Лос Анжелесаас Сидней хот руу чиглэн хөөрсөн "Delta Air Lines"-ийн "DL43" дугаар нислэгт утаа илэрсний улмаас ослын буулт хийжээ. Онгоц Бямба гаригийн 21:00 цагийн орчимд хөөрсөн боловч ердөө 30 минутын дараа "LAX" нисэх буудалд эргэн газардсан байна.
"Delta Air Lines"-ийн зүгээс Ням гаригт мэдэгдэл хийхдээ "Бидэнд зорчигчдын аюулгүй байдлаас илүү чухал зүйл гэж үгүй. Тийм учраас гал тогооны хэсгээс утаа илэрмэгц нисэх багийнхан тогтсон журмын дагуу ажиллаж, Лос Анжелес руу буцсан. Аяллаасаа хоцорсон үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье" гэжээ.
"Airbus A350-900" онгоц 162 зорчигчтой байжээ. Газардах үед хөлгийн бүхээгт утаа тархаагүй байсан ч зорчигчдыг утаанд өртсөн байж болзошгүй гэж үзэн эмнэлгийн тусламж хүссэн байна. Түүнчлэн Холбооны нисэхийн захиргаа энэ хэрэгтэй холбоотойгоор мөрдөн байцаалт нээжээ.
"Delta Air Lines"-ийн онгоц ийнхүү долоо хоногийн дотор хоёр ч удаа асуудалд орооцолдов. Өнгөрсөн долоо хоногт тус компанийн онгоц Торонто нисэх онгоцны буудалд газардахдаа хөмөрч, шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү ослоос болж 76 зорчигчийн 21 нь гэмтсэн.
Холбоотой мэдээ