Ерөнхий сайд газар тариалангийн бүсэд ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд газар тариалангийн бүсэд ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрөгч амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэд, тариаланчдаа сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Ерөнхий сайдын албан томилолтын бүрэлдэхүүнд Засгийн газрын зарим сайд нар, яам, харьяа байгууллагын удирдлагууд багтаж ажиллалаа.

С.Батболд: Гурил экспортлогч орон болох боломж манай улсад байна

“Атрын 3 дугаар аян”-ы Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтарсан Засгийн газар хүн амынхаа гурилын хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зорилт тавьж тодорхой олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн бодит үр дүн гарч байна гэж тариаланчид ярьж байна. Энэ онд  330 гаруй мянган тонн улаан буудай хураан авна гэсэн тооцоог ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд гаргажээ. Төлөвлөсөн ургацаа авах боломжтой гэж тариаланчид гүйцэтгэх засаглалын тэргүүнд тайлбарлаж байсан юм. Ийм хэмжээний ургацаар 250 мянга орчим тн гурил үйлдвэрлэж, эх орныхоо гурилын хэрэгцээг бүрэн хангана гэдэгт итгэлтэй байна. Үүгээр зогсохгүй үр тариа, гурил экспортлогч орон болох боломж ч манай улсад бүрэн байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга” ХХК болон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундрагч” ХХК-ийн ургац хураалтын явцтай танилцах үеэрээ онцоллоо.  Засгийн газраас тариалан эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагууд болоод тариаланчдаа дэмжиж ажиллаж байгаа энэ үед ард иргэдээ эх орныхоо үйлдвэрийн гурилаар бүрэн хангана гэдэг бол маш том ажил. Энэ ажлыг бид тариаланчид, аж ахуйн нэгжүүдийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнгээр нугалж байгаа гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн юм. Үүний зэрэгцээ буудайн чанар дотоодын гурилын үйлдвэрүүдэд хэр нөлөөлж байгаа тухай асуудал ч энд хөндөгдлөө. Тариаланчдын тайлбарлаж байгаагаар энэ жилийн буудайн гарц сайн, цавуулаг өндөртэй өөрөөр хэлбэл буудай тарих тариалалтын технологид ихээхэн өөрчлөлт орсон талаар тариаланчид энэ үеэр Ерөнхий сайдад хэлж байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд намрын ургац хураалтын  ид үед оюутнуудыг дайчлах боломж бий эсэх талаар аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзах үеэрээ хөндөж байв. “Бүтлийн ундарга” ХХК-ийн удирдлага хэлэхдээ “Ургац хураалтын ажилд манай аймгийнхан голдуу Эрдэнэтийн цэргийн ангиас цэргүүдийг дайчилж ажиллуулдаг. Тэд маш сайн тусалдаг. Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудтай энэ сарын 15-наас ирэх сарын 1 хүртэл 30 гаруй цэрэг ажиллуулахаар манай компани гэрээ хийсэн” гэлээ. Тэд цэргүүдийн тариан талбайд ажиллах хугацааг дахин 15 хоногоор сунгах саналтай байгаа. Энэ нь цэрэг татлагатай давхцаад байгаа тул ийм хугацаагаар ажиллуулах боломж бага гэж цэргийн ангийн удирдлагууд нь мэдэгджээ. Энэ асуудалд Ерөнхий сайдыг  анхаарч өгөхийг Орхон аймгийнхан Ерөнхий сайдад уламжлаад авлаа.  Цэргүүдээс гадна оюутан залуучуудын хүчийг намрын ургац хураалтын ажилд хэрхэн зөв ашиглах боломж байгаа талаар холбогдох албаны хүмүүсийг судалгаа хийж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг гүйцэтгэх засаглалын тэргүүн үүрэг болголоо. Орхон аймгийн гурван удаагийн “Тэргүүний тариаланч хамт олон” гэсэн тодотголтой “Бүтлийн ундарга” компани нь нэг га-гаас авах ургацыг улсын дунджаас 5-8 цн-ээр нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд га тутмаас авах ургацын хэмжээгээ  17-20 цн, төмс, хүнсний ногоог 50-120 цн-т хүргэжээ. Энэ амжилтаа тэд төр засгийн газраас газар тариаланг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлсэн бодлого болоод мэргэжилтнүүдийнхээ ур чадвартай холбон тайлбарлаж байлаа. Эднийх өнгөрсөн жил нэг га-гаас 25,4 цн ургац хурааж байсан бол энэ онд нэг га-гаас 30 орчим цн ургац авахаар төлөвлөөд байгаагаа Ерөнхий сайдад дуулгалаа.

Ургацын 50 орчим хувийг улсын нөөцөд авах боломжийг судлах үүрэг өглөө

Ургацын болц, чанар ямар байгаатай газар дээр нь очиж танилцсан Монгол Улсын Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Ундрагч” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Энэ онд манай улс үр тарианыхаа чанарыг ахиуллаа. Гурил болоод төмс, хүнсний ногооны дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдээд байна. Засгийн газрын зүгээс аж ахуйн нэгжүүдийнхээ хураасан нийт ургацын 50 хүртэл  хувийг улсын нөөцөд худалдаж авахыг суурь зарчим болгож ажиллана” гээд холбогдох яам, газрын удирдлагуудад тооцоо судалгаа хийх үүрэг өгөөд байгаагаа тариаланчдад дуулгалаа.  Мөн тариаланчдын зүгээс  хүлээж байгаа НӨАТ-ын асуудлыг  Засгийн газар шийдэж байгааг дуулгалаа. Засгийн газар өнгөрсөн хавар НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байгаа гэдийг хэлж байлаа. Тариаланчид ч гэсэн Ерөнхий сайдтай уулзахдаа “Засгийн газраас тогтоосон үнээр үр тариагаа улсдаа тушаана. Ургац хураалтын энэ үед борлуулалтын асуудлыг шийдээд өгчихвөл ургац хураалтын явц илүү түргэн байх болов уу” гэсэн хүсэлтээ уламжилж байлаа. Ургацын чанар, болц сайн байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий  сайд С.Батболд хэлээд гурилын үнэ өсөж байгаа нь үр тарианы чанартай холбоотой гэсэн зарим нэг үйлдвэрүүдийн тайлбарын талаар асуудал хөндлөө. Энэ жилийн буудайн чанар өмнөх жилүүдийнхээс илүү сайн байгааг манай мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Чанартай сайн буудай хураахын зэрэгцээ энэ жил хураахаар төлөвлөсөн үр тариагаа авч чадвал дотоодын гурилын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэсэн тооцоог мэргэжлийн яам гаргасан. Үндэсний үйлдвэрүүд маань үүнийг дэмжин хамтарч, Засгийн газраас дэмжлэг үзүүлж ажиллавал гурилын үнийг тогтвортой барих боломж байгааг Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа.  Зарим нутагт болж буй цаг агаарын цочир хүйтрэл газар тариалангийн бүс нутгийг тойрч гарч байгаад тариаланчид төдийгүй гүйцэтгэх засаглалын тэргүүн ч олзуурхаж байлаа. Тиймээс байгаль дэлхий харж үзэж байгаа таатай энэ боломжийг ашиглан ургацаа алдалгүй хурааж авахыг Ерөнхий сайд С.Батболд  тариаланч иргэддээ зөвлөлөө.

Засгийн газрын тэргүүн Шаамар сумын газар тариалангийн тэргүүлэгч компани болох “Ундрагч” компанийн тариалалт, ургацын болц, техник технологийн шинэчлэлт зэрэгтэй танилцах үеэрээ комбайнч залуучуудтай уулзсан юм. Ингэхдээ тэрбээр “Машин техник ямар байна, засвар үйлчилгээгээ цаг хугацаанд нь сайтар базааж амжсан уу” зэрэг энгийн яриа өрнүүлээд “Комбайнч залуучууд та бүхэнд ажлын амжилт хүсье. Улс орныхоо хөгжилд нэмэр болж, ард иргэдээ аюулгүй хүнсээр хангах их үйлсэд тань амжилт хүсье. Та бүхэн сайн ажиллаж байна, цаашид улам хичээгээрэй” гээд тус аж ахуйн нэгжид үр тарианы ялгагч машин бэлэглэлээ.

Дархан сумын баг бүр хүлэмжийн аж ахуйтай

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Атрын 3-р аян”-ы хүрээнд тариаланчдаа дэмжихийн зэрэгцээ санаачилгатай сайн ажиллаж  байгаа өрхийн аж ахуй, хамтралуудыг хөнгөлөлттэй нөхцөлийн зээлд хамруулах болон бусад дэмжлэгийг Засгаас үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн 16 баг тус бүрт 120 ам.метр талбай бүхий хүлэмж барьж өгчээ. Таван өрх нийлээд нэг хүлэмж ажиллуудаг бөгөөд энэ жил анхных нь хэдий ч тэд гэр бүл, ах дүү хамаатан садныхаа төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны бүтэн жилийн хэрэгцээг хангаж чадахаар ургац авч байгаатай Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус аймагт ажиллахдаа танилцсан юм. Нэг хүлэмж нь арав гаруй өрхийн хүнсний ногооны жилийн хэрэгцээг хангаж чадаж байгаа гэж тус сумын Засаг дарга сонирхуулж байв. Хүлэмжид төмс, хүнсий ногооноос гадна улаан лооль, өргөст хэмх, тарвас, амтатгуа зэрэг нарийн ногоо тариалсны зэрэгцээ иргэд  ургацынхаа дээжээр хийж даршилсан ногооны үзэсгэлэн худалдааг дэлгэсэн байсан юм.

Эрхэлсэн тодорхой ажилгүй, ийм аж ахуй эрхлэх сонирхолтой ч хүлэмж барих санхүүгийн боломжгүй, өмнө нь ногоо тарьж байсан иргэдийг энэ төсөлд хамруулж өрхийн аж ахуй эрлэхэд нь тусалж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сайшааж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж