Таамаг: Битүүнд О.Хангай аварга түрүүлж, Ц.Бямба-Отгон арслан үзүүрлэнэ

Таамаг: Битүүнд О.Хангай аварга түрүүлж, Ц.Бямба-Отгон арслан үзүүрлэнэ

Таамаг: Битүүнд О.Хангай аварга түрүүлж, Ц.Бямба-Отгон арслан үзүүрлэнэ

Үндэсний бөхийн спортод нэр хүнд, чанар чансаа, цар хүрээгээрээ улсын баяр наадмын дараа орох цагаан сарын барилдаан удахгүй эхэлнэ. Тэртээ 1963 оноос хойш өдийг хүртэл гагцхүү цар тахлын он жилүүдэд л тасарсан уламжлалт барилдаан энэ жил өргөн болох шинжтэй. Урьд нь зөвхөн битүүний өдөр барилддаг байсан бол сүүлийн жилүүдэд хоёр өдөр зохион байгуулж, битүүний өдрийн орой түрүү бөх тодордог болоод буй.

Өнгөрсөн жилийн барилдаануудыг сонжвол жил бүр л хэн нэгэн цойлж, ард түмний бишрэл, хүндэтгэлийг булаадаг жишиг тогтсон. Луу жилийн барилдаанаар улсын начин Д.Амарсайхан шилдгүүдийг дараалан өвдөг шороодуулж, их шөвөгт үлдэж байсан бол бар жилийн барилдаанаар хэний ч таамагт багтаагүй тухайн үедээ аймгийн заан цолтой байсан Э.Мөнхжаргал түрүүлсэн түүхтэй. Тэгвэл өнөө жил дахин хэний ч төсөөлөөгүй, ад, од нь гийсэн аавын хүү хамаг Монголын хайрыг татах болов уу? Эсвэл аварга, арслан, заанууд зангараг зааж, ам авсаар түрүүлэх үү?

Энэ жилийн сар шиннйн барилдааныг тааварлахад дөхөм зүйл байгаа нь Монголын үндэсний бөхийн холбооноос саяхан гаргасан чансаа. Намраас хойш Бөхийн өргөөнд чансаа олгох барилдаануудад тогтмол барилдаж, өндөр амжилт гаргасан бөхчүүдэд оноо олгож, жагсаадаг болсон. Сүүлд гарсан чансааг улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж, улсын заан С.Сүхбат, улсын начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд удаалжээ.

Гэхдээ өргөөний чансаагаар сар шинийн түрүү бөхийг таамаглана гэдэг учир дутагдалтай. Ерөнхийдөө сар шинийн барилдаанаас эхлээд л ирэх наадмын өнгө тодрох учир бөхчүүд юу юунаас илүү хичээдэг. Барилдааны өглөө өмссөн дээл, барьсан цүнхнээс нь энэ бүхэн харагддаг. Тиймээс тал бүрийн зүйлийг судлан шинжилж түрүү бөхийг таамаглах нь зүйтэй.

ТҮҮХИЙГ ЭРГЭН САНАВАЛ

Түүхийг эргэн санавал 2013 оны усан могой жилийн барилдаанд Г.Эрхэмбаяр аварга түрүүлж, С.Мөнхбат аварга үзүүрлэж байжээ. Харин 2001 оны төмөр могой жилийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүлж, Д.Сумъяабазар аварга үзүүрлэж байсан аж. Түүнээс өмнөх могой жилийн барилдаануудын үр дүнг товчлон хүргэе.

  • 1989 оны могой жилийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэв
  • 1977 оны могой жилийн барилдаанд дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, улсын арслан П.Дагвасүрэн үзүүрлэв
  • 1965 оны могой жилийн барилдаанд улсын арслан Л.Сосорбарам түрүүлж, дархан аварга Д.Дамдин үзүүрлэв

Түүхнээ могой жилийн барилдаанд аварга цолтой бөхчүүд ихэвчлэн түрүүлжээ. Ер нь л аварга, арслан цолтнууд үзүүр түрүү булаалддаг уламжлалтай харагдана.

