Тэмдэглэл: Аялал жуулчлалаас алт авдарлах алдарт Фукуок

Тэмдэглэл: Аялал жуулчлалаас алт авдарлах алдарт Фукуок

Тэмдэглэл: Аялал жуулчлалаас алт авдарлах алдарт Фукуок

“Эрхэм зорчигчид оо, Улаанбаатараас – Фукуок чиглэлд зорчих аялах нислэгийн нийт хугацаа найман цаг байх бөгөөд та бүхэн тавтай сайхан аялаарай. Зорчигч та бүхэн аюулгүй байдлаа ханган хамгаалалтын бүсээ зүүсэн эсэхээ дахин нэг шалгаарай” гэх бүсгүйн намуун хийгээд уриалгахан хоолойтой зэрэгцэн Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлын нисэх зурвасаас 15:30 минутад хөөрлөө. Чамгүй олон цаг үргэжилсэн нислэгийн хугацааг нойр, ном хоёроор туулсаар Вьетнамын хамгийн том арал Фукуокт газардах нь тэр. Фукуок арал нийт 500 мянга гаруй орчин суугчтайгаас уугуул оршин суугчид нь ердөө 100 гаруй мянга бол үлдсэн 400 мянга нь арлын аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарт ажиллахаар ирсэн түр оршин суугчид байдаг. Байгалийн хосгүй өв соёлоо хадгалсан, ЮНЕСКО-ийн хамгаалалтад багтсан алдарт Фукуокт жил бүр зургаан сая жуулчин амардаг агаад бид ч бас ажлын хамт олноороо агаарын сайханд амрахаар тийш зүглэсэн нь энэ байв.

Улаанбаатарт өдөртөө 16 хэмийн хүйтэн байсан бол энд шөнийн 00:00 цагт агаарын хэм 26-г зааж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс тус арлыг зорьж ирсэн аялагчдын хөлд нисэх онгоцны буудал шөнийн цагаар ч дарагдсан байв. Хил гаалийн шалгалтын дараа ачаа тээшээ авч, нисэх онгоцны буудлын гадаа гарахад чийглэг, бүгчим агаар угтан авав. Олны дунд ойролцоогоор хоёр метр урттай саваа модны үзүүрт фламинго шувууны чихмэл уясан хөтөч монголчуудаа угтан авч, автобусанд суулган "Wyndham garden" зочид буудлын зүг хөтлөв.

Тус зочид буудал нь Фукуок арлын хамгийн алдартай далайн эрэг болох "Bai Dai beach" дээр байрладаг. Далайн эрэг рүүгээ дөрвөн минут алхаад орох боломжтой бөгөөд дотроо бүх насныханд зориулсан усан бассейн, рашаан эмчилгээ, фитнесс төв, саун зэрэг зочидын амралтанд зориулагдсан өндөр зэрэглэлийн тансаг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Хамгийн гол нь хүүхдийн тоглоомын өрөө болон гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх тусгай орчин үйлчилгээ олонтой учраас гэр бүлээрээ амрахад илүү тохиромжтойгоос гадна Фукуок арлын үзэсгэлэнт газрууд болох Сафари амьтны хүрээлэн, Винвондэр зугаа цэнгэлийн парк, Грандворд зэрэг үзвэр үйлчилгээнд ойр байрладагаараа давуу талтай. Ирэх нэг нь байхад, буцах нэгэн ч байв.

Үүдээр нь ормогц эелдэгээр инээмсэглэж, түр хүлээлгийн сандалд суулгаад төд удалгүй өрөөний түлхүүр хүлээлгэн өгөв. Өрөөндөө гурвуулаа байрлах бөгөөд сэлүүхэн бас саруулхан өрөөнд тухлав. Өглөөний бүгчим агаар цонхоор орж, өрөөнд байрлах сэнсний ачаалал нэмэгдэв. Дөрвөн давхарын цонхоор харахад далайн эрэг цэнхэртэж, гадаа дал модны навчис найгна. Хэсэгтээ зөөлөн бороо шивэрсэн тул борооны үнэр ханхлав. Өглөөний цайнд орохдоо үүдний хэсэгт байрлах бүртгэлийн ажилтанд өрөөний дугаараа бүртгүүлж буудлын таних тэмдэг бүхий гарын бугуйвчтай болов. Орой нь нам гүмхэн байсан зочид буудал орон орны олон зуун хүний хөлд дарагджээ. Ямар ч орны ямар ч хоолтой хүнд хүрч үйлчлэх идээ жүүс, зоог, амттанг төрөл төрлөөр нь бэлтгэн тавьжээ. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон өндөгийг л гэхэд шарах, чанахаас авахуулаад хэдэн төрлөөр бэлджээ. Хэдэн зуун хүнийг хэдэн зуун төрлийн хоолоор хоолохдоо тэд түүртсэн шинжгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж, хүн нэг бүрт үйлчилж харагдана.

  АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛСОН НЬ…

Өглөөний цайгаа уугаад хамгийн түрүүнд биднийг зорих газарт минь хүргэсэн унаа бол түктүк. Тус аялал жуулчлалын бүс дотор хүрэх газрын хол ойроосоо шалтгаалж өөр өөр үнийн тарифаар үйлчилдэг энэхүү цахилгаан машин (10 хүний багтаамжтай) аяллын турш бидний хөл дүүжлэх чухал тээврийн хэрэгслийн нэг байв. Түктүкийн жолооч нар аль орноос ирсэн гэдгийг нь тодруулаад "Google translate"-ийн тусламжтайгаар аялагчдад үйлчлээд сурчээ. Өөрсдийнхөө сонсохыг хүссэн дуугаа хүртэл "Youtube" ашиглаад сонгох боломжийг олгож байна. “Өнөөдөр хаана очиж, юу үзэхийг хүсч байгаа ямар үйлчилгээ хэрэгтэй байна вэ” гээд л эелдэг бөгөөд найрсаг үйлчилнэ. Түктүкт суугаад хэсэгхэн боловч салхи сэвэлзүүлэн явах нь сэрүүн орны бидэнд таатай сайхан санагдана.

Хамгийн түрүүнд Бид Вьетнамын хамгийн том зэрлэг ан амьтдыг хамгаалах парк болох "Safari Phu Quoc Vinpearl Safari Park"-д зочилсон. Фукуок арлын баруун хойд эрэгт орших Бай Дай хотод байрладаг тус цэцэрлэгт хүрээлэн нь Вьетнамын хамгийн том амьтан судлалын цэцэрлэгт хүрээлэн гэдгээрээ алдартай. Үлгэрийн мэт тохижуулсан тус цэцэрлэгт хүрээлэнд яст мэлхий, фламинго шувуу, сармагчин, арслан, заан, бар, ирвэс, матар, анааш, тоть гээд байхгүй амьтан үгүй мэт санагдана. Хамгийн гол нь амьтдаа торлохоос илүүтэй яг л тэдний амьдарч буй газарт нь бид зочилж байгаа мэт орчин бүрдүүлсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Тус цэцэрлэгт хүрээлэн дэлхийд томдоо ордог учраас аялагчид явганаар тойрч бүгдийг үзэх боломжгүй. Тиймээс аюул багатай амьтдыг үзүүлэхдээ хэдийнэ бидний танил болсон түктүкийг ашиглах бөгөөд амьтан тус бүрт ойртон ирэхэд тухайн амьтны талаарх мэдээллийг чанга яригчаар англи хэлээр өгч байгаа нь аялагчид богино хугацаанд олон төрлийн амьтан үзэх, тэдний талаарх мэдээллийг хөтөчтэй мэт авах боломжийг олгов.

Харин зэрлэг амьтны хэсэгт тусгай зориулалтын автобус болон хөтөчтэй нэвтрэх бөгөөд зам дээр нь хүрэн баавгай хэнэггүйхэн зогсож байна. Тэнд араатны хаан арслан модны сүүдэрт тухлан, дээрээс төөнөх наранд нүдээ анин зүүрмэглэнэ. Хажууханд нь байсан эрслэн бидний өөдөөс зүүрмэглэн эвшээхэд түүний аман дахь араа соёо нь харагдаж байгаагаасаа аюултай амьтан шүү гэдгийг илтгэх шиг сүрдэм харагдана. Автобус дүүрэн аялагчид түүний араа соёог хараад дуу алдан бишрэв. Цаашлаад зураг дээрээс л харж байсан хирсний гэр бүл нааш, цааш хийцгүйрэн алхана. Тэдний хамар дээрх соёоноос хэн хүнгүй сүрдэнэ. Түүний шавар элс болсон том бие, юуг ч бутарган хагалж чадах соёо дуу алдуулам. Бие дээрх судлыг нь ижил хэмжээгээр жигдрүүлж будчихсан мэт хар цагаан холилдсон тахийн сүргийг харахад цаанаа нэг үзэсгэлэнтэй. Эрээн тахь нь хар, цагаан судалтай онцлог зүсээрээ хамгийн их алдаршсан Африкийн адууны овгийн зүйл гэдгийг хөтөч онцлоод тахь бүрийн судал өөр өөр байдаг гэв. Ойролцойгоор 2.3 м урт, 1.25-1.5 м өндөр, 300 кг жинтэй. Зарим нь 410 кг жин татах ч тохиолдол байдаг аж. Модны сүүдэрт тухлах эхийнхээ ард, урдуур нь гүйх жижигхэн эрээн тахь олны хайрыг хүлээв. Төд удалгүй тус амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай амьтан болох анаашны ертөнцөд ирэв. Тэд тийм өндөр учраас ийм амгалан байдаг юм уу гэлтэй. Хаанаас нь ч харсан хайр татам. Бүр анааш хооллох тусгай хэсэг хүртэл байгуулж тодорхой хэмжээний мөнгө төлөөд тэднийг өөрийн гараар хооолох боломж олгосон нь аялагчдын сонирхлыг татаж байна. Тус цэцэрлэгт хүрээлэнгээр 3-4 цаг тойрон аялахад ч цаана нь үзээгүй амьтан, хараагүй орчин үлдэж байх жишээтэй. Амтны хүрээлэн гэдэг  торон дотор хэдхэн төрлийн амьтан хийчихээд түүнийгээ алсаас харуулахыг хэлдэггүй. Харин амьтдынхаа амьдрах орчин, амьдарлын хэв маяг орчинг нь бүрдүүлж тэр дотроо аялагчдыг оруулж амьтдын ертөнцөөр аялах боломжийг олгодог газар юмсанж.

Дараагийн удаад бид "VinWonder" дахь зугаа цэнгэлийн паркаар зочлов. Тэнд Ази тивдээ дээгүүр орох галзуу хулгана, савлуур, пуужин, алсыг харагч гээд олон төрлийн экстрим тоглоомууд байрлуулжээ. Нэгээс нөгөөд дугаарлан зогсохдоо ч түүртэхгүйгээр догдлол дүүрэн бас сэтгэл ханамж дүүрэн үйлчилгээг эндээс л мэдэрч байна. Бүх зүйлд аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг учраас ямар ч тоглоом, ямар ч үйлчилгээнээс найдвартай, аюулгүй гэх хамгийн эхний сэтгэл ханамжийг өгч чадаж байна. Энд яст мэлхий хэлбэртэй аквариум, Тэнүүлч тэнгис, Далайн эрдэнэс, Мөсөн ордон, Аварга том хаант улс, Акулын ертөнц гэсэн таван ертөнцтэй танилцах боломжтой гэдгийг товчхон хэлье. Далайн гүнд зугаалж яваа мэт усан парк доторх амьтдын ертөнц аялагчдыг хором ч уйдаахгүй, дуу алдуулсаар…  Шилэн хоргонд байгуулсан акуариум дотор хоёр алхаад л өөр өөр төрлийн өнгө өнгийн загас, жараахай өөрийнхөө ертөнцөд оршино. Тэр дундаа оцон шувууны хэсэг үзэгчдийн хөл хөдөлгөөнөөс тасрахгүй. Усанд уран шалгамгай сэлэх үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхуулах хурдан шалмаг хөдлөгөөн, уснаас гараад бөөвийлдөн бөөцийлдөх дүр төрх нь харцаа тэднээс салгаж  үл чадах бас нэгэн шалтгаан болно. Халтиргаа гулгаа ихтэй үед пингвин алхаагаар алхах зөвөлгөөг анх санаачилсан хүн нь хаа нэгтээ оцон шувууны ертөнцөөр аяласан нэгэн л байсан байх даа гэж бодохоос инээд хүрэх ч, эргээд тэдний уран сэлэлтийн гайхамшигт автана.

Хорвоо дэлхий дээр хүн төрөлхтөнтэй зэрэгцээд ийм олон төрлийн амьтан оршиж байгаа гэдгийг харах, мэдрэх гайхалтай. Хором ч уйдах завгүй нэгээс нөгөөг гайхширсаар 17:00 цагт тус паркын тоглоомын үйл ажиллагаа зогсов. Үргэлжлүүлэн 19:00 цагт тус паркт ирсэн зочин бүрийн тэсэн ядан хүлээдэг лазер шоу тоглолт цаг гаруй хугацаанд үргэлжлэв. Өдөр нь үлгэрийн мэт байсан барилга, орой нь лазер шоуны тайз болон хувирах нь тэр. Тэнд алдал явдалт, тулаант хүүхэлдэйн киног лазер ашиглан бодитоор үзүүлэв. Байшингийн орой дээрээс луу үлээхэд үзэгчдийн суудлын өмнөхөн байршуулсан хэсгээс луугийн гал дүрэлзэж, нүүр төөнөх бөгөөд тэнгэрт утаа манан татуулна. Үзүүлбэр бүр нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, догдлуулж, айдаст автуулж, эцэст нь эерэг талын ялалтаар үзэгчдийн халуун алга ташилтаар өндөрлүүлж чадлаа.

Монголд Улсын төсвөөс жил бүр мөнгө төсөвлөж наадмаар жилдээ ганц үзүүлдэг шоунаас хэдэн зуун мянга хол давсан гүйцэтгэл, үзүүлбэрийг энд орой бүр үзүүлж байна. Ийм үйлчилгээ ийм үзүүлбэрт дахин мөнгө төлөхөөс ч хэн ч татгалзахгүй гэдэг нь үзэгчдийн царайд тодрох баяр баясал, бахдалаас илт тодорхой харагдана.

ГИННЕСИЙН РЕКОРДЫГ ЭЗЭМШДЭГ ХАМГИЙН УРТ ‘CABLE CAR’

Фукуок нь Вьетнамын өмнөд хэсэгт байрлах хамгийн том арал бөгөөд нийт 574 км2 газар нутагтай. Тансаг зэрэглэлийн ресорт, хувийн хаус, вилла болон амралтын газруудтай аялал жуулчлалын чөлөөт бүс юм. Аялагчдад зориулан томоохон парк, усан парк, Гиннесийн рекорд эзэмшдэг хамгийн урт ‘Cable car’, Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогдох амьтны хүрээлэн мөн Вьетнам улсын хамгийн том ‘Корона Казино’ зэрэг олон төрлийн сонирхолтой энтертайнмент бүтээн байгуулалтыг хийж, цогцоор нь хөгжүүлснээр дэлхийн сая сая жуулчны зорин ирдэг аялал жуулчлалын бүс болсон байна.

Монголчууд тэдний хувьд хэдийнэ танил болсон зочид болжээ. Зарим дэлгүүр үйлчилгээний төвүүдийн гадаах самбарт монголоор хүртэл нь зар нь урсаж байна. Монголоос ирсэн гэхэд тэд хэзээний танил, дотны найзаа хүлээж авч байгаа мэт танил дотно хандана. Нээрээ л Монголчуудыг гурван сая гэж зөв тоолсон юм уу гэлтэй хаана ч явсан эх орон, элгэн садан нэгтэнтэйгээ тааралдаж мэндийн зөрүүтэй толгой тохилцон мэдэлнэ.  Фукуок арлыг  Монгол Улсын 22 дахь аймаг гэж нэрлэх болсон нь зүгээр ч нэг санаандгүй тохиолдол биш. Хаашаа ч харсан монголчууд, хаана ч очсон монголчууд дүүрэн байна. Тэд мөнгөтэйдөө биш харин дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ авахыг хүссэн учраас тус арлыг зорьж ирсэн гэдгээ хэлж байна.

Гиннесийн рекордыг эзэмшдэг хамгийн урт ‘Cable car’ нь 7899.9 метр урттай, нэг арлыг нөгөө аралтай холбох дүүжин тээврийн хэрэгсэл бөгөөд нэг бүхээгтээ 30 хүний багтаамжтай. Нэг ч зогсохгүйгээр үргэлжлэх тус тээврийн хэрэгслийн нэг цэгээс нөгөөд хүрэх аяллын хугацаа ойролцоогоор 20 орчим минут. Усан дотроос, уулан дундаас тэнгэр багадсан том том уурын зуухны хоолой лугаа адил байгууламжаас цахилгаан утас унжуулж, түүнээс дүүжлэх тээврийн хэрэгсэлд дүүжигнэн явахад тээр доор гүн далай мэлтийж, далайн эргээр байршуулсан усан онгоц, завиуд хүүхдийн тоглоом мэт үзэгдэнэ.

Дүүжин тээвэр байгуулах яриа хэлэлцэл идэвхтэй өрнөж байгаа болохоор улс орны удирдлагууд маань ядахдаа ганц удаа ч болов энд ирж туршлага судалсан байгаа даа гэж бодогдоно. “Зайсангаас долоон буудал хүртэл яг ийм дүүжин тээвэр яваад эхэлчихвэл дарга нарын чихнээс хонх уяж, иргэдийн уур бухимдал, цаг завыг үрэгч толгойны өвчин болсон түгжрэлээсээ мөн ч амархан салах байх даа. Гэхдээ л ганцхан тэнгэр баганадсан барилга босгох гэж хэдэн жил болох бол гэхээс сайхан төсөөлөл сатаарч орхив”  гэж хүний нутийн гайхамшигт бүтээн байгуулалтад цагаахан атаархал төрнө.

13:00 цагт үүдээ нээгээд 17:30 цагт үйл ажиллагаагаа зогсоодог тус дүүжин тээврээр зорчиж дараагийн зогсоол бол "SunWorld" зугаа цэнгэлийн төв байв. Мөн л олон төрлийн экстрим тоглоом усан паркын үйлчилгээтэй тус төвөөр өдөржин зугаалж, хамгийн сүүлд 17:30 минутад хаалгаа барихтай нь зэрэгцэн дүүжин тээврээрээ буцаж ирэхэд “Kiss Bridge” буюу үнсэлтийн гүүрт наран шингэх мөч тохионо. Далайн усанд тусах нарны шаргал туяан дээр хайртай хүнтэйгээ хоёр талаасаа уулзан учирч, үнсэлцэж буй зургаа татуулах боломжийг тус гүүр сая сая жуулчинд олгодог. Сонгодог хөгжмийн аялгуунд наран жаргах үзэсгэлэнт туяан дор, уулзах цэг, үнсэлтийн цэгтээ учирсан хосууд, аялагчид үргэлжлүүлэн гэрлийн шоу үзүүлбэрт нэг цагийн турш саатсанаар энэ өдрийн аялал дуусна.

 УСАН СПОРТЫН ЗУГАА ЦЭНГЭЛИЙН ТӨВ

Арлын аяллыг усан завийн аялал, далайн усан дахь үзүүлбэргүйгээр төсөөлөх боломжгүй. Яг ийм цогц үйлчилгээний аяллыг гурван арлын аяллаас авч болно. Фукуок дахь далайн спортын хамгийн том зугаа цэнгэлийн төв болох Хон Дуа “Далайн ертөнц”-д хамгийн түрүүнд зочлов. Далай дээгүүр моторт завиар аялах эхний зогсоол бөгөөд тусгай зориулалтын өмсгөл өмсөж далайн гүн рүү хөтөчийн хамт нэвтэрнэ. Далайн гүнд байрлах үзэсгэлэнт ертөнцтэй танилцаж өнгө өнгийн үзэсгэлэнт загас, хясаа, тогтоцтой танилцах боломжийг энд олгодог. Далайн гүнд даралт их учраас зөвхөн дохионы хэлээр ойлгох бөгөөд хамгийн эхлээд далайн гүн рүү нэвтрэх үед даралтаас үүдэн чих шуугих мэдрэмж төрнө. Тиймээс тэр үед тайван байж толгойдоо угласан багийнхаа дотор талаар гараа оруулж хамраа сайтар чимхээд, чихээрээ хийг үлээх үйлдлийг хэдэнтээ хийснээр хэсэг хугацааны дараа далайн гүнд алхах болно. Далайн гүнд элс нь зөөлөн бөгөөд хөтөчийнхөө зааврын дагуу зугуухан алхана. Урд хойгуур сүлжилдэх немо загаснаас ганцыг боловч барьж авах оролдлого хийвч санаан зоргоор бүтэхгүй. Усны хөдөлгөөнөөр уян хөдлөх замагт ургамалд гараараа хүрмэгц гэнэт дэлбээгэээ хумих нь ч бий. Тэдгээр ургамал наалдамхай бас цавуулаг мэдрэмж төрүүлнэ. Ойролцоогоор 15 минут орчим ийнхүү далайн гүнд зугаалах бөгөөд хэрэв түүнээс өмнө аяллаа дуусгахыг хүсвэл эрхий хуруугаа гозойлгоход л болно. Харин аялал тааламжтай бөгөөд үргэлжлүүлэхийг хүсвэл ок гэсэн дохио ашиглана.

Далайн гүнд зорчсон дүрс бичлэгийг нь хийж өгдөг учраас зураг авалтын хэсэг ч бий. Та өөрийн өнцөгөө тодорхойлж, хүссэн байрлалаа авахад л болох юм.

Цаашлаад далайд өөрийн дураар аврах хантаазтай сэлж далайн гүн дэх үзэсгэлэнг дээрээс тольдох боломжийг аялагчдад олгож байна. Аврах хантааз, амьсгалах төхөөрөмж, нүдний шил гээд иж бүрэн тоноглол өгсөн ч монголчуудын хувьд усан спортын төрөл төдийлөн сайн хөгжөөгүй учраас арлын аяллыг зорихоор төлөвлөж байгаа бол дор хаяж 1-3 сарын хугацаанд энэ төрлийн спортоор хичээллэсэн байвал илүү өндөр мэдрэмж авна гэдгийг хэлэх байна. Хэдийгээр нуур, голын усны зах бараадаад богино зайд нохой самардаад хэрэндээ л сэлэх гэж үздэг боловч хөлгүй далайн усанд аврах хантаазтай ч хөл ч, барьц ч алдаж байна лээ. Хэдий тийм боловч нэмэлт хэрэгсэлтэйгээр өөрт илүү аюулгүй байдлаа мэдрээд далайн гүний үзэсгэлэнт байгалийг дээрээс тольдох боломж олгож байгаа нь аялагчдынхаа ялгаатай байдлыг мэдэрсэн, мэдэрмжтэй үйлдэл байсан гэдгийг онцлох нь зүйн хэрэг.

Сүүлчийн арлын аялал бол далайд хөвөх моторт завьнаас дүүжлэгдсэн шүхэрээр далай дээгүүр нисэж, моторт завь унаж, нисдэг тавцангаар далайд аялах гэх мэт далайн эргийн адал явдалт тоглоомуудыг аялагчдад санал болгодог. Аврах хантаазаа бүрэн бэхлээд зориулалтын талбайд шүхэрт бэхлэгдэн, барьсан уяанаасаа тас атгахад нэг л мэдэхэд далай дээгүүр шувуу мэт нисч байгаа нь үнэхээр гайхамшигтай мэдрэмж байв. Надаас дээгүүр өөрийнхөөрөө дүүлэн нисдэг жигүүртнүүд ямар их эрх чөлөөг энд мэдэрч, тэр өндөрөөс доошоо харахад бид өт хорхой мэт л үзэгддэг болов уу гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Уужим амьсгаа аваад, эцэс төгсгөлгүй үргэлжлэх далайн мандлыг ширтэхэд энэ дэлхий дээр надаас өөр ийм эрх чөлөөг мэдэрч байгаа хүн үгүй мэт санагдана. Шүхэрт нислэг алгуурхан доошилсоор далайн хөвөөнд газардахад хормын төдийд моторт завьтай аврагч ирж шүхрээс бэхэлгээг салгаад хойноо сундлан давхив.

Яг ийм л үзүүлбэр, ийм л мэдрэмжийг мэдрэхийн тулд өдөрт хэдэн мянган аялагч тэдэнд мөнгө төлж байна. Аялал жуулчлалыг төрөлжүүлнэ гэдэг ийм л чухал байдаг юм байна. Бид ч бас далай далай нуураар баян нутагтай, дэлхийд цэнгэгээрээ гайхуулдаг далайтай. Гэтэл яагаад хэдхэн моторт завь л ажиллуулж аялал жуулчлалаа хөгжүүлж байна вэ. Өмнөх зуунд бүтээсэн “Би чамд хайртай кино”-нд мөнхөрсөн “Сүхбаатар” хөлөг онгоц одоог хүртэл яагаад улсын хэмжээнд цор ганц байдаг юм бэ. Сүхбаатар нь байгаа юм бол өөр нэг Болд, Бат, Дулмаа хэн ч байсан яахав орчин үеийн техник технологиор тоноглогдсон хөлөг онгоц явуулах боломж бүхэл бүтэн тусгаар улсад байхгүй гэж үү. Зүгээр л нэг жижигхэн арал дээр хүмүүс аялал жуулчлалаа хөгжүүлээд мөнгө олж, иргэдээ ажилтай, орлоготой, улсаа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхуулж чадаж байхад бид өмнөх жил нь дараа жил дахиад очиход  үнэ нь нэмэгдэж, үйлчилгээ нь муудсан байдаг юм бол гэх мэт элдэвийг бодож дал модны сүүдэрт амрангаа хүйтэн жүүс шимэх мэдрэмжээ ч бас энд хуваалцахыг хүсч байна. Бид эх оронд минь ийм сайхан үйлчилгээ байдаг ч болоосой гэсэн мэдрэмж, асуулттай алхам тутамдаа л таарах юм. Магадгүй эрээд эрээд олддогүй үйлчилгээ нь энд байгаа учраас хүйтний улиралд халуун орныг усны шувууд шиг л зорьж байгаа байх.

LITTLE VENICE

Эцэст нь Вьетнамын “Little Venice буюу Бяцхан Венец” гэгддэг "Grand World"-оор зочилсон хэсгээ тодотгож байна. Хэрвээ та Фукуок арал очсон заавал очиж үзэх ёстой газрын нэг юм. Энд та Европын хэв маягийн үзэсгэлэнт архитектур, олон төрлийн үзвэр үйлчилгээ, дэлгүүр, зоогийн газруудыг нэг дороос үзэх боломжтой. Голын эрэг дагуух худалдаа үйлчилгээний хэсгүүд өдрийн цагаар яг л үлгэр ордон мэт харагдана. Үйлчлүүлэгч нэг бүрээ мэдлэн угтаж хүндлэн үднэ. Үйлчилгээний соёл, харилцаа хандлага, шоу урлагийг цогцоор нь хөгжүүлсэн бас нэгэн гайхамшигт хэсэг. Яг л Италийн Венецийн гудамжаар хөндлөн гулд давхих мэт тансах тохижуулалт бүхий усан завиар аялаж, олон улсын амтат хоолоор үйлчилэх зоогийн газрууд, хүний хэрэгцээ цөм бүрэн дэлгүүрүүд, хөл массажны алдарт бариаг ч орхигдуулж үл болно. “Hi Madam” гэдэг үгийг эелдэг зөөлнөөр өдөрт хэдэн зуун удаа давтан хэлсэн ч тэд хийж байгаа ажилдаа сэтгэлээ бүрэн шингээж нэг ч болов хүнд хүрч үйлчлэхийг зорино. Наран шингэж үдэж болоход усан дээрх урлагийн үзүүлбэр, гэрлийн шоу, буудлагын салютын тоглолтоор үргэлжлэнэ. Үйлчилгээний газрууд уг тоглолтыг хамгийн тухтай байдлаар амтат дарс, халуун хоол, хүйтэн жүүс, ус ундаагаар үйлчлүүлэнгээ үзэх боломжийг аялагчдад олгоно. Сүүлдээ суух сандал ч олдохгүй болтлоо иргэдийн хөл хөдөлгөөнд дарагдана. Ингэж л улс нь удирдлагууд нь иргэдийнхээ бизнесийг дэмжиж, бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд тултал хүрсэн үйлчилгээ үзүүлж өнөөдөр ганцаараа ирсэн хүн маргааш нь хоёулаа, гурвуулаа, аравуулаа болоод ирэх аялал жуулчлалын гинжин хэлхээг бэхжүүлж байна.

Төлбөрийн хувьд бэлэн мөнгөөр үйлчлэхээс гадна "Apple pay", "Samsung pay" гэх мэт олон улс хоорондын үйлчилгээг ашиглах боломжтой юм. Дэлхий бөөрөнхий биш хавтгай болж улам л даяаршиж байна. Өмнө нь англи хэлгүй л бол дэлхийд гарах боломжгүй мэт санагддаг байсан цаг ард үлдэж цахим технологийн тусламжтайгаар дэлхийн хаана ч аяласан газардахгүй, ганцаардахгүй болжээ. Хамгийн наад зах нь тэд хэний ч өөдөөс найрсагаар инээж, бас бөхөлзөж чадаж байна. Тэд үйлчилгээгээ өндөр түвшинд үзүүлээд “Дараа дахин ирээрэй. Дахин ирвэл хөнгөлөлт үзүүлнэ ээ” гээд гар даллан, нуруу бөхөлзөн үдэж байна. Монголчилвол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нуурт жил бүр мянга мянган хун чуулдаг шиг Вьетнам улсын Фукуок аралд дэлхийн олон орны мянга мянган хүн чуулж байна.

Сүүлийн жилүүдэд монголчууд өвлийн улиралд агаарын бохирдол, утаа, стрессээс зугтаж, энэ мэтчилэн дулаан орноор аялдаг болсон гэдгийг салбар яамнаас гаргасан тоон мэдээлэл баталж байна. Монгол Улсад 2024 онд 808,956 жуулчин ирж, 1.6 сая ам.долларын орлого оруулжээ. Харин 2024 онд Монгол Улсын 3.4 сая иргэн гадаад улсад аялсан байна.

Тодруулбал, монголчуудын гадаад улсад аялсан тоо 2020 онд 268,930, 2021 онд 121,188 байсан бол 2022 онд 324,467, 2023 онд нэг сая давж, 1,382,097 хүн гадаад руу аялсан бол 2024 онд давхардсан тоогоор 3,498,718 хүрчээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор гадаад руу аялах иргэдийн тоо хоёр саяар нэмэгдсэн гэсэн үг. Эсрэгээрээ дотооддоо аялсан хүний тоо нэг сая хүрэхгүй байна. Ямар сайндаа л "Тэрэлж явснаас Турк явсан нь дээр" гэж хошигнож ярих вэ дээ. Эх орныхоо гадаад валютын албан нөөцийг хомстох гол шалтгаан болсон аялагчид хүний нутагт хэд хонохдоо шилэн хүзүү нь татсаар байгаад буцдаг юм байна. Бүхнийг эх оронтойгоо харьцуулж, хаанаас ч юм буруутан хайж, үр хүүхдүүддээ илүү сайхан ирээдүй үлдээж, энэ мэтийг үзүүлж харуулах юмсан гэсэн сэтгэлийн их хөндүүр мэдэрдэг юм байна…

Ямартай ч хүйтэн, утаатай, түгжрэлтэй, хөгжил дэвшлээс алслагдсан ч эх оронтой байна гэдэг сайхан. Удахгүй урь орж хахир өвлийг өнөтэй давсан үндэсний их баяр цагаан сараараа элгэн саднаараа учирна золгоно. Яг л үүнтэй ижил дэвшил бүрээс ард үлддэг тийм өдрүүд удахгүй ард хоцроно гэдэгт итгэж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 124.158.126.227

Вьетнам оюутнуудыг Орост сурч байхад ТӨЛӨГҮҮД гэж нэрлэдэг байлаа. Оросоос хөнгөн цагаан хувин, түмпэн, сав суулгыг өрөөндөө багтахгүй болтол нь дүүргэж Вьетнам руу зөөдөг байлаа. Ашигт малтмал бараг байхгүй улс.
Халуун орон, далайн түвшнээс дор оршдог тул өндөрлөг газрын монголчуудад агаар нь таарахгүй. Нэг их зүглэж мөнгө үрэх газар биш ээ.

Avatar

лутаа 2 цагийн өмнө 66.181.164.23

Манай Тэрэлжид ирээрээй, хоногын 700к шүү хоол унд үзвэр үйлчилгээ юу ч байхгүй шүү ганц галч охин байгаа тэр маань их ууртай шүү өөрсдөө тэгсхийгээд болгоно биз… аан тийм төлбөрөө урьдчилж бүтэн авдаг байгаа шүү

Avatar

Зочин 3 цагийн өмнө 101.53.37.196

Хуцдаг худалч вэ 9 цаг нисдгүй юм малаа зөв мэдээлэл өгч бай сэтгүүлч гэгч энэ худалч,шантаажчин/өнөрөө п/солиот юмнуудаас болж энэ нийгэм эх захгүй замбараагүй,ялзрал доройтолд орж бна

Avatar

wahaha 1 минутын өмнө 192.82.65.168

puhaha ymar muuhai stressteimbe nuhur chine zailuul zowdog bhdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж