Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаатай цэргийн онц байдал зарласнаар улс оронд эмх замбараагүй байдал үүссэн. Энэ хэргийн улмаас тэр цагдан хоригдож, албан тушаал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Түүнийг огцруулах импичментийн шүүх хурлын эцсийн хэлэлцүүлэг Мягмар гаригт болжээ. Энэ үеэр Юн Сук Ёл олон нийтээс уучлалт гуйхын зэрэгцээ эцсийн удаа өөрийгөө өмгөөлөв.
Тэрбээр "Хэдийгээр би улс үндэстэн, ард түмнийхээ сайн сайхны төлөө байлдааны байдал тогтоосон ч төөрөгдөл, төвөг учруулсандаа чин сэтгэлээсээ хүлцэл өчье" гэжээ.
Хүлцэл өчиж байгаа хэдий ч Юн Сук Ёл өөрийн үйлдлийг зөвтгөсөн байр сууриндаа хатуу зогссоор байна. Түүний хэлж буйгаар цэргийн онц байдал зарласан үйлдлийн гол буруутан нь сөрөг хүчний намууд. Сөрөг хүчний намууд засгийн газрын гол албан тушаалтнууд болон ахлах прокуроруудыг огцруулахаар цуцалтгүй хөөцөлдөж байсан нь түүнийг онц байдал зарлахад хүргэжээ. Мөн сөрөг хүчний намуудыг үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд заналхийлсэн, тагнуулын эсрэг хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад саад учруулсан, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болгохыг оролдсон гэж Юн буруутгасан.
Тэрбээр "Хойд Солонгос зэрэг гадны хүчин болон Өмнөд Солонгос дахь төрийн эсрэг хүчнүүд улсын усгаар тогтнолд халдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахаар зөвшилцөж байна. Тэд хуурамч, ташаа мэдээлэл, суртал ухуулгаар дамжуулан нийгэмд эмх замбараагүй байдал, зөрчил үүсгэж байна" гэжээ.
Түүнчлэн импичмент амжилтгүй болж албан тушаалдаа эргэн ирвэл Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж амлаад байна. “Би нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг тусгасан Үндсэн хууль, улс төрийн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө байна.Үүнийг хэрэгжүүлэх явцдаа үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийг хичээх болно" гэж тэр хэлэв.
Үндэсний ассамблей санал хураалт явуулж, Юныг огцруулахаар шийдсэнээс хойш 73 хоног өнгөрчээ. Тэр өдрөөс хойш Юныг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн ба өдгөө Үндсэн хуулийн цэц огцруулах хүсэлтийг хүчинтэй эсэхийг хянаж байна.
Мягмар гаригт болсон шүүх хуралдааны үеэр Юн болон Үндэсний ассамблейн хуулийн багууд эцсийн аргументуудаа дэвшүүлэв.
Юны хуулийн баг цэргийн онц байдлын тухай тунхаглалаа засаглалын үйл ажиллагаа гэж хамгаалжээ. Мөн тухайн үед гаргасан тогтоол нь хууль ёсны, Үндсэн хууль зөрчөөгүй тогтоол гэдгийг дахин нотлов. Энэ үйлдэл нь засгийн газрыг огцруулах, төсөв танах гэсэн сөрөг хүчнийхний оролдлогыг эсэргүүцэх зорилготой байсан гэх Юн Сук Ёлын мэдэгдлийг мөн хуулийн багийнхан давтан мэдүүлэв.
Юны өмгөөлөгчдийн нэг Ким Кё-ри "Арванхоёрдугаар сарын 3-нд зарласан цэргийн онц байдлын тунхаг надад нэгийг сэхээрүүлсэн. Төрийн эсрэг хүчнүүд дэглэмийг түлхэн унагахыг оролдсон. Цэргийн онц байдал зарласан нь нэг хүний нам буюу сөрөг хүчний Солонгосын ардчилсан намын буруу ажиллагааг олон нийтэд сэрэмжлүүлэх зорилготой байсан" гэжээ.
Юн Сук Ёл сөрөг хүчин давамгайлсан Үндэсний ассамблейг тодорхойлохдоо "төрийн эсрэг хүчин" гэсэн нэр томъёог байнга ашигладаг.
Цэргийн онц байдал тогтоосон шөнө цэрэг, цагдаагийн алба хаагчид хууль тогтоогчдыг Үндэсний ассамблейн байранд нэвтрэхийг хориглосон. Энэ тухай хууль тогтоогчид болон бусад гэрч мэдүүлэгтээ дурдсан. Гэвч Юн Сук Ёлын хуулийн баг үүнийг үгүйсгэж, тэр шөнө Үндэсний ассамблейн байрыг хаагаагүй гэж мэдэгдэв.
Харин импичментийг дэмжигчдийн бүлэг ерөнхийлөгчийг засгийн газрын хуралдаан хийх, чуулганд мэдэгдэх зэрэг зохих журмуудыг үл тоомсорлон цэргийн онц байдал зарласнаараа Үндсэн хууль зөрчсөн гэж буруутгаж байна. Тухайлбал, Үндэсний ассамблейн Хууль зүйн хорооны дарга Жун Чун Рае мэдүүлэхдээ "Бүх ард түмэн зэвсэгт цэргүүдийн хүчирхийллийн үйлдлийг телевизээр шууд үзсэн. Юн Сук Ёл Үндэсний ассемблэйд цэргээ илгээх тушаал өгч, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн. Ардчиллыг устгахыг оролдсон Юныг огцруулах ёстой. Юн дэмжигчиддээ найдаж буй нь гутамшиг юм. Сонгуулийн будлиантай мэдэгдлийг тэр тууштайгаар хийсэн" гэжээ.
Юн Сук Ёл дахин засгийн эрхийг гартаа авбал хоёр, гурав дахь удаагаа цэргийн онц байдал зарлахгүй гэдгийг үгүйсгэх аргагүй гэж импичментийг дэмжигч талынхан үзэж байна.
Үндэсний ассамблейн хуульч Ли Кван Бэом хэлэхдээ "Юн Өмнөд Солонгосын ард түмний хамгаалж байсан ардчилсан Үндсэн хуулийн дэг журмыг уландаа гишгэсэн. Тэр сөрөг хүчнийг үл тоомсорлож, улс төрийн өрсөлдөгчөө устгахад анхаарсан" гэжээ.
Ийнхүү импичментийн сонсгол 10 удаа болсны эцэст Юн Сук Ёлын хүлээлгийн хугацаа эхэллээ. Шүүх ирэх сарын дунд үеэр хэргийн урьдчилсан нөхцөл байдалд үндэслэн эцсийн шийдвэрийг гаргах төлөвтэй байна.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ро Му Хёны хэргийг эцсийн шүүх хурлаас хойш 14 хоногийн дараа шийдвэрлэсэн бол Пак Гын Хэгийн хэрэг 11 хоногийн дараа шийдэгдэж байв. Хэрвээ импичмент дэмжигдвэл 60 хоногийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох ёстой.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Санг Мок ес дэх шүүгчийг томилохоос татгалзсан. Энэ шийдвэр Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг Үндсэн хуулийн цэц энэ Пүрэв гаригт шийдвэрлэх аж. Чой арванхоёрдугаар сард хоёр шүүгчийг томилсон боловч өрсөлдөгч намуудын зөвшилцөлд хүрээгүй гэсэн шалтгаанаар сөрөг хүчний санал болгосон шүүгч Ма Юн Хюкийг томилохоо хойшлуулсан юм. Хуулийн дагуу дор хаяж зургаан шүүгч санал нэгдэж байж импичментийг батлах ёстой. Тиймээс нэмэлт шүүгч томилох нь Юны импичментийн магадлалыг нэмэгдүүлж болзошгүй ажээ.
Нэргүй 6 цагийн өмнө 139.5.219.77
l***r chin yamar nurchuu bichdegiin be unchij bgaad zalhuuraad hayachlaa