэх аплликейшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн боловч удалгүй устжээ.
Холбоотой мэдээ