"Jeju Air"-ийн онгоц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд осолдсоны дараа Муан олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байсан. Тэгвэл 56 өдрийн дараа нисэх буудлын үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээжээ. Тодруулбал, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, эрэн хайх ажиллагаа болон сургалтын зорилготой нислэгүүдийг үйлдэж эхэлсэн талаар албаныхан өнөөдөр мэдээлэв.
Зөвшөөрлийн дагуу таван их, дээд сургууль болон хувийн гурван байгууллага 21 онгоцоор нислэгийн сургалт явуулж эхэлжээ.
Харин энгийн иргэний агаарын тээврийн үйлчилгээг дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл түр хязгаарлаад байна. Энэ нь аюулгүй байдал, байгууламжийн хяналт шалгалттай холбоотой.
Эргэн сануулахад, Бангкокоос ирсэн "Jeju Air"-ийн онгоц арванхоёрдугаар сарын 29-ний өдөр газардах үедээ буух зурвасыг хэтрэн давхиж, улмаар бетонон хана мөргөсөн билээ. Энэхүү харамсалтай ослын улмаас онгоцонд байсан 181 хүний 179 нь амиа алдсан.
Холбоотой мэдээ