Тойм: Шинэ бонд гаргаж, иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2025.02.23-нд нийтлэгдсэн

Тойм: Шинэ бонд гаргаж, иргэд 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэнэ

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


"НЭР БҮХИЙ ХҮМҮҮС СААТУУЛАГДСАН НЬ ҮНЭН"

Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын нэг "MCS" группийн Харуул хамгаалалтын албаны даргыг баривчилсан гэх мэдээлэл байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон талаарх асуудлыг судлах, УИХ, Засгийн газрын өмнөх шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлахаар болсон юм.

Энэхүү захирамжийн дараагаас "MCS" группийн Харуул хамгаалалтын албаны даргыг баривчилсан гэх мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийхдээ "MCS" группийн ажилтныг баривчилсан асуудал манай ажлын хэсгийн үйл ажиллагаатай ямар ч хамааралгүй. Нэр бүхий хүмүүс саатуулагдсан нь үнэн. Монгол Улсын хууль, хяналтын дагуу хууль хүчнийхэн гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Энэ нь Монгол төрийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар  олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн үг. Тиймээс энэ талаар шалгаж байгаа. Ямар ч том компани байлаа гээд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Төрийн нууц хуулиар хамгаалагдана.  Хэн ч монгол төрийн нууц, хуулийн дээгүүр гарч гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй" гэсэн юм.

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙН 100 МЯНГАН ТӨГРӨГИЙГ БИТҮҮНИЙ ӨДӨР ОЛГОНО

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг ард иргэдэд 2025 оны хоёрдугаар сарын 28-нд олгоно. Энэ тухай тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал 1072 хувьцааны ногдол ашгийг олгох эсэх талаар мэдээлэл өгөхдөө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл одоо хуралдах гэж байна. Сая Засгийн газрын хуралдаанд 1072 хувьцааны ногдол ашгийг олгох танилцуулгыг хийлээ. Одоо компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийн үлдэж байгаа хэсгийг хоёр хувааж олгох шийдвэр гаргах байх. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, ирэх дөрөвдүгээр сард 100 мянган төгрөгийн ногдол ашгийг олгоно. Манай компанид иргэдэд олгох ногдол ашгийг тараах нөөц боломж бүрэн байгаа. Засгийн газраас ногдол ашгийг хуваах чиглэлийг өгч байна. Үндсэн шийдвэрийг ТУЗ хуралдаж, гаргана.

Нийтдээ 2024 оны ногдол ашиг нь 1072 хувьцаатай нэг иргэнд 350 орчим мянган төгрөг байгаагаас 2024 оны арванхоёрдугаар сард нэг иргэнд 130 мянган төгрөгийг урьчилж өгсөн.

Одоо татвараа хассан дүнгээр 200 мянга орчим төгрөг үлдэж байгаагаа хоёр хувааж олгоно. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийг иргэдэд, төртэйгөө нийлээд 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилна. Өнгөрсөн 2024 оны цэвэр ашгийн 86 орчим хувийг ногдол ашиг болж тараана. Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан" гэв.

ЗГ ШИНЭ БОНД ГАРГАЖ, 2 БОНДЫГ ТӨЛӨХ ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Монгол Улсын Засгийн газар 6.625 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бонд олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалжжээ. Ингэснээр шинэ бондоор “Номад”, “Сенчири II” бондоос буцаан худалдан авах байдлаар өрийн зохицуулалтыг хийжээ.

Хөрөнгө оруулагчдаас “Сенчири IV” бондыг худалдан авах анхдагч захиалга арилжаалах хэмжээнээс 8.2 дахин давж, 4.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Энэ нь олон улсад Засгийн газрын бондын эрэлт өндөр байгаагаас гадна хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдсэнийг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсын бондын spread буюу эрсдэлийн нэмэгдэл 2.27 хувь болж,  түүхэн доод түвшинд хүрч буурсан бөгөөд бондын хүүг хоёрдогч зах зээлийн хүүгээс доогуур тогтоох боломжийг бий болголоо. “Сенчири  IV” бондыг арилжаалах үеэр манай улсаас өндөр зээлжих зэрэглэлтэй Узбекстан, Бразил, Доминикан зэрэг улс бонд гаргасан боловч манай улс эдгээр улсуудаас 0.1-0.4 нэгж хувиар бага хүүтэй бонд гаргалаа. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын санхүүгийн зах зээлээс хямд өртөгтэй санхүүгийн эх үүсвэр татах боломж нээгдэж байна” гэжээ.

Засгийн газраас гадаад өрийн зохицуулалтыг ийнхүү амжилттай хийж, өрийн тогтвортой байдлыг сайжруулснаар 2026 оны "Номад" бондын үлдэгдэл төлбөрийг төсөв, эдийн засагт дарамтгүйгээр төлж барагдуулж, гадаад өрийн хэмжээг бууруулж, улсын зээлжих зэрэглэлийг дахин ахиулах, улмаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам боллоо гэдгийг онцолсон юм.

УЛСЫН БАЯР НААДМЫН НЭЭЛТ ХААЛТЫН КОНЦЕРТЫГ Н.НАРАНБААТАР НАЙРУУЛНА

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ахлагчтай баг ажиллах шийдвэрийг гаргаад буй.
Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2024 оны есдүгээр сард Улсын драмын эрдмийн театрын даргаар томилогдон ажиллаж байна.
Тэрбээр "Миний хувьд улсын баяр наадмын найруулагчаар тав дахь удаагаа ажиллах гэж байна. Өнгөрсөн хугацаанд тэгш ой тохиосон таван удаагийн улсын баяр наадмын найруулагчаар ажилласан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн 2022 онд давхцаж тохиосон. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны сонгон шалгаруулалтад 5-6 найруулагч материалаа ирүүлснээс манай багийг дэмжсэн шийдвэр гаргасан байна" гэсэн юм.
Үндэсний их баяр наадмын нээлтийг хамгийн олон удаа буюу дөрвөн удаа Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байсан бол Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар, МУУГЗ Н.Болд, найруулагч Б.Баатар нар хоёр удаа найруулж байжээ.
Нэрт найруулагч Г.Доржсамбуу агсан Ардын хувьсгалын 69 жилийн ой, төрийн их баяр наадам 1990 онд анх удаа есөн хөлт тугаа залж, төрийн тэргүүн цагаан эсгийт индрээс ард түмэндээ хандан үг хэлж нээсэн түүхтэй. Тэр цагаас хойш 15 найруулагч үе үеийн наадмыг найруулжээ. Тодруулбал,

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018, 2022 оны баяр наадмын найруулагчаар таван тэгш ой, дөрвөн улсын баяр наадмын найруулагчаар ажилласан. Харин Үндэсний урлагийн их театрын захирал, продюсер Г.Цоггэрэлийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Түүний дараа "Херо" Б.Баатар 2020, 2021 онд Үндэсний их баяр наадмын концертыг хоёр удаа найруулсан бол 2023 онд "Скин" энтертайментын найруулагч Б.Анар, 2024 оны наадмын найруулагчаар Ц.Батнайрамдал анх удаа ажилласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж