Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужийн Эрлонг оршуулгын газрын рестораны гоймонтой хоолны зураг цахим сүлжээнд тарснаар ихээхэн хандалт авчээ. Улмаар гоймонтой хоол идэх гэсэн хятадууд оршуулгын газар руу хошуурцгаах болов. Тус ресторан нь зөвхөн оршуулгын газраар үйлчлүүлэгсэд л үйлчилдэг байсан ч гоймонтой хоолны зураг цацагдсаны дараа худлаа гашуудсан дүр үзүүлсэн хүмүүс хүртэл ирэх болжээ.
Оршуулгын газрын зүгээс мэдэгдэл хийхдээ "Гашуудаж буй хүмүүст саад учруулахгүй бол ирж хооллож болно" гэжээ. Гашуудагсдад нөлөөлөхөөргүй тохиолдолд өдөрт 50 аяга гоймон гаргаж байхаар тус ресторан шийдвэрлэсэн байна.
Тус ресторан нь өглөө, оройн хоолны янз бүрийн гоймонтой хоолыг санал болгодог. Нэг аяга хоолны үнэ 10 юань. Түүнчлэн хамгийн алдартай хоол нь татсан гахайн мах, газрын самартай гоймон аж. Заримдаа үйлчлүүлэгчдийн маш урт дараалал үүсч, хэдэн цагаар хүртэл хүлээх шаардлага гардаг.
Рестораны ажилтан хэлэхдээ "Талийгаачийн хамаатан садан мэт дүр эсгэх хүмүүс байдаг. Хөл хөдөлгөөн ихтэй үед тэднийг ялгаж таних, зохицуулахад хэцүү байдаг" гэжээ.
Гуйжоуд энэ сарын эхээр зочилж очсон нэгэн хүн Эрлонг оршуулгын газрын гоймонгийн талаар анх цахим сүлжээндээ нийтэлснээр энэ галзуурал эхэлсэн аж. Тэрбээр цахим хуудсандаа "Найз маань энэ оршуулгын газрын хоолыг амттай гэж хэлсэн. Талийгаачид цэцэг өргөхөөр ирсэн хүмүүсээс ч илүү олон хүн энд дараалж байна" гэж бичжээ.
Холбоотой мэдээ