Улаанбаатар хотын хэмжээнд нийт 700 мянга гаруй машин өдөрт хөдөлгөөнд оролцдог бол үүний 500 мянга гаруй нь япон стандартын машин эзэлж байна.
Япон машинтай иргэд монголын радиог сонсохын тулд машиндаа 130,000 гаруй төгрөгийн үнэтэй нэмэлт төхөөрөмжийг суурилуулдаг байсан. Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж, Радио телевизийн үндэсний сүлжээний мэргэшсэн өндрийн инженер, техникийн албан хаагчид монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн FM106.0, FM100.9 долгион дээр дамжуулдаг 1, 2 дугаар сувгийг FM82.9, FM76.1 -ын дунд давтамж дээр антен фидерийг шинээр суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд япон машинтай иргэд нэмэлт төхөөрөмж суулгахгүйгээр үндсэн радио хүлээн авагчаар Монголын радиог шууд сонсох боломжтой боллоо.
Дээрх ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь хэт богино долгионы дахин дамжуулах станцын хамрах хүрээг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т шаардлагатай шинээр суурилуулах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн. Цаашид орон нутагт автомашиндаа монголын радиог сонсох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Монголын радиог иргэд машиндаа шууд хүлээн авснаар иргэд улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, замын түгжрэл, цаг агаар зэрэг цаг үеийн мэдээ, анхааруулга зэрэг чухал мэдээллийг саадгүй авах боломж бүрдэж байна.
0 сэтгэгдэл