ӨНӨӨ ЖИЛИЙН ЧАНСААГ ХАРВАЛ

Дээр дурдсанчлан чансаагаар бол намраас хойш цөөн бөхчүүд л өргөөнд тогтмол зодоглож, индэр өөд олон мөрөө гаргажээ. Тухайлбал, улсын арслан Ц.Бямба-Отгон. Даваа нь түмнийх, унаа нь өөрийнх нь асуудал гэгддэг тэрбээр ёстой л ид яваа идэр хүчтэн гэдгээ харуулж байгаа. Өргөөнд ч гэлтгүй хөдөө орон нутгаар барилдаж, монгол даяар л бяр тэнхээгээ гайхуулж яваа эр. Түүнийг энэ жил түрүүлнэ гэх бөх сонирхогчид олон байна. Өнгөрсөн жил тэрбээр гарьд цолтой байхдаа дөрвийн даваанд бүдэрч байв.

Түүний араас улсын заан С.Сүхбатыг нэрлэж болно. Мөн л намраас хойш тогтмол сайн барилдаж, түмэн олныхоо таашаалд нийцэж байгаа. Залуугаараа өндөр цолонд хүрсэн учир туршлагагүйтэх, тэвдэх үе олон тохиосон. Харин сүүлийн үед бол буурь сууж, цолондоо дасч байх шиг. Барилдааны хий гаргахгүй, нягт болж байгаа харагдсан.

Улсын заан цолтнуудаас М.Лхагвагэрэл, Б.Бат-Өлзий нар мэдээж их шөвөгт торойхгүй үлдэх хүчтэнүүд. М.Лхагвагэрэл зааны хувьд саяхан АНУ-ыг зорьж, чөлөөт бөхийн Азийн аваргын бэлтгэлээ хангаад ирж байгаа. Энэ ч утгаараа бие бялдар нь бэлэн. Нөгөө талд цагаан сарын барилдааныг бараг л нэрэмжитээ болгосон улсын заан Б.Бат-Өлзий байна. Тэрбээр хоёр удаа түрүүлсэн түүхтэй. Энэ жил ч түрүүгээ нэмэхийг үгүйсгэхгүй.

Чансааны эхний аравт О.Хангай аварга байгааг мартаж болохгүй. Түүний талаар бид нийтлэлийнхээ төгсгөлд дэлгэрэнгүй бичих болно.

ТҮМЭН ОЛНЫ ХҮСЛЭЭР

Өнгөрсөн жилүүдийн барилдаануудыг харвал төсөөлөөгүй хэн нэгэн цойлдог зүй тогтол бий. Тэгвэл өнөө жил хэн цойлох вэ? Гаргасан чансаа болон үзүүлж байгаа барилдааныг нь харвал нэрлэчих цөөхөн бөх байна. Хамгийн түрүүнд аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг нэрлэх нь зүйн хэрэг. Наадмаар улсын цол авчих болов уу гэж түмэн олон хүлээсэн ч дутуудсан. Түүнээс хойш заал танхимын барилдаанд улам сайн барилдаж, цол нь багадчихсан гэдгээ олон харуулж байгаа. Тэр ч утгаараа удахгүй болох барилдаанд улсын цолтнуудыг "нурааж", түрүүлэхийг бай гэхгүй.

Түүний адилаар тунчиг сайн байгаа өөр нэгэн аймгийн хурц арслан бол Д.Алтанцоож. Бас л цол нь багадсан хүчтэн. Хэнтий нутгийнхан энэ цагаан сараар Э.Оюунболд арслангаа барилдуулах гээд барсангүй. Тэгвэл одоо Д.Алтанцоожоо харах үлдсэн.

Аймгийн цолтнууд үе, үе сар шинийн барилдаанд түрүүлдэг түүх бий.

Улсын начин цолтнуудаас яахын аргагүй Л.Энхсаруул, Э.Батмагнай нарыг нэрлэх хэрэгтэй. Ялангуяа Л.Энхсаруул тунааны начин гэдгээ хангалттай харуулж, сүүлийн үед шагналын тавцангаас буусангүй. Харин Э.Батмагнай начин том барилдаанд онцгой сайн барилддаг. Сүүлд л гэхэд Ерөнхийлөгчийн цомд түрүүлсэн билээ.

НУУЦХАН СЭТГЭЛИЙН ГҮНД

Мэдээж том барилдаан гэдэг утгаараа өнөө цагийн бүхий л аварга, арслан цолтнууд зодоглох учиртай. Тэр ч утгаараа таамагт байх ёстой бөхчүүд бий. Тухайлбал, дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Б.Орхонбаяр нарын нэрс хөвөрнө. Н.Батсуурь аваргын түрүүлж үзээгүй яваа цөөхөн барилдаануудын нэг нь сар шинийн барилдаан. Тэрбээр уржнан жил улсын заан Б.Бат-Өлзийтэй үзүүр, түрүү булаалдаж, дийлдэж байв. Үүнээс өмнө хоёр ч удаа их шөвөгт шалгарсан үзүүлэлттэй. Түүний фэнүүд аваргыгаа энэ жил л түрүүлнэ гэж дахин итгэл тээн үзнэ. Дархан аварга цолтойгоо нэг хэсэг тааруу барилдсан тэрбээр энэ оны эхний барилдаанд түрүүлж, амжилтдаа ханаагүй гэдгээ харуулсан.

"Өндөр" аваргын бас л түрүүлж үзээгүй барилдаануудын нэг бол энэ. П.Бүрэнтөгс аварга өнгөрсөн жил их шөвөгт үлдэж байсан бол түүнээс өмнө 2018 онд улсын заан Б.Бат-Өлзийтэй үзүүр, түрүү булаалдаж, тахимаа өгсөн түүхтэй. Монголын хамаг л "рекламыг базаж буй" түүнийг энэ жил сар шинийн барилдааныг базаасай гэж хүсэгчид олон бий.

Эцэст нь сураг алдарсан Б.Орхонбаяр арслан бэртлээ хангалттай илааршуулсан болов уу? Мөр нь зовиуртай их удлаа. Үүнээсээ болж баргийн барилдаанд зодоглохгүй, түүнийгээ дагаад шүүмжлэлд их өртөх юм. Гэхдээ л том барилдаануудыг зорьж барилдаж байгаа харагддаг. Энэ жил ч тэгнэ гэж найдаж байна.

ИНГЭЭД ДҮГНЭХЭД

Түүхээ, чансаагаа ч харсан энэ жилийн сар шинийн барилдааны түрүү бөх аварга, арслан, заан цолтнууд дундаас төрөх нигууртай. Бүр тодруулбал, улсын аварга О.Хангай болон улсын арслан Ц.Бямба-Отгон нар ээлжит удаагаа түрүү, үзүүр булаалдаж, О.Хангай аварга түрүүлэх таамгийг дэвшүүлж байна. Харин их шөвөгт дархан аварга Н.Батсуурь, улсын заан С.Сүхбат нар үлдэх магадлал өндөр.

О.Хангай аварга өнгөрсөн жил түрүүлж, сар шинийн барилдааны анхны түрүүгээ хүртсэн. Ингэхдээ улсын заан Б.Пүрэвсайханыг давж байв. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа аймгийн арслан цолтой үзүүр, түрүү булаалдаж байсан.

Харин хамгийн сүүлд дараалан түрүүлсэн бөх дархан аварга Г.Өсөхбаяр юм. Тэрбээр 2004 болон 2005 онуудын сар шинийн барилдаанд түрүүлсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гүнбишрэлт гүн 7 минутын өмнө 43.242.242.59

Миний төлөгөөр бол улсын начин цолтой бөх түрүүлж улсын аварга үзүүрлэнэ гэж бууж байна. харин шөвгийн 4-т аймгийн арслан цолтой нэг бөх орж ирэх юм байна. Их сонирхолтой үзүүштэй барилдаан их гарна.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.184.70

Цагаан сараар түрүүлээгүй бөйж аварга цолонд хүрнэ гэд эг нь бас но-той л хнрэг шүү !

Avatar

89456 2 цагийн өмнө 66.181.166.134

Аймгийн цолтой бөх түрүүлэхээр одон зурхайд буусан байгаа тул анхаарна уу, хэхэхэхэхэхэхэ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 70.52.152.57

Магадлалаар нэг аймгийн арслан тууx болсон доо

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.94.187

Бямба-Отгон түрүүлнэ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.168.8

2 ОРК

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.126.90.249

Хэн идэш уушныхаа хэмжээ тунг тааруулж чадсан нь л түрүүлэх байх даа, угаасаа ойлгомжтой ш дээ

Avatar

Нарка 3 цагийн өмнө 202.70.43.12

Батсуурь түрүүлж Бат-Өлзий үзүүлнэ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.60

YAG

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.184.70

Батсуурь түрүүлэхгүй ээ !!! Арга залиар цол авсан хүнийг бурхан таалахгүй дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж