Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2025.02.26/ болж байна. Хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.
28 хоногийн дараа угаарын хий мэдрэгчийг нийлүүлнэ
Эхлээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга хэмжээний талаар товч танилцуулж, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-Хортой гэгдэж байгаа гайтай шахмал түлшнээс болж олон хүний амь үрэгдсээр байна. Одоо нийслэл рүү "Тавантолгой түлш" ХХК шилжсэн гэж байгаа. Сая төрийн албан хаагчид гэр хорооллын айл өрхүүдээр явж судалгаа хийсэн байна. Судалгаа хийгээд одоо цааш яг яах вэ? Зуух яндан нь цоорхой айлуудад ямар сануулга өгсөн, цаашид яах вэ. Хоёрдугаарт, нас барсан иргэдийн тоон дээр зөрүү их гарч байна. Угаарт хордож нас барсан хүний тоогоо гаргаж чадахгүй бол талбай дээр би суулт хийж, нас барсан иргэдийн ар гэрээс тоог нь нарийн авч тодруулж гаргаж өгөх бодолтой байна.
НЗД-ын нийгмийн салбарын ногоон хөгжил болон агаар орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин:
-9000 гаруй төрийн албан хаагч нийт 170 мянга гаруй айл өрхөөр очсон. Тавантолгой түлш" ХХК-ийн менежмент шилжиж, ирэх жилийн үйлдвэрлэлийн тоо хэмжээг тооцоолох, айл өрхүүдийн зуухны нөхцөл байдлын судалгааг шинэчлэх, угаар мэдрэгчийн ажиллагааг нь шалгах, мэдээллээ төв систем рүү хүргэж чадаж байгаа эсэхийг газар дээр нь очиж үзэж, шалгасан. Эдгээр судалгааны дүнд нийт 61 мянга гаруй айл өрх нэгдсэн ухаалаг системд холбогдсон. Энэ жилийн төсөв дээр 51 мянган угаарын хийн мэдрэгч авах төсөв тусгасан. Тодотголоор үлдэгдэл 61 мянган айлыг оруулж, хатуу түлш хэрэглэж байгаа нийт айлуудыг бүтэн ухаалаг системд холбох ажлыг хийнэ. Ингэснээр угаадалт, угаардалтаас үүдэлтэй нас баралтыг тодорхой хэмжээгээр бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой.
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар:
-2024 оны Засгийн газрын тогтоолоор агаарын бохирдолтой холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Утааны сонсголын үеэр олон иргэн угаартаж, угаарын хордлогод өртөж байгаа талаар нийгмийг цочроосон олон мэдээлэл гарсан. Тийм учраас бид одоо угаарын хий мэдрэгчийг Харилцаа холбооны зохицуулах газар дээр буюу нэг л газар угаарын хий мэдрэгчийг дамжуулах эрхтэй. Угаарын хий мэдрэгчийг одоо 28 хоногийн дараа нийлүүлнэ. 51 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ. Тэгэхээр нэн яаралтай байдлаар угаарын хий мэдрэгчийг авч байгаа.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө:
-Утааны асуудал бол улстөржүүлэх сэдэв биш. Утааны сонсгол болсныг бид бүгд үзсэн. Иргэний хувиар шүүмжлэхэд утааны сонсгол бол завхарсан зүйл л болсон. Баахан галзуу хүмүүсийг авч ирж, хувь хүн рүү дайрч утгагүй юмнуудыг ярьсан. УИХ-ын зарим гишүүн бас тэр жүжигт нэгдсэн. Та нар Монголыг хорлох даалгавар хэнээс авсан бэ гэж ауусан. Би маш их харамссан. Нэг удаагийн алга ташилт авч попрох сэдэв биш. Энэ ажлыг тодорхой хугацаанд ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд түлшний үйлдвэрт ажиллах бол амар ажил биш.
Хуралдаан 60 хувийн ирцтэй эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр:
-НИТХ-ын ээлжит бус дөрөвдүгээр хуралдаанд нийт 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцож, ирц 60 хувьтай байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.7 дахь хэсэгт хурлын нийт төлөөлөгчийн олонх нь ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно гэсний баримталж өнөөдрийн хуралдааныг эхлүүлж байна.
Өнөөдөр нийт 25 асуудал хэлэлцэхээр шийдвэрлэж, хурлын товыг тогтоосон. Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт, 20 минутын хот бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн талаарх танилцуулга мэдээллийг Монгол Улсын сайд 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулахаар төлөвлөсөн ч Засгийн газрын хуралдаан оролцож байгаатай холбоотой энэ асуудлыг түр хойшлуулж байна. Мөн хэлэлцэх асуудлын дарааллын 11 дүгээрт тусгагдсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг төсөл өргөн баригчаас 2025 оны хоёрдугаар сарын 011238 дугаартай албан бичгээр буцааж татсан. Иймд өнөөдрийн хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээний талаарх танилцуулга
2. Нарангийн энгэрийн төвлөрсөн цэгийн хог хаягдлаас үүссэн метан хийг устгах төслийг хэрэгжүүлэх тухай
3. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуй нэгжийн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай
4. Нийслэлийн соёлын төв өргөө орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөх тухай
5. Барилга байгууламжийг блансаас блансд шилжүүлэх тухай нийслэлийн Соёлын төв өргөө А, В, Г корпусын барилга байгууламж
6. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын дагуу талуудын 13-р бага хурал COP 17 зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай
7. Түлшний хяналтын газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг батлах тухай
8. Дулааны тавдугаар цахилгаан станц орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг батлах тухай
9. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тэргүүлэгчдийн 2014 оны 131 дүгээр тогтоол
10. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шимнэчлэн батлах тухай
11. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай. Багахангай дүүрэгт 104.2 га газар.
12. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай. Багануур дүүрэгт 636 га газар.
13. Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай. Хан-Уул дүүрэг Морингийн даваа 142 га газар.
14. Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай Нийслэлийн Боловсролын газрын эзэмшлийг шилжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