126:1 Орхигдсон хотын “ван”

76:1

126:1 Орхигдсон хотын “ван”

126:1 Орхигдсон хотын “ван”

NEWS.MN сайт үүсгэн байгуулагдсанаас хойш УИХ-ын сонгуульд шинээр сонгогдсон гишүүдийг үсгийн дарааллаар нь танилцуулдаг "76:1″ булан хөтөлж ирсэн.  УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент 126 гишүүнтэй болсон учраас бид "126:1″ булангаа эхлүүлээд буй. "126:1" булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн 13 тойрог буюу нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханыг танилцуулж байна.


Шадар сайд С.Амарсайхан өөрийгөө “Би дундын зооны хүн” гэж тодорхойлдог ч сонгогчид нь түүнийг “Орхигдсон хотын ван” гэж хэлэх нь бий.  Жилдээ 600 мянган тонн нүүрс олборлож, Монгол Улсын аж үйлдвэржилтийн гол ачааг нуруун дээрээ үүрч ирсэн Налайхын уурхайн нөөц шавхагдахад ажилгүй болсон иргэд амь насаараа дэнчин тавин, хууль бусаар нүүрс олборлон тэмцсэн хатуу цаг үед тэр орхигдсон хотоо өөд татах амлалт өгөн, 2012 онд орон нутгийн сонгуульд өрсөлдсөнөөр анх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон түүхтэй.

Хуульч мэргэжилтэй, АНУ-ын Саут Уэст их сургуульд магистр хамгаалсан, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташегаар ажилласан гэх намтраас өөр гялайж, гялтайх зүйл багатай түүнд налайхчууд итгэл хүлээлгэсэн нь дошны хүнээ дэмжсэн.

Орхигдсон хотынхноо төлөөлөн НИТХ-д гурван удаа дараалан сонгогдохдоо НИТХ-ын дарга, Улаанбаатар хотын захирагч болж карьераа өсгөсөн. Хэдийгээр энэ хугацанд Налайхыг Улаанбаатар хотын дагуул хот болгож хөгжүүлж чадаагүй ч автозамыг нь шинэчилсэн.  Сүүлийн 60 гаруй жил засвар хийж чадаагүй байсан Налайхын 20 гаруй км замыг Хятадын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэн бариулж, дөрвөн эгнээ болгосон нь 2019 оны намар ашиглалтад орсноор 2020 оны УИХ-ын сонгуульд ногоон гэрлээр сонгогдсон. Улмаар Шадар сайд болж, карьер ахихад Хотын фракцынхныг унагах зодооныг эхлүүлсэн тэмцлийнх нь “шагнал” байв.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, М.Энхболд хаан болж, хотын фракц өнгөтэй, мөнгөтэй албан тушаалд очиж, тонгочиход Ц.Сандуйг НИТХ-ын даргаас, Су.Батболдыг Улаанбаатар хотын захирагчаас нь буулгах ажлыг гардаж хийсэн хүн нь С.Амарсайхан.

Хожим нь энэ тухайгаа тэрбээр “Эхэлж Ц.Сандуйг унагахгүйгээр хотын фракцыг задлах арга байгаагүй. Хотын фракц чинь үнэндээ хотын мафи болчихсон байсан шүү дээ. Газрын наймаа, зөвшөөрлийн наймаа, дэд бүтцийг улсын төсвөөр зүгээр эзэнгүй тал руу татчихдаг, Улаанбаатар хотын төвийн замаа шийдээгүй байж эзэнгүй газар дээгүүр Дүнжингараваас Амгалан хүртэл дөрвөн урсгалтай зам тавьсан. Энэ бол “Мон уран”-ы Б.Наранхүүд хийж өгсөн ажил. Тэрнийг дагаад Наранхүү 160 га газар авчихсан, нэг ч төлбөр төлдөггүй. Би сүүлд хотын дарга байхдаа бүгдийг цуцална гэж байж 5 га газрыг авч, хүүхдийн цэцэрлэг, сургуулийг бариулсан. Хүй долоон худаг, уяачдын гал руу хэдэн арван тэрбумаар цахилгаан татдаг. Төв талбайн өмнөх газраасаа эхлээд бүгдийг зараад, 10 сая ам.долларын барьцаанд тавьчихсан. Зохион байгуулалттай, улс төр, бизнесийн бүлэглэл бий болчихсон байсан” гэж ярьсан нь бий.

Мөн 70 жилийн түүхтэй Монгол Улсыг тэжээж байсан гэх Налайхын уурхайг балгас болсон нөхөд бол мафийнхан гэж тэрбээр тодотгодог.

Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа даргын ширээн дээр дарагддаг, мэргэжилтний ширээн дээр ирээд гар хүндрүүлэх хэрэгсэл болдог зөвшөөрлийг цэг­цэлсэн. 60 километр дугуйн замыг хийсэн, маш олон газрын зөвшөөрлийг цуцалж, олон дайсантай болсон гэхчлэн хугацаа богино ч олон ажлыг амжуулсан тухай ярьдаг ч төв талбайн урд усан оргилуур барьж, төсвөөр  тоглосон, дүүжин тээвэр гэх бүтэлгүй төсөл нь өнөөг хүртэл хэрэгжээгүй гэх шүүмжлэл дагадаг. Туулын бургасыг хядсан гэх хэл аманд ч орж байв.

Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглох Засгийн газрын шийдвэрийг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа гардан хэрэгжүүлсэн. Нүүрс түлэхийг хориглох шийдвэр нь Налайхад хууль бусаар цэцэглээд байсан уурхайг хаахад дэм болж, олон арван хүний амь нас эрсдэхээс сэргийлсэн сайн тал байсан ч шахмал түлшинд гэр бүлээрээ угаартаж, амиа алдсан харамсалтай мэдээ олныг цочирдуулсан юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд цөөнхийг төлөөлж байсан Ардчилсан намын бүлгийн гишүүд “Сайжруулсан түлш хортой байгааг хэлж, гадаадын лабораторид шинжлүүлж, хор хөнөөлийг нь бууруулах арга хэмжээ авахгүй бол олон зуун хүний амь нас хохирох эрсдэл байгааг сануулсан. Гэвч агаарын бохирдол буурсан, 50 хувь буурсан дүн гарсан гэдэг тайлбараар ам хааж ирсэн юм.

Улмаар УИХ- д сонгогдсон. Дэлхий даяар цар тахал дэгдсэн хүнд цаг үед Шадар сайдын албанд томилогдож, унтах эрхгүй ажиллаж байсан ч иргэдээ эх орондоо ирэх эрхгүй болгож, хил хаасан, эхнэртээ улаан бүс рүү нэвтэрч ээж, аавтайгаа уулзах эрх олгож, давуу эрх эдлүүлсэн гэх шүүмжлэл сонсч донгодуулж байв.

Шадар сайдын алба хаших үед нь ажил үүргээ гүйцэтгэж явсан онцгой байдлын аврагч нар амь насаа алдаж, хариуцлагын асуудал хөндөгдөхөд  огцроогүй.

Харин ч 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдахад тэрбээр дахин Шадар сайд болж, өмнөх ажил албаа үргэлжлүүлэн хашиж байна.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихдээ тэрбээр Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн нийт орлого 81 сая, 10.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 107 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй, 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 303 сая төгрөгийн хадгаламжтай, 3 тэрбум төгрөгийн авлагатай, 41 сая төгрөгийн зээлтэй. “Оюуны ундраа” групп, “Монголын санхүүгийн групп” банк бус санхүүгийн байгууллага зэрэгт хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Налайх Эрдмийн оргил сургууль
  • 1996 онд АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт
  • 2000 онд АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе
  • 2004-2007 онд Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
  • 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
  • 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  • 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

2014 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос, Хятад

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

------- glxs+ ylmzb? ## _ @; 48 минутын өмнө 132.194.13.88

( T/fv/opj)

Avatar

УНШИГЧ 48 минутын өмнө 43.242.242.141

ТӨВ ТАЛБАЙН УСАН ОРГИЛУУР ГЭЖ МОНГОЛЫГ ГУТААСАН ЮМ ХИЙСЭН ДЭЭ. МӨН УУЛЫН АМАНД ОЛОН ДАВХАР ОРДОНТОЙ ЮМ БИЛЭЭ ХААНААС Ч ОЛСОН ХӨРӨНГӨ ЮМ?

Avatar

налайхчууд итгэл 1 цагийн өмнө 132.194.13.88

-kitadjyylsanyd-;

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.189.14

эдний төрсөн ах С.Ганбатын нэр дээр олон лиценз байгаа даа. Бас л нэг шуналын микроб

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.55.188.44

Муулаад бгаму магтаад бгаму… эсвэл нөгөө шантааж гэгч нь үү.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.115.191

80955877XUCHINDEX AXN TAALLAAR80955877

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 59.153.115.191

BOOWN XXNO SEKSEER XUSNEER VANXANDI AXTAIVSEKSDI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж