"News" агентлаг энэ долоо хоногт ярилцлага өгсөн зочдынхоо яриаг тоймлон хүргэж байна.
Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуутай утсаар холбогдож, түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Малайзын шүүхийн шийдвэр таны талд гарсан. Тодруулбал тус улсын Засгийн газрын эсрэг заргаа та авч чадсан гэж ойлгож болох уу? \
-Малайзын засгийн газраас нөхөн олговор өгнө, өгөхгүй дээрээ тулж, Монгол Улсын ганц иргэнтэй давж заалдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Шүүх хурал нь хуралдаж өгдөггүй. Юу хүлээгээд байдаг юм бүү мэд. Ийм байдалтай байхаар нь би, "Засгийн газар нь нөхөн олговрын тодорхой хувь хэмжээг нэг дансанд байршуулбал яадаг юм" гэдэг асуудлыг тэнд байгаа өмгөөлөгчтэйгөө ярилцаж, хөндсөн хэрэг. Манай өмгөөлөгч энэ асуудлаар тус улсын шүүхэд л хандсан юм.
Тэнд хурал хуй болоогүй ч шүүгч нь "Хохирогч талаас ийм санал тавьж байна. Та бүхэн 30 хоногийн дотор ярилцаад, дансанд тодорхой хэмжээний мөнгө байршуулбал яасан юм бэ” гэсэн юм билээ. Тэрнээс биш тэр улсын засгийн газар нь надад мөнгө төгрөг өгөх эсэх нь тодорхойгүй.
Тус улсын Засгийн газар давж заалдах хүсэлт гаргаж, шүүх хурал 2025 оны тавдугаар сарын 19-нд товлогдсон. Энэ шүүх хурлаар асуудал шийдэгдэнэ гэж найдаж сууна. Тэр хурлыг хүлээж суулгүйгээр өмнө нь шахалт үзүүлэх үүднээс ноднингоос хойш ярилцсан асуудал. Аль 2022 онд хэлж байсан нөхөн олговор. Тэрийг нь олон улсын сэтгүүлчид өнөөдөр өгч, авах гэж байгаа юм шиг бичиж байна.
-Тэгвэл талийгаачийн хохирлыг барагдуулах шийдвэрийг шүүхээс гаргасан гэдэг нь худлаа юм байна, тийм үү?
-Шүүх хурлын өмнө нэг хатгаж үзсэн хэрэг. Шийдэж өгөх ч юм уу. Шүүгчийнхээ үгэнд Засгийн газар нь ордог ч юм уу. Гэхдээ нөхөн олговрын тодорхой хувийг миний дансанд хийхгүй ээ. Хэрвээ тус улсын засгийн газар нь бидний саналыг хүлээн авбал хөндлөнгийн хяналттай данс байх шаардлагатай. Тэгж байж шийднэ.
-Гадаадын хэвлэлүүд талийгаачийн хохиролд 1.4 сая ам.доллар нэхэж байгаа гэж бичих болсон. Нөхөн олговрын хэдэн хувийг дансанд байршуулах вэ?
-Малайзын шүүгч нь “Ядаж та нар өгөх ёстой нөхөн олговрынхоо 50 хувийг нь өмгөөлөгчийн дансанд байршуулчих” гэж хэлсэн юм билээ. Гэхдээ 30 хоногтоо багтаж мөнгө байршуулах эсэх нь ч тодорхойгүй.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2783532/ линкээр нэвтэрч уншаарай.
"Иргэдийн 97 хувь нь бэлэн мөнгөөр газраа солихыг хүсдэг"
Нийслэлийн орон сууцны корпорацийн /НОСК/ захирал М.Говьсайхантай ярилцлаа.
-НОСК гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийн бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын ажил хэр урагштай байна вэ?
-НОСК Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэх хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод хэрэгжиж, дэд бүтэц нь бүрэн дууссан хоёр дэд төв дээр түшиглэж, орон сууцжуулах үйл ажиллагаагаа эхэлсэн. Сэлбэ дэд төвийн хүрээнд 10 мянган айлын орон сууц, 158 га талбарт 2206 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг хийж байна. Мөн 158 га талбай дээр газар төлөвлөлтийн ажил, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 1670 айлд Сэлбэ дэд төвийн хүрээнд газар чөлөөлөлт бүрэн хийгдсэн, зураг төслийн төлөвлөлтийн ажил бүрэн дууссан байна. Барилгын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг энэ хавар зарлахад бэлэн болоод байна. Бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцээд барилгын ажлыг эхлүүлнэ. Дараагийн ээлжид Баянхошуу, Шархад дэд төвийн хүрээнд орон сууцжуулах төслийг эхлүүлсэн байгаа. Шархад дэд төвийн хүрээнд нийт 220 айлын ногоон орон сууцны төсөл эхэлсэн. Барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Цаашид энэ хавар 800 хүртэлх айлын орон сууцны тоог нэмэгдүүлж, төслийн цар хүрээг нэмэгдүүлж байгаа. Түүнчлэн цаашдаа Баянхошуу дэд төв дээр түшиглэсэн 6000 айлын орон сууцны төслийн бэлтгэл ажил буюу газар чөлөөлөлтийн ажлыг шат дараатай хийнэ.
Мөн бидний хэрэгжүүлж байгаа дараагийн төсөл бол Ханын материалд баригдах 3000 орон сууцны төсөл байгаа. Өнгөрсөн хугацаанд хуучин гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байхдаа иргэдийг хохироож байсан "Жи ди" гэх компанийн учруулсан хохирлыг НОСК бүрэн барагдуулсан. Улмаар газрыг шилжүүлэн авч, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Бид нийслэлийн газрын албатай хамтран газрыг нь чөлөөлөх ажлыг өргөжүүлж байгаа. Үндсэндээ 9.5 га талбай дээр 1800 айлын орон сууцны хөтөлбөрийн зураг төслийн ажлын тендерийг зарласан байгаа. Зургийн ажил дуусахаар ирэх зургадугаар сар гэхэд төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Түүнчлэн Баянголын аманд хэрэгжүүлж байгаа 1860 айлын орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл, Яармагт баригдах гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг хохироосон хоёр байршил дээр НОСК төсөл хэрэгжүүлэхээр батламжлагдаж, төслийг дараагийн шатанд гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
-Газар чөлөөлөлтөөс болж хохирсон иргэд цөөнгүй бий. Одоо хэрэгжиж байгаа төслүүд дээр энэ талаар хэрхэн анхаарч байна вэ? Иргэд ихэвчлэн бэлэн мөнгөөр газраа худалдах сонирхолтой байдаг нь анзаарагдсан?
-Нийслэлийн хувьд энэ жил газар чөлөөлөлтийн ажилд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдсан байгаа. Бид өнгөрсөн жил хийсэн газар чөлөөлөлтийн ажлаа үргэлжлүүлнэ. 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсан. Уг хуулийн хүрээнд газар чөлөөлөлттэй холбоотой зарим зохицуулалтуудыг тусгаж өгсөн байгаа. Тухайлбал, нөхөн олговортойгоор газар чөлөөлж, нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөлтийг дэд төвийн хүрээнд хийж болно гэж заасан. Ингэхдээ холбогдох журмын хүрээнд гаргасан гурван хувилбарыг иргэдэд санал болгож байгаа. Тодруулбал, бэлэн мөнгөөр газар чөлөөлөх, газрыг орон сууцаар солих, мөн тухайн байршил дээр орон сууц баригдах хүртэл түрээсийн төлбөрөөр хангаж ажиллах хувилбар бий. Сэлбэ дэд төвийн хүрээнд газар чөлөөлөлт хийхэд таны хэлсэн шиг иргэдийн итгэх итгэл алдарсан байсан.
Итгэл үнэмшил байхгүй учраас юуны түрүүнд бэлэн мөнгөөр тохиролцох хүсэлтэй байдаг. Тухайлбал, нийт иргэдийн 97 хувь нь бэлэн мөнгөөр газраа чөлөөлөх хүсэлт гаргадаг.
Бэлэн мөнгөөр газар чөлөөлөх нь нэг талаараа иргэн шууд орон сууц худалдан авах боломж бий болгоно. Гэвч нөгөө талаас нийслэлээс барьж байгаа бодлого бол аль болох бэлэн мөнгө биш орон сууцыг нь өгөх юм бол иргэд бэлэн мөнгөө үрэх цаашид орон сууцгүй болох эрсдэлийг бууруулдаг. Түүнчлэн газрын үнэлгээ, орон сууцны м.кв-ын үнэлгээ яг таг таарна гэж байхгүй. Нийслэл иргэнд мөнгө өгөх эсвэл иргэнээс зөрүү төлбөр авах зайлшгүй нөхцөл байдал үүсдэг.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2783237/ линк рүү нэвтэрч уншаарай.
"Чамин, гоёл чимэглэл давамгайлсан загвар "тренд" болж байна"
Энэ жилийн цагаан сарын баяраар ямар дээл тренд болох мөн хувцас загварын чиг хандлагын талаар "Bortua" брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бортуатай ярилцлаа.
-Монгол дээл бусад улсын үндэсний хувцаснаас юугаараа онцлог вэ?
-Бид эрт дээр үеэс эхлэн монгол үндэсний хувцсандаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Монгол үндэсний хувцас нь нүүдэлчин соёл иргэншлийн явцад хуримтлуулсан туршлага, ур чадварт тулгуурлан байгаль цаг уурын нөхцөл, ахуй амьдралтайгаа уялдуулан түүх соёл, зан заншил, өв уламжлалыг шингээн урласан байдгаараа онцлог юм. Монгол дээлийн товч шилбэ, хийц бүгд өөрсдийн гэсэн онцлог давуу талтай гэж хэлж болно. Тухайлбал, монгол дээлийн энгэр задгай байдаг нь өмсөхөд хялбар, зөрүүлж товчилдог учир салхи орохгүй дулаахан байдаг. Зах нь босоо байдаг нь хоолойн өвчнөөс сэргийлдэг. Өргөн бүс нь бөөр дотор эрхтнийг доргилтоос хамгаалдаг бол урт ханцуй буюу нударга нь гарыг хамгаалж бээлийг орлодог. Харин хормой нь өргөн байдаг нь моринд мордож, бууж суухад хөл тушихгүй зэрэг давуу талыг шингээсэн байдаг.
-Дээлийн загвар цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг. Энэ жилийн хувьд ямар загварын дээл тренд болж байна вэ?
-Өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд буюу цар тахлын үеэс хойш ерөнхийдөө маш энгийн, минимал, хэрэглээний загвар трэнд болж байсан. Харин энэ жилээс эхлэн илүү загварлаг, чамин, гоёл чимэглэл, хатгамал давамгайлсан хэр нь эртний үеийн загварын үнэ цэнийг хадгалсан загвартай болж байна. Мөн сольдог байхаар хийж байна. Тухайлбал, зах нь салж дахин өөр өнгийн захаар сольж болдог хэв маягтай болж байна. Түүнээс гадна эдэлгээ удаан даах, арчлахад хялбар, олон жил хэрэглэж байх талаас мөн өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой байх үүднээс нь материалын хувьд нэлээд өөрчлөгдөж байгаа.
-Сүүлийн жилүүдэд залуучууд үндэснийхээ хувцсыг эдэлж хэрэглэдэг болоод байгаа?
-Тийм. Заавал баяр ёслолоор гэлтгүй жирийн үед ч ялангуяа хөдөө гадаа явахдаа үндэснийхээ хувцсыг түлхүү өмсдөг болсон. Ингэхдээ хэрэглээ талаас нь мөн биед эвтэйхэн байх үүднээс бараан, даавуу бөс материалтайг сонгодог. Дээрээс нь ямар ч төрлийн гутал, хувцастай зохицуулаад өмсөж байгаа нь маш их давуу талтай. Учир нь залуучууд бид өв тээгч байж үндэсний хувцсыг зөв эдэлж хэрэглэж дараа үедээ таниулан, өвлүүлэх боломжтой шүү дээ.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2783630/ линк рүү нэвтэрч уншаарай.
"Д.Трампын тарифын нэмэгдэл Монголд муугаар нөлөөлнө"
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор профессор А.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Монголд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй нөхцөл байдал үүслээ. Валютын ханш өсч, төгрөгийн ханш улам суларч байна. Нүүрсний экспорт ч зогсонги байдалд орлоо. Ер нь эдийн засгийн үзүүлэлт таныхаар хэр байна вэ?
-Энэ оны эхний макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ярихаас өмнө, өнгөрсөн 2024 онд макро эдийн засгийн үзүүлэлт ямар түвшинд хүрсэн байсан бэ гэдгийг товчхон ярья.
Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар есөн хувьтай байна.
Улсын нэгдсэн төсөв 776.2 тэрбум төгрөгний алдагдалтай гарсан. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурахад чулуун нүүрсний үнэ 20.7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар манай улс ойролцоогоор 11 сая тоннтой тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон байна. Үнийн дүн ойролцоогоор нэг тонн тутмыг 86 ам.доллараар арилжсан талаар гаалийн статистик мэдээ харуулж байна. 2024 оны эхний 1 сарын дүнтэй харьцуулахад 12 сая тонн нүүрсийг 1 тонн тутмыг нь 120 ам.доллараар борлуулж байсан. Эндээс харахад экспортолж байгаа нүүрсний тоо хэмжээ хэт их багасаагүй боловч үний түвшин 30 гаруй хувиар унаад байна.
-Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ буурч экспортын хэмжээ багассан шалтгааныг юу гэж харж байна?
-Монгол Улсын нүүрсний экспортын үнэ буурч, экспортын хэмжээ багасахад хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, манай голлох түүхий эд болох нүүрсийг хүлээн авагч Хятадын талын нүүрсний эрэлт буурсан, өмнөх жилд Хятадын хувьд гадаад орнуудаас нийлүүлэх нүүрсний нийлүүлэлт нь нийт эрэлтээс нь давчихсан үзүүлэлт гарсан. Сүүлийн жилүүдэд Хятад Улсын нүүрсний зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд тодорхой өөрчлөлтүүд гарч байна. 2023 онд Хятадын нүүрсний нийт олборлолт 46.58 тэрбум тонн болж, өмнөх оноос 2.90 хувиар өссөн байна.
2024 оны эхний хагаст нүүрсний эрэлт, нийлүүлэлт ерөнхийдөө тогтвортой байсан бөгөөд нүүрсний үнэ буурах хандлагатай байсан.
Тухайлбал, Хятадын Чинхуандао боомт дахь 5500 ккал/кг илчлэгтэй нүүрсний дундаж үнэ 704 юань/тонн болж, өмнөх оны мөн үеэс 18 юаниар буурсан. Гэсэн хэдий ч, 2024 оны байдлаар Хятад улс 1.28 тэрбум тонн жилийн хүчин чадалтай шинэ нүүрсний уурхайнуудыг хөгжүүлж байгаа нь дэлхийн шинэ нүүрсний уурхайн төслүүдийн талаас илүү хувийг эзэлж байна. Эдгээрийн 35 хувь нь баригдаж байгаа бөгөөд ойрын 3-5 жилийн дотор ашиглалтад орох төлөвтэй байна. Нүүрсний импортын хувьд, 2024 оны авраннэгдүгээр сард Хятадын далайн замаар тээвэрлэсэн эрчим хүчний нүүрсний импорт 37.5 сая тонн болж, өмнөх сарын 32.12 сая тонноос нэмэгдсэн. Энэ өсөлт нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд үүнд усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурсан нь нөлөөлсөн. Нийтдээ, Хятад улсын нүүрсний зах зээлд эрэлт, нийлүүлэлт тогтвортой байгаа ч, дотоодын үйлдвэрлэл, шинэ уурхайн төслүүд болон импортын өсөлт зэрэг хүчин зүйлс нь зах зээлийн динамикт нөлөөлж байна. Эндээс харахад Хятад дахь эрэлт багассан нь тодорхой харагдаж байна.Монголын нүүрсний гол худалдан авагч Хятад улс сүүлийн жилүүдэд дотоодын олборлолтоо нэмэгдүүлж, нүүрсний импортод хязгаарлалт тавих бодлого баримталж байна. Мөн тус улсын эдийн засгийн өсөлт удааширснаар эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээ багасаж, нүүрсний импорт буурч байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2784390/динк рүү нэвтэрч уншаарай.
А 8 цагийн өмнө 202.9.46.251
ер нь тэгээд үхсний хохь байдаг нь жам юм, наадах чинь одоо бүтэхээсээ өнгөрсөн, 20-иод жил боллоо одоо нэмэргүй, яг л зоригийн хэргийн араас орсон, бүр залхмаар сэдэв юм
Нэргүй 9 цагийн өмнө 203.26.188.216
asdfasd
Нэргүй 9 цагийн өмнө 103.212.117.254
Талийгаачийг Багинда гэх мэт Малайзийн томчуудтай зэвсгийн наймаанд хэлмэрчээр оролцож явсан гэж яригддаг байсан үнэн үү??? Нэг тиймэрхүү яриа сонсогдоод байсан санагдах юм