Румын улсын нийслэл Бухарест болон Клуж-Напока хотууд "PGL"-ийн ээлжит нэгэн тэмцээн боллоо. "CS2" төрлөөр болсон энэхүү 1.25 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөний дотор "Valve"-ийн чансаагаар Азийг тэргүүлэгч Монголын "The MongolZ" баг багтаж байв.
Хэсгийн шатны тоглолтууд онлайнаар болж, плей-оффын тоглолтууд Клуж-Напока хотын "BT" аренад болсон. Таамаг ёсоор "The MongolZ" баг хэсгийн шатаа төвөггүй давж, плей-оффд Данийн "Astralis" багтай учраа таарав. "The MongolZ" багийнхан ч "cadiaN"-аас хариугаа авна гэх итгэл дүүрэн байсан ч тийм зүйл болсонгүй. Каспер Моллер буюу "cadiaN" нь өмнө Норвегийн "HEROIC" багт байхдаа "The MongolZ"-ийг егөөдөж, хожиж байсан түүхтэй.
"Astralis" баг 2-0 гэсэн харьцаатай "The MongolZ"-ийг хожиж, хагас шигшээд шалгарсан юм. Монголын багийг цэнгэлдэх дотор, тайзан дээр томоохон тэмцээний хасагдах тоглолтод тааруу тоглодог гэх яриа гарчээ.
Энэхүү тэмцээний гранд финалын тоглолт өчигдөр/2025.02.23/ болж өндөрлөсөн. Ялагчаар Германы "MOUZ" баг тодров. Өөрсдийн ахлагч "Siuhy"-ийг явуулсан тэднийг ийм хурдан учраа олно гэж олон хүн бодоогүй. Швед залуу "Brollan" ч нэг шат ахиж, ахлагчийн үүргээ сайн гүйцэтгэв. Мөн шинэхэн цэрэг "Spinx" багийнхантайгаа сайн ойлголцож байгаагаа харуулжээ.
Түрүүлсэнийхээ дараа Лудвиг Бролин буюу "Brollan" ярихдаа "Би үнэхээр баяртай байна. Үүний төлөө би үнэхээр хичээсэн. Эцэст нь би багаа тоглуулж, удирдагч байж чадна гэдгээ харууллаа. Өнгөрсөн долоо хоногуудад үнэхээр ядарсан. Харин одоо түрүүлсэндээ баяртай байна" гэв.
Тэмцээний аман хүзүүд Саудын Арабын "Falcons" баг шалгарав. Өндөр хүлээлт, их хөрөнгөөр бүтсэн тус баг эцэст нь томоохон тэмцээний финалд хүрч, фэнүүдээ баярлуулав. Тэмцээний шилдгээр буюу "HLTV" болон "1xBet"-ийн шагналын эзнээр "Falcons"-ийн "NiKo" тодорчээ. Хэдий баг нь финалд хожигдсон ч түүнийг энэ шагналыг хүртэх эрхтэй гэж зохион байгуулагчид үзсэн аж.
Мөн энэхүү тэмцээний гуравдугаар байрын төлөөх тоглолт болсон. Тус тоглолтод "Astralis" баг "FaZe Clan"-ийг 2-1 гэсэн харьцаатай буулган авсан аж.
Дараагийн том тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх улирал гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Шведийн Стокгольм хотноо болох тэмцээнд "The MongolZ" баг өрсөлдөнө.
Холбоотой мэдээ