31 дэх удаагийн сагсан бөмбөгийн Азийн аваргад шууд оролцох багуудын нэрс тодорлоо. Энэ оны наймдугаар сарын 5-наас 17-ны өдрүүдэд Саудын Арабын Жидда хотноо тивийн аварга болох бөгөөд нийт 16 баг өрсөлдөх учиртай. Монголын шигшээ баг ч эрхээ авахын төлөө амаргүй тулаануудыг хийж, эх орон, ард түмний баяр бахдалыг төрүүлэв.
ХҮСЭН ХҮЛЭЭСЭН АЯЛАЛ
Хоёр холбооны асуудлаас болж, тивийнхээ аваргад оролцоогүй удсан Монголын шигшээ баг 2025 оны Азийн аваргад өрсөлдөх аялалаа 2022 онд эхлүүлсэн. Ингэхдээ эхний шатны D хэсэгт Таити, Тайланд, Малайз, Вьетнам зэрэг багуудтай өрсөлдөж, хэсэгтээ хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарсан. Энэ үед монголчууд Тайландын шигшээ багт нутаг дээрээ тахим буулгаж, Фредрик Лиш болон түүний нөхдийг анх удаа харж байлаа.
ГУАМТАЙ АНХ УДАА
2023 онд үргэлжилсэн хоёрдугаар шатны F хэсэгт Монголын шигшээ баг орсон. Тоглолтууд мөн л Улаанбаатар хотноо товлогдож, монголчуудыг дахин баяр хөөрт умбуулсан гэхэд хилсдэхгүй. Энэ удаад Тайланд, Малайзтай бус Гуам, Сингапур, Хонг Конгтой тоглох хуваарь гарав. Таамаг ёсоор Сингапур, Хонг Конгийг буулган авч, Гуамтай тэмцээний сүүлийн өдөр тоглов. "UG" аренад гал гарсан ширүүхэн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст Гуамын шигшээ баг Ирнест Россын хожлын шидэлтээр ялалт байгуулсан түүхтэй. Хэдий хожигдол хүлээсэн ч Монголын шигшээ баг гуравдугаар байраар урьдчилсан шат руу орсон.
АЗИ ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ТУЛСАН НЬ
Урьдчилсан шатны С хэсэгт Монголын шигшээ багийн хамтаар Хятад, Япон, Гуам багтав. Тивдээ бүү хэл дэлхийд хүч үздэг Хятад, Японы шигшээ багуудтай учраа таарсан нь Монголын шигшээ багийн хувьд чансаагаа сорих сайхан боломж байв. Үүнээс гадна хэсэгтээ гуравдугаар байрт орсон багт дахин боломж гарах байсан учир ядаж Гуамаас хариугаа авах бодол хэн бүхэнд төрсөн биз.
Хятад, Японтой санасныг бодвол ойрхон тэмцэлдсэн. Ялангуяа Японтой. Тэдний талбайд эхний хагаст хүч тэнцүү үзэж, шийдвэрлэх үед арга үгүй хүч дутсан. Харин Улаанбаатар хотноо өчигдөр/2025.02.23/ сүүлийн үе хүртэл дөрөө харшуулан өрсөлдөж, эцсийн мөчид ялагдал хүлээв.
Мэдээж Гуамыг хоёр тоглолтод хоёуланд нь ялна гэсэн итгэл, бодол шигшээ багт байсан. Анх тоглохдоо хайхрамжгүй алдаанаасаа болж хожигдсон учир энэ удаад илүү гэдгээ мэдрүүлж хожъё гэх хүсэл байлаа. Харамсалтай нь, Улаанбаатар хотод болсон тоглолтод Гуамын шигшээ баг 11 онооны илүүтэйгээр дахин хожиж, хэсгийн гуравдугаар байраа хадгалав. Хариу тоглолтод Гуамын Мангилао хотод болоход Монголын шигшээ баг хариугаа авч, мөн 11 онооны зөрүүтэй ялалт байгуулсан билээ. Хэрэв 12 оноогоор хожсон бол Азийн аваргад оролцохын төлөө нэмэлт тоглолт хийх байв.
Хэрэв өчигдөр Японыг хожсон бол Монголын шигшээ баг хоёр хожилтойгоор хэсэгтээ гуравдугаар байр эзлэх байлаа.
Нийт зургаан тоглолтын дараа Хятад С хэсгийг тэргүүлж, Япон удаалав. Харин Гуам, Монголын багууд ижилхэн нэг хожилтой, бие биенээ 11 оноогоор хожсон учир нийт онооны зөрүүг тоолоход Гуам -82, Монгол -97 оноотой байсан тул Гуам нэмэлт тоглолт хийх эрхээ авчээ.
2029 ОНЫ АЗИЙН АВАРГА
2029 оны Азийн аварга одоогоор хаана, хэзээ болох нь тодорхойгүй байна. Гэхдээ нэг зүйл тодорхой байгаа нь Монголын шигшээ баг илүү хүчтэйгээр эргэн ирнэ. Эрхээ шууд авч, үндсэн тэмцээнд өрсөлдөх гол фаворит багаар нэрлэгдэнэ. Тэр үед Ш.Энхийн-Одоос эхлээд одоо хилийн чиндад боловсорч, ээлжээ хүлээж буй залуус шигшээ багийн ачааны хүндийг нуруун дээрээ үүрэх биз ээ. Төвийн байрлал дээр ч дутах зүйлгүй болж ирнэ. Энэ удаагийн урьдчилсан шатаар бид Ч.Маргад гэх Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон нэгэн хүүг харлаа. Мөн Г.Болор-Эрдэнийг ямар нөөц бололцоотой холбон тоглогч болох вэ гэдгийг мэдэв. Ер нь шигшээ багт багтахын төлөөх өрсөлдөөн байрлал бүр дээр ширүүсэх шинжтэй. Олон улсын тэмцээн, тоглолтын тоо олшроод эхэлвэл хүн бүрд боломж олдох нөхцөл бүрджээ. Василис Фрагкиас дасгалжуулагч ч шигшээ багийг хаашаа, хэрхэн чиглүүлэх учраа олчихсон харагдсан.
Мөн Азийн аваргаас өмнө бүс нутгийн тэмцээнүүд, Азийн наадам зэрэг тэмцээнүүд хүлээж байна.
Зочин 25 2 цагийн өмнө 66.181.185.94
Манай баг сайхан тоглолоо. Харамсалтай нь хожигдлын гол алдаа нь шит рүү орж шидэх гэж олон бөмбөг алдлаа. Боломжгүй, хамгаалалтанд орсон мөртлөө хувийн тоглолт шидэлт хийх гээд мөн хувийн алдаа гаргаж, эсрэг талд олон бөмбөг алдаад хожигдчих юм даа. Довтолгооноосоо ухарч 3-ын шидэлт хийчих хүн рүүгээ дамжуулж өгсөн бол хожчихоор харагдсан. Японыг бол 3 онооны шидэлтээр л хожчих байлаа. Манайхан 3-ын шидэлтээр сайн юм аа. Дараагийн тоглолтууддаа анхаарах юм сан. Дасгалжуулагчид нь зөв ажиллаасай
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.23
mongoloos busad ulsuud duurgiin bagaa yavuulaad mongoliig budaa bolgochih yum l daa
zochin 3 цагийн өмнө 59.153.115.74
Манай залуучууд дараачийн Азийн аваргын тэмцээнд шалгарах бүрэн чадамжтай байна. Монголд маань сагсан бөмбөг, воллейболл их сайхан хөгжиж байна даа. Залуучууд маань биеэ сайхан хөгжүүлж, техникийг маш сайн эзэмшиж байна. Гадаадад ч олон хүүхдүүд хичээллэж, зүтгэж, эх орныхоо нэрийн өмнөөс тоглож байгаад баяртай байна. Сагсыг бол системээр нь тоглож байна шүү дээ. Амжилт ойрхон байнаа. Баярлалаа, Залуусдаа.