Цахим спортын "CS2" төрөлд сүүлийн үед "kyousuke" буюу Максим Лукин гэх гоц авьяастан олны анхаарлыг татаж байна. Өдгөө Оросын "Spirit" багийн академийн багт тоглож буй тэрбээр саяхан LAN тэмцээний дебютээ хийн түрүүлсэн билээ.
"Spirit" багийн академиас "donk", "zont1x", "FL4MUS", "Magnojez", "Patsi" зэрэг өнөө цагийн шилдгүүд төрөн гарсан түүхтэй. 17 настай Максим Лукинийг анх "CS"-ийн тоглогч, дасгалжуулагч асан Алексей Бируков буюу "OverDrive" жижиг тэмцээнүүд дээр олж харан, "Spirit"-ийн академийн дасгалжуулагч Дмитрий Форостянкод санал болгожээ. Харамсалтай нь эхний олдсон боломжоо "kyousuke" ашиглаж чадаагүй гэнэ. Улмаар "OverDrive" түүнд дахин боломж олгохыг Дмитрийгээс хүсч, "kyousuke" ч хоёр дахь боломжоо тултал нь ашиглаж, өөрийгөө залуу авьяастан гэдгээ харуулжээ.
Ингээд та бүхэндээ хэдийнэ дэлхийн том багуудын анхаарлыг татаж, удахгүй мэргэжлийн түвшинд цахиур хагалах "kyousuke"-ийн ярилцлагыг хүргэе. Энэхүү ярилцлагыг "kyousuke"-г анхныхаа LAN тэмцээн болох "BetBoom LanDaLan"-д түрүүлэхээс өмнө авчээ.
-Максим, энэ бол чиний анхны LAN тэмцээн. Замналын чинь чухал мөч. Үүнийг өөрийгөө харуулах тайз гэж бодож байна уу эсвэл зүгээр л туршлага суух боломж гэж харж байна уу?
-Бид энд зүгээр л тоглох гэж ирсэн. Тийм ч туршлага суухгүй биз. Цэнгэлдэх дотор тоглохгүй шүү дээ. Зүгээр л тоглоно.
-Тоглолтууд бага ч гэсэн үзэгчтэй боллоо. Тэдний чимээ шуугиан ч сонсогдож байна. Энэ чамд сонирхолтой эсвэл сэтгэл хөдөлгөм биш байна уу?
-Үгүй дээ. Бүх зүйл зүгээр байна. "LAN" тэмцээнээс авах сэтгэл хөдлөл, сонирхолтой байдал цэнгэлдэхийн хэмжээнээс шалтгаалахгүй дээ.
-"Spirit Academy" баг энэ тэмцээний гол фаворитоор нэрлэгдэж байна. Та нарт энэ нь мэдрэгдэж байна уу?
-Бид мэдрэхийг хичээж байна. Энэ бол бидний хувьд анх удаагаа фаворитоор нэрлэгдэж байгаа тэмцээн болж байна.
-Нөгөө талаараа дарамт мэдэрч байна уу?
-Үгүй шүү. Манайхан бүгд хэвийн байгаа. Хүн бүр л энгийн тэмцээн шиг бодож байна. "LAN" гэдэг утгаараа эсвэл фаворит гэдэг утгаараа дарамт мэдэрч байгаа зүйл алга. Бүх зүйл хэвийн.
-Гурван сарын өмнө танай баг "HLTV"-ийн дэлхийн чансааны 33 дугаарт бичигдэж байлаа. Харин одоо 34 дүгээрт бичигдэж байна. Энэ жилийн төгсгөлд хаана бичигдэж байх бол?
-Топ 30. Бид 29 дүгээр байрт байх болно.
-Тийм ч том төсөөлөл биш байна шүү. Юу та нарыг зогсоох юм бэ?
-Би тавьсан мөрийгөө үргэлж 100 хувь авдаг. Би өөрийгөө ялагдана гэж мөрий тавьдаггүй. Үргэлж ялна гэж мөрийцдөг. Бид 29 дүгээр байрт байх болно. Үүнээс илүүг таамаглаж чадахгүй байна. Магадгүй илүү сайн амжилт үзүүлэх байх.
-"Spirit Academy"-ийн энэ улирлын зорилго юу вэ?
-Яг жинхэнэ утгаараа "LAN"-ийн тэмцээнд оролцох. Дүүрэн үзэгчтэй гэсэн үг л дээ. Мөн шинэ зүйлс туршихыг хичээнэ. Мэдээж хэд хэдэн тэмцээнд түрүүлэхийг зорино.
-Арай том зүйлст зориод байгаа санагдахгүй байна уу? Том "LAN"-ийн тэмцээнд оролцохын тул та нар эрхээ авах ёстой, чансаа ахиулах ёстой шүү дээ.
-Тийм ээ. Том зорилготой. Үүний тулд л бид ССТ тэмцээнүүдэд тоглож, түрүүлэхийг зорьж байгаа юм. Харин одоо плей-оффд байна. "ССТ"-д түрүүлж, "Valve"-ийн чансаагаа ахиулна. "Valve"-ийн чансаа өндөр бол хаалттай сонгон шалгаруулалтад уригдаж, тэндээсээ том тэмцээнд оролцоно. Бага багаар ахина гэсэн үг л дээ.
-Чиний тоглолтын талаар хэдэн зүйл асууя. Чи үнэхээр сайн тоглож байгаа. Үзүүлэлтүүд чинь ч үүнийг харуулж байна. Цаашдаа үзүүлэлтүүд дээрээ анхаарах уу? Эсвэл энэ бүгд хамаагүй юу?
-Юу л даа, мэдээж би улам сайжрахыг хичээнэ. Үүнийгээ дагаад үзүүлэлтүүддээ анхаарна. Одоо бол би яг уналтынхаа үе дээр байна. Гэхдээ үүнийгээ сайжруулахыг хичээж байна. Багаараа ялахгүй л бол сайн үзүүлэлт байхгүй ээ. Бид ССТ-д муу тоглосон. Үүнийг ч миний үзүүлэлтээс харж болно.
-Чи зөвхөн "donk"-ийн демо бичлэгүүдийг л үздэг гэсэн. Яагаад гэдгийг нь хэлж болох уу?
-Би "donk"-ийн, "NiKo"-ийн, бусад багуудын демо бичлэгүүдийг үздэг. Гэхдээ яг голчлон хувь тоглогчийн бичлэг үздэггүй. Би ганцаараа хэрхэн тоглохоо мэднэ. Харин багаараа тоглож сурахын тулд демо бичлэг их үздэг. Мэдээж ганцаараа тоглож сурахын тулд бичлэг үздэг байсан. Хэрэв "YouTube" дээр байвал бүр "FACEIT"-ийн тоглогчдын хүртэл бичлэгийг үздэг.
-Ирээдүйнхээ талаар яривал одоо байгаагаасаа хэр өөр байх вэ? Хэзээ мэргэжлийн түвшинд, нэгдүгээр зэрэглэлд хүрэх вэ?
-Юу болохыг харцгаая. Энэ жилийн төгсгөл гэхэд гэж бодож байна. Магадгүй ирэх жил.
-Шат ахих ёстой гэдгээ чи хэрхэн шийдэх вэ? Мэдрэмжээ дагах уу? Эсвэл дасгалжуулагч, менежментийн багийн саналыг сонсох уу?
-Би өөрийнхөө тоглолтод их анхаардаг. Дасгалжуулагч Димагаас тоглолтынхоо талаар эсвэл бэлэн эсэхээ асуудаг. Түүнээс өөрийнхөө түвшнээс сайн эсвэл муу тоглож байгаагаа байнга асуудаг.

-Түвшин ахъя гэдгээс тэсгэл алдаж байна уу?
-Үгүй шүү. Тийм зүйл байхгүй. Би багуудаас олон санал авсан. Гэхдээ л яаран шийдвэр гаргаагүй.
-Багуудын саналыг хүлээн аваагүй гэж үү?
-(Толгой дохив)
-Үндсэн баг руугаа жилийн дотор орно гэсэн хүлээлт байна уу? Эсвэл одоогийн багийнхаа амжилтыг хараад энэ талаар бодохгүй байна уу?
-Би хэрхэн тоглохоос, баг хэрхэн тоглохоос л шалтгаалах байх даа. Бүгд л үүнтэй холбоотой.
-Одоогийн нөхцөл байдлаас харахад ямар ирээдүй чамайг хүлээж байна?
-Би ирээдүйн талаар бодохгүй байна.
-Тэгэхээр ирээдүйн талаараа бодохгүй байхыг илүүд үзэж байгаа хэрэг үү?
-Тийм ээ.
-Хэрэв "Spirit"-ийн үндсэн багаас санал ирвэл ямар ч байрлалд тоглож чадах уу?
-Ямар байрлал гэдгээс л шалтгаалах байх. Бүх байрлал хамаатай шүү. Би олон байрлал дээр тоглож чадна. Одоо тоглож байгаагаасаа гадна олон байрлал дээр тоглож чадна. Гэхдээ ямар байрлал вэ гэдгээс л их зүйл шалтгаална.
-Ямар байрлал дээр тогломоор байна?
-Хоёр дахь "supporter"-оор тогломоор байна. Бас хоёр дахь "carry"-аар.
-"Spirit"-ээс өөр багт тоглохоор болвол аль багт, хэний байрлал дээр тоглох сонирхол байна? Зүгээр төсөөлье л дөө.
-Би "NaVi"-д тоглож, дасгалжуулагч "B1ad3"-тай ажиллаж үзмээр байна. Дима түүнийг магтдаг. Тэдний багийн бүтцийг дотроос нь харах сайхан боломж шүү дээ.
-Саяхан "donk"-той ярилцахад түүний нэрийн хуудас болсон мап нь "dust2" гэсэн. Тэгвэл чинийх юу вэ?
-Би "Vertigo" дээр тоглохоороо илүү итгэлтэй байдаг. Гэхдээ тэмцээний мап сонголтоос хасагдчихсан. Тэгэхээр одоо бол "Nuke" юм байна.
-"Train"-ий талаар юу гэж бодож байна?
-Дажгүй сонголт шүү. Багаараа тоглож сурахад хэцүү мап. Гэхдээ бид чадах бүхнээ хийж байгаа.
-Мэргэжлийн түвшинд, нэгдүгээр зэрэглэлийн багуудын талаар ярьсан дээр асуухад англиар ярьдаг багт тоглоход чи бэлэн үү?
-Зүгээр ээ. Би өдөр тутмын амьдрал дээрээ ч хэн нэгэнтэй ярьж, харилцан яриа өрнүүлж чадна. Үүнээс илүү юу болохыг харцгаая. Гэхдээ би энгийн зүйлсийг хялбархан мэднэ.
-Оросоор ярьдаг багт тоглохыг илүүд үзэх үү?
-Үгүй ээ.
-Ямар ч хамаагүй гэж үү?
-Үгүй ээ, хамаагүй.
-Тэгвэл юу хамаатай юм бэ? Чи яг юу хүсч байна?
-Сайн багийн хамтрагчид, сайн дасгалжуулагч.
Холбоотой мэдээ