ГЕРМАН: Тэд юу амлав?

Германы бүх нийтийн сонгууль хоёрдугаар сарын 23-ний өдөр болно. Тус улсын таван голлох нам сурталчилгааны ажлаа хэдийн эхэлсэн бөгөөд ялалт байгуулсан намын тэргүүн нь дараагийн канцлер болох талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл ирэх дөрвөн жилд аль нам ямар ажлыг бүтээн байгуулж, эдийн засаг, гадаад, дотоодын асуудалд хэрхэн үйл ажиллагаа явуулахаар зэхэж буйг онцолж байна.


Намын тэргүүн нар

БАРУУН ТӨВИЙН ХРИСТИЙН АРДЧИЛСАН ХОЛБОО (CDU) БОЛОН ҮҮНИЙ САЛБАР БАВАРИ ДАХЬ ХРИСТИЙН НИЙГМИЙН ХОЛБОО (CSU)

Тус хоёр хамтарсан нам татварыг бууруулж, хууль бус цагаачдын шилжилт хөдөлгөөнийг зогсоох амлалтыг санал нэгтэйгээр өгсөн юм. Ирэх дөрвөн жилийн хугацаанд орлогын албан татвар болон компанийн татварыг 25 хувь хүртэл бууруулахыг хүсч байна. Түүнчлэн, өндөр настны тэтгэврийн хэмжээг бууруулахгүй гэдгээ амлаж, 67 нас хүрсэн ч үргэлжлүүлэн ажилласан бол хожим тэтгэвэр дээрээ сар бүр нэмэлт 2000 ам.долларын татваргүй урамшуулал олгохоор төлөвлөж байна. Гэсэн хэдий ч "CDU" намын тэргүүн, боломжит канцлер Фридрих Мерцийн санаанууд олон тэрбум еврогийн өртөгтэй байна. Улмаар "CDU/CSU"-ын "өрийн тормоз" гэгдээд буй гадаадын өрийг бууруулах гол амлалтад нь саад болж болзошгүй.

Тус улсын үндсэн хуульд тусгагдсан тормоз нь өрийн хэмжээг ДНБ-ийн 0.35 хувиас хэтрүүлэхгүй байхаар хязгаарласан байдаг тул Мерц хэрэв канцлер болох юм бол өртөг бага гаргах санаагаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж ажиглагчид үзэж байна.

"CDU/CSU" намууд олон нийтийн газар аюулгүй байдлыг камер суурилуулах ажлыг өргөжүүлж, галт тэрэгний буудал, нисэх онгоцны буудалд нүүр царай таних автомат системийг нэвтрүүлэх амлалт өгөөд буй. Мөн НАТО-гийн гишүүн орны үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэн, ДНБ-ий хоёр хувиас илүүг батлан ​​хамгаалах салбартаа зарцуулахыг хүсч байна. Үүний хүрээнд Герман улсад гадаадын ямар нэгэн халдлагаас сэргийлж өргөн хэмжээний зэвсгийн систем байрлуулах ажлыг сайшааж байгаа ба Украиныг шаардлагатай дипломат, санхүү, хүмүүнлэгийн бүх хэрэгслээр, зэвсэг нийлүүлэх замаар дэмжихээ амлаж байна. "CDU/CSU" нь Израилийг цэргийн хүчээр үргэлжлүүлэн дэмжихээ амлаж, Ойрхи Дорнод дахь хоёр улсын ямар ч шийдвэрийг дэмжинэ. Хятад улсын тухайд "CDU/CSU" эдийн засгийн хамтын ажиллагаагаа хадгалах боловч тус салбарын хамаарлыг бууруулж, дотоодын дэд бүтэц, аюулгүй байдалдаа гол төлөв анхаарна гэж мэдэгджээ. Мөн АНУ болон Хятадын хооронд бий болзошгүй худалдааны дайныг ашиглаж Ази-Номхон далайн бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэн, түншийн харилцаагаа өргөтгөхийг зорьж байгаа аж.

СОЦИАЛ ДЕМОКРАТ: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛ, УЛСЫН ӨРИЙГ НЭМЭГДҮҮЛ

Социал демократууд (SPD) нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалт, тухайлбал, хүнд байдалд орсон дэд бүтцэд зориулж олон тэрбум еврогийн өр тавихыг хүсч байна. Мөн тус нам тодорхой аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн сацуу татварын хөнгөлөлт үзүүлэх тал дээр илүү анхаарна гэж амлажээ. "SPD" бага орлоготой сонгогчдын саналыг татахын тулд 100 сая еврогоос дээш хөрөнгөтэй баячуудад нэмэлт татвар ногдуулна гэж мэдэгдсэн байна. Улмаар бусад давхаргын иргэдэд илүү их хөнгөлөлт, тусламж олгохоос гадна дотоодын эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэж үзжээ.

"SPD" намын тэргүүн, канцлер Олаф Шольц хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлэхээ амласан бөгөөд энэ удаад 12 еврогоос 15 евро хүртэл нэмнэ гэв.

Тэтгэврийн тухайд "SPD" 48-аас доошгүй хувийн тэтгэврийн түвшнийг баталгаажуулж, хасах болон тэтгэвэрт гарах насыг 67-оос дээш болгохыг эсэргүүцэж буй. Түүнчлэн, Герман улсад орогнол олгох журмыг хурдасгаж, цагаачдын зөвхөн ажиллаж, суралцах таатай нөхцөлийг бий болгох иж бүрэн хэлэлцээр байгуулахаа амласан байна. Харин бусад асуудлаар Германд орогнол эрэлхийлэхийг завдсан цагаачдыг нутаг буцаах хатуу дүрэм журмыг батална гэж мэдэгдсэн байна. "SPD"-ийн гадаад болон аюулгүй байдлын бодлогын төлөвлөгөө нь Оросын түрэмгийллийн дайны эсрэг Украиныг дэмжих, Германы баруун хэсэгт АНУ-ын дунд тусгалын зэвсгийг байрлуулахад чиглэсэн байна. "SPD" нь Украиныг зэвсэг, техникээр үргэлжлүүлэн дэмжихийг хүсч байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригч нам байсан "SPD" нь одоог хүртэл НАТО-д үнэнч байгаа бөгөөд ДНБ-ий 2-оос доошгүй хувийг батлан ​​хамгаалахад зарцуулна гэж мэдэгджээ. Ерөнхийдөө тус намын алсын хараа нь “Европын батлан ​​хамгаалах холбоог бий болгох" аж. Өөрөөр хэлбэл ямар ч геополитик, эдийн засгийн асуудал тулгарсан бай өрсөлдөх чадвартай Европын батлан ​​хамгаалах салбарыг бий болгох явдал юм. Үүний хүрээнд "SPD" нам Германы арми, Бундесверийг тогтвортой шинэчлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна.

НОГООН: УУР АМЬСГАЛЫГ ХАМГААЛАХААС ИЛҮҮ ЧУХАЛ АСУУДЛУУД

Сүүлийн гурван жилийн хугацаанд Ногоонтнууд уур амьсгалыг хамгаалах төлөвлөгөөнөөсөө болж шүүмжлүүлж байв. Харин энэ удаагийн сонгуульд тус нам хүлэмжийн хийг бууруулах шаардлагаа 2021 оны сонгуулийн кампанит ажилтайгаа харьцуулахад тодорхой хэмжээнд багасгажээ. Ногоон нам эрх баригч, сөрөг хүчний адил өрийн тормозыг шинэчлэх, цахилгаан машинд татаас олгох, тэтгэврийг баталгаажуулах шинэ "иргэний сан" байгуулахыг хүсч байна. Иргэний сан нь төсвийн мөнгөөр санхүүжүүлэгдэх бөгөөд дэд канцлер, тэргүүн Роберт Хабек өдөр тутмын "Bild" сонинд өгсөн ярилцлагадаа тэд тэрбумтны татварыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлжээ.

Цагаачлалын бодлогын хувьд Ногоон нам дүрвэгсдийн тухай Женевийн конвенц, нэмэлт хамгаалалт, Хүний эрхийн тухай Европын конвенцод заасан олон улсын үүрэг, дүрмээс гадна орогнох үндсэн эрхийг өөрчлөх хүсэлгүй байгаа юм.

Гэвч өнөө цагийн нөхцөл байдлыг харгалзан үзэх юм бол дээрх хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг онцолж, бусад улс оронтой цагаачлалын бодлогыг зөөлрүүлсэн хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байна.

Урьдчилсан санал хураалтын нөхцөл байдал

AFD: ОРОСТ ЗӨӨЛӨН, ЦАГААЧДАД ХАТУУ

Хэт барууны үзэлтэй “Германы альтернатив хувилбар” (AfD) сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаснаар, Германыг Европын холбооноос гаргаж, еврог цуцлахыг хүсч байна. Мөн уур амьсгалын өөрчлөлт хүний оролцоотойгоор бий болсон гэдгийг үгүйсгэж, нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станц, атомын цахилгаан станц байгуулахыг дэмжиж байгаа юм. Тиймдээ ч Оросын байгалийн хийн импортыг сэргээхийг хүсч байна. Түүнчлэн "AfD" нь Европын холбооны бусад орнуудаар дамжин Герман руу дүрвэх гэсэн цагаачдын эсрэг маш хатуу бодлого хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Тус намын хувьд дотоодын аюулгүй байдал нь цагаачдын шилжилт хөдөлгөөнтэй нягт холбоотой гэж тайлбарладаг. Үүний хүрээнд, цагдан хорих, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг 14-өөс 12 болгон бууруулахыг уриалж буй.

Мөн "AfD" нь саяхан тавьсан хутганы хоригийг цуцлахыг хүсч байгаа бөгөөд олон нийтийн газар иж бүрэн хяналтын камер суурилуулахыг эсэргүүцэж, иргэний хувийн мэдээллийг хадгалах ямар ч цахим сүлжээнээс татгалзана гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

"AfD" нь санхүүгийн хөшүүргийн тусламжтайгаар төрөлтийг нэмэгдүүлж, гэр бүлийг дэмжих бодлогыг идэвхжүүлэх замаар Германы хүн амын тоог ахиулах хүсэлтэй байгаа юм. Мөн тус нам ялалт байгуулбал аль ч улсын Германд 10-аас доошгүй жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн тус улсаас тэтгэмж тогтоолгох эрхтэй болгоно гэж амлажээ.

FDP: ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ БОДЛОГО

Ногоон намын нэгэн адил Чөлөөт ардчилсан нам (FDP) ч Германы тэтгэврийн тогтолцоог шинэчлэхийг уриалж байна. Намын удирдагч Кристиан Линднер хувьцаанд суурилсан тэтгэврийг нэвтрүүлэхийн төлөө тэмцэж буй. "FDP" эдийн засгийн үндсэн бодлогыг цогцоор нь өөрчлөх санал гаргасан бөгөөд энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард "SPD" болон Ногоон намын хамтарсан засгийн газар тарах нэг шалтгаан болжээ. Эрчим хүчний үнэ өндөр байгаа тул компаниудын татварын дарамтыг хөнгөвчлөх, хүнд суртлыг багасгах зэрэг олон шаардлагууд "FDP" намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байна. Тэд  ажилд орохыг санхүүгийн арга замаар урамшуулж, нийгмийн халамжийг үндсээр нь шинэчлэхийг хүсч байна.

Мөн ажилгүй иргэдийг идэвхитэй байхыг шаардаж, яагаад ажил олохгүй байгаа болон ажил хайж байгаа гэдгээ нотлохыг хүснэ гэдгээ илэрхийлжээ.

Хэрэв хөдөлмөрийн насан дээрээ ажил, хөдөлмөр эрхлээгүй бол нийгмийн халамжийг бага хүртэх ёстой гэж "FDP" үздэг байна.

ЗҮҮНИЙ НАМ ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭНД АНХААРЛАА ХАНДУУЛНА

Социалист Зүүний нам баячуудад өндөр татвар ногдуулах, тэр дундаа 3 сая евро ба түүнээс дээш үнийн дүнгийн хөрөнгө өв залгамжилсан хүнд 60 хүртэлх хувийн татвар ногдуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тус нам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 евро, тэтгэврийн хэмжээг одоо байгаа 48 хувиас нь 53 хувь болгон нэмэгдүүлэх амлалт өгсөн байна. Үүний тулд тэтгэврийн тