Хятад улс Тайванийг хүчээр өөртөө нэгтгэхийг АНУ хүлээн зөвшөөрөх эсэхийг ерөнхийлөгч Дональд Трампаас Лхагва гаригт /2025.02.27/ асуужээ. Түүнийг ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа цагт Хятад улс Тайванийг хэзээ ч хүчээр авахгүй гэж ойлгож болох уу гэж сэтгүүлч асуусан байна. Тэрбээр хариулахдаа "Би энэ тал дээр ёстой хэлэх үггүй байна. Би бүр тэдний байр сууринд өөрийгөө тавьж үзэхийг ч хүсэхгүй байна" гэв. Мөн татвар ногдуулалтыг эс тооцвол хил дамнасан хөрөнгө оруулалт гэх мэтээр Хятадтай сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна гэлээ.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өөр нэгэн ярилцлагын үеэр "АНУ-ын засгийн газар Тайванийн тухайд удаан хугацаанд баримталсан байр сууринаасаа ухрахгүй. Тайванийн статусыг албадан өөрчлөхийн эсрэг байна. Хятадаас Тайваньд довтолсон тохиолдолд АНУ урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Энэ нь хэрэгжих болно. Хятадууд ч үүнийг мэдэж байгаа" гэсэн юм.
Дашрамд дурдахад, АНУ 1979 онд дипломат бодлогоо Тайваниас Хятад руу шилжүүлсэн. Мөн Тайванийг тусгаар тогтнолоо албан ёсоор тунхаглахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсээр иржээ. Гэсэн хэдий ч АНУ нь Тайваньтай албан бус харилцаатай бөгөөд хамгийн чухал дэмжигч, зэвсэг нийлүүлэгч нь хэвээр байна. Тайванийн эсрэг дайралтад чухам ямар хариу арга хэмжээ авахаа АНУ тодорхой мэдэгдээгүй бөгөөд энэ тал дээр стратегийн тодорхой бус бодлого баримталдаг. Харин Жо Байдены үед хэрвээ Хятадаас Тайваньд довтолбол АНУ цэргүүдээ илгээнэ гэж мэдэгдэж байв.
3,569.17















































