Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр /2025.02.21/ улс хоорондын шуудан илгээмж, карго үйлчилгээ үзүүлэгч иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд Улс хоорондын шуудан илгээмж, карго ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж буй нь цөөн хүн амтай манай улсын хувьд аюул учруулж болзошгүй байгаа талаар уулзалтад оролцогч талууд хэлэлцэв. Тодруулбал, сүүлийн найман жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн 76 гэмт хэргийн 37.9 хувийг газраар, 12.1 хувийг агаараар, үлдсэн 50 хувийг шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг тус тус эзэлсэн байна.
Гаалийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдийг орчин үеийн рентген, тоног төхөөрөмж болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий тандагч багаж хэрэгслээр хангахыг зорин ажиллаж байгаа аж.
Тагнуул, Цагдаа, Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж буй чиглэл, урсгалд хамтран хяналт тавин ажиллаж тодорхой үр дүн гарч байгаа юм байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гаалийн байгууллага 4 удаагийн үйлдлийг илрүүлж, хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд мансууруулах бодисын хор хөнөөл, гадаад, дотоодын нөхцөл байдлыг танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгт иргэдийг холбогдохоос урьдчилан сэргийлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ, шаардлага, тулгарч байгааг онцолж цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцлээ.
Холбоотой мэдээ