Сурвалжлага: Цагаан хаш тунгалаг байх тусмаа үнэтэй буюу 200 сая хүрнэ

Сурвалжлага: Цагаан хаш тунгалаг байх тусмаа үнэтэй буюу 200 сая хүрнэ

Сурвалжлага: Цагаан хаш тунгалаг байх тусмаа үнэтэй буюу 200 сая хүрнэ

Монгол түмэн айл хотлоороо золгон мэндлэхдээ хөөрөг зөрүүлэн, хүндэтгэлээ илэрхийлдэг өнө эртний ёс заншилтай билээ. Цагаан сарын өдрүүдэд хөөрөг зөрүүлэх ёс болон хөөрөгний үнэ цэнэ, утга учир, бэлгэ дэмбэрэлийн талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.


Урт цагааны замын урд байрлах хөөрөгний дэлгүүрүүдэд үнэт эдлэл, гадна хөөрөгний алт, мөнгөн нуух, шүрэн толгой, халбага зэрэг иж бүрдлүүдийг худалдаалж байв. Зарим хүмүүс өөрт ээлтэй чулуун хөөргийг ихэд сонирхон авч байгаа бол зарим нь хуучны хөөрөг худалдан авах сонирхолтой байдаг талаар эртний эдлэл цуглуулагчид хэлж байлаа.

Энд өнгө өнгийн, чамин хийцтэй хөөрөгнүүдийг 700 мянгаас 200 гаруй сая төгрөгийн үнэтэй худалдаж байв.

Үнэт эдлэлийн “Jade” дэлгүүрийн эзэн Л.Батжаргал "Цагаан сарын баяр дөхөхөөр хөөрөгний худалдан авалт бага зэрэг нэмэгддэг. Хүмүүс ихэвчлэн хөөрөгний толгой, халбагаа засуулахаар ирж байна. Ард түмний эдийн засгийн боломжоос шалтгаалан үнэтэй хөөрөг сонирхох нь цөөн байна. Ихэнх нь нэг сая төгрөг дотор мана, чүнжигноров, хөөрөг сонирхож, худалдан авч байна.

Одоо цагт хамгийн үнэтэй хөөрөг нь цагаан хаш. Цагаан хашыг ОХУ-аас оруулж ирдэг. Хаш байгальд элбэг байдаггүй бөгөөд өөгүй байх тусмаа үнэ цэнтэй.

Хөөрөг худалдан авахдаа чулууныхаа тогтоцыг харах ёстой. Дараагаар нь хийц хэлбэр, тэгш хэмүүд нь зохицсан эсэхийг харна. Хөөргөнд хүний энерги шингэдэг учраас хүмүүс ихэвчлэн шинэ хөөрөг худалдан авч байна. Цөөн хүмүүс л удам дамжсан хөөрөг хэрэглэж, хуучны хөөрөг цуглуулж байна" гэдгийг хэлсэн юм.

"Хөөрөг худалдан авахдаа толгой, нуух ёроолыг нь сайтар хардаг. Миний хувьд тархи мана хөөргийг хүүдээ сонирхож явна. Үнийн хувьд 300 мянгаас гурван сая төгрөг гээд янз бүр л зарж байна. Сүүлийн үеийн залуус ёс уламжлалаа дагаж, хөөрөг зөрүүлэн мэндлэхийг эрхэмлэдэг болсон" тухайн хөөрөг сонирхож байгаа Б.Энхтуяа хэлж байв.

Цааш “Хөөрөг” хэмээх урлангаар ороход дундаж хөөрөг гурван сая орчим төгрөгийн үнэтэй худалдаалж байв. Хамгийн үнэтэй хөөрөг гэхэд 200 гаруй сая төгрөгийн үнэтэй байх аж. Тус урлангийн үнэт чулууны цехэд 30 орчим мастер хөөрөг урладаг байна.

Нэг хөөргийг урлахад сийлбэр, гоёлоосоо шалтгаалан 2-10 хоног шаарддаг байна.

"Монголчууд орчин цагт хөөргийг өв соёл гэдэг утгаар нь өргөн дэлгэр хэрэглэж, мэндэлдэг болсон байна. Тэр утгаараа хөөрөг урлаачид нэмэгдэж, чулууны чанар нь сайжирсан. Хөөрөгний үнэ чулуунаасаа хамаарч харилцан адилгүй. Хаш чулуу гэхэд олдоц ховор байдаг учраас өндөр үнэлгээтэй. Хаш чулуу цагаан, ногоон, ягаан өнгөтэй байдаг. Хүмүүс ихэвчлэн цагаан хаш чулуун хөөргийг сонирхож байна. Цагаан хаш тунгалаг байх тусмаа өндөр үнэтэй буюу 100-200 сая төгрөг хүрнэ. Харин шүрэн толгойн тод байх тусмаа үнэ цэнтэй. Мөн хөөрөг засварлахад 500 мянгаас нэг сая төгрөгөөс засч байгаа учраас үе дамжсан хөөргөө засварлуулах боломжтой" талаар "Хөөрөг" урлангийн менежер П.Түмэндэмбэрэл танилцууллаа.

Харин сүлжмэл алтан нуухтай, молор эрдэнэтэй, хавтгай цагаан хаш эмэгтэй хөөрөг найман сая төгрөгөөс эхэлж байна.

Хөөрөгний торгон даалингийн хувьд 1-8 сая төгрөг, хавтага нь 300 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа.

Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг хийж ирсэн уламжлалтай. Хөөрөг хаана, хэдийд үүссэн нь өнөөг хүртэл нарийн тодорхой мэдээлэлгүй байдаг бөгөөд Манжийн үед Хятадын худалдааны пүүсийн наймаачдаар дамжин монголчуудын хэрэглээнд нэвтэрсэн гэж зарим эрдэмтэн, судлаачид үздэг.

“Монголчууд эхэн үедээ Хятад оронд хийсэн шил шаазан хөөрөг хэрэглэж байснаа яваандаа өөрийн орны гоёлын болон үнэт чулуугаар хөөрөг урлах болсон” талаар монголын хөөрөг цуглуулагчдын бүтээлээс дээжлэн хүргэсэн “Хөөрөгний ертөнц” номонд дурдсан байдаг.

“ХӨӨРӨГ ТОЛГОЙНДОО, ХҮҮХЭН ГЭЗГЭНДЭЭ” ҮГИЙН УЧИР

“Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэдэг үг бий. Тиймээс ч хөөрөгний үнэ цэнэ толгойндоо байдаг. Монголчууд хөөрөгний толгой, нуух, халбаганд их ач холбогдол өгдөг. Хөөрөгний толгойг голдуу шүрээр хийх бөгөөд шүр нь хэдий чинээ улаан өнгөтэй байвал төдий чинээ сайн гэж үздэг.

Хөөрөгний толгой аль болох өндөр ойролцоогоор амсрын голчтой тэнцүү хэмжээтэй байхыг сайн гэж үздэг аж.

Ур хийцийн хувьд дотор талын ухалтын өнгөлгөө нь хөөрөгний гадна талтай адил ямар ч өөгүй байхыг чухалчилдаг байна. Ингэж дотор талыг нь өнгөлсөн хөөргийг дотортой хөөрөг гэдэг. Мөн хөөрөгний амсрын гуурс жигд өндөр байвал хөөрөгний толгой хөдөлгөөнгүй байдаг гэдгийг уран дархчууд хэлж байв.

"Ихэвчлэн хөөрөг дээр үлгэр домгийн бэлгэдэл сийлдэг. Жаргалын найман морь, цагаан өвгөн, эвтэй дөрвөн амьтан, бар, луу гэх мэт амар амгалан байдал, аз жаргалыг бэлгэдэн урлана. Шүрэн, мана хөөрөг дээр сийлбэр хийхэд тохиромжтой байдаг. Сийлбэртэй хөөрөг үнэ цэнийг нь тодотгож, нэмж өгдөг" гэдгийг 10 гаруй жил хөөрөг урлаж буй Ц.Ганболд хэлсэн юм.

Хөөрөг нь урлаг, соёл, зан заншил, өв уламжлал, үнэт эдлэл, андлахуйн зууч зэрэг олон ойлголтын огтлолцол дээр оршин байдаг эрхэмсэг сайхан, энгүй тансаг ертөнц юм. Дэлхий дахинаа нэлээд түгээмэл манж, хятад, түвд, монгол гэсэн үндсэн дөрвөн хийцээс чулууны сонголт ур донж, ерөнхий зохилдлого янз байдлаараа монгол хөөрөг хол тасархай харагддаг. Монголчууд хөөрөгнийхөө шүрэн толгойг аль болох улаан хүрэн одтой байлгахыг хүсдэг нь энэ чиглэлээрх дэлхий дахины үнэлгээтэй дүйцэж байдаг талаар Р.Самдандорж, Т.Төгөлдөр нарын бичсэн “Эрдэнийн чулуун жуух” номноо тэмдэглэжээ.

ХӨӨРӨГ ӨВӨРТӨЛЖ ЯВАА ХҮНД САЙХАН ЭНЕРГИ ХУРИМТЛАГДДАГ 

Монголчууд эрт дээр үеэсээ эрдэнийн чулуун хөөргөөр амар мэндээ мэдэлцэж, хуучилдаг  ёс заншилтай ард түмэн. Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ хүндэтгэлтэй ёс орчин цагт өргөн дэлгэр болсон байна. Монгол хөөрөгний хувьд ам, хүзүү, ёроолны хэлбэр, хийц нь Азийн бусад орны хөөргөөс онцлогтой. Хаш хөөрөг гэхэд барын цагаан гээд хавтгайдуу хэлбэртэй өөрийнх нь онцлог бий. Маш бөх чулуу учраас тухайн эзэндээ баяр баясал, аз жаргал авч ирдэг гэж үздэг.

Дэлхий дээр чулууны өөрийн үнэлэгдэж буй үнэлэмж нь хагарал, сэвгүй байх ёстой байдаг. Тэр утгаараа монголчууд сэвтэй хөөрөг барьвал амьдралд сэвтэй гэж үздэг байсан. Тиймээс хөөрөг худалдан авахдаа сэвгүй байх ёстой. Мөн чулууны гарал үүслийг нь харах ёстойг худалдаа эрхлэгчид хэлж байв.

Хөөрөг өвөртөлж яваа хүнд сайхан энерги хуримтлагддаг гэлцдэг. Сүүлийн үед хүмүүс хөөргийг цоллодог болсон байна. Мана чулуун хөөрөг Даян халтар, Монгол халтар, Төгс халтар зэргээр байгалийн тогтцоор нь цоллодог болжээ. Мана чулуун дотроо шар халтар мана чулуу эд мөнгө хураахын бэлгэдэлтэй. Мөн хар халтар мана чулуу хүчний, замагт мана заргаа авдаг чулуу хэмээн бэлгэддэг ажээ.

Гэрэл зургийг С.Алтангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 26 минутын өмнө 202.21.109.40

ork

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 139.5.217.82

Чулуу нүхэлж бариад энерги нэмэгдээд байхдаа ч яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж