Нүүдэлчин түмний ёс заншил, өв уламжлалын нэгээхэн хэсгийг харуулсан “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт ирэх долоо хоногт /2025.03.08-09/ болно. Бүргэдээр ан хийх уламжлал нь төв азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнөөс үүсч хөгжин эдүгээ хүртэл хадгалагдан ирсэн түүхтэй. Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалан үлдэж одоо ч хэрэглэж буй улс бол монгол юм. Мөн Монгол Улсаас гадна Казахстан улс, Баян-Өлгий аймгийн казах иргэдийн адил уламжлалт бүргэдээр ан хийх соёлтой.
Казахстаны Алтайн бүс нутагт болон Нур-Султан “Хуучнаар Астана” хотод бүргэдчидийн баяр болдог. Үүнтэй адилаар Кыргызстан улсын киргизчүүд ч мөн адил бүргэдээр ан хийх уламжлалтай бөгөөд тус улсад “Салбуурун” гэх анчдын наадам болдог. Энэ нь ан агнуур, морин спорт, харвааны тэмцээнүүдийг багтаасан томоохон арга хэмжээнд тооцогддог байна.
Харин хятад улсын “Шинжаан-Уйгурын Өөртөө Засах Орон”-д байдаг алтайн уулсаар амьдардаг казахууд бүргэдийн баярыг зохион байгуулдаг. Энэ нь монгол болон казахстан улсуудын бүргэдийн баяртай төстэй аж. Эдгээр улс орнуудын бүргэдээр ан хийх соёл голдуу казах үндэстэн болон нүүдэлчин түмний соёлтой холбоотой байдаг.
Казах түмний бүргэдээр ан ав хийх өв уламжлалыг сэргээж хойч үедээ таниулан сурталчилж, өвлүүлэн үлдээх зорилгоор 2000 оноос хойш бүргэдийн баярыг зохион байгуулж эхэлжээ.
Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд бүргэдчид үндэсний дээл хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морио унаж баярын жагсаалд нэгдсэнээр тус баяр эхэлдэг. Энэ үеэр хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг байна. Дараа нь бүргэдийн ангаа барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Зарим жилд амьд амьтан бариулж бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг байсан боловч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн арга хэмжээний үеэр:
- тулам булаацалдах,
- газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомууд болдгоос гадна үндэсний хувцсаар гангарсан зочломтгой казах хүмүүстэй танилцаж, казах ардын зан заншил, ахуйн соёлтой гүнзгий танилцах боломжтой.
Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэжээ.
Э.АРИУНТӨГС
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.176.171
ene kazakuudiig hyanaj bhgui bol tusgaarlah bodlogo s****a shyy
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.177.252
Одоо Нурсултан гэж хот байхгүй шүү динэгээ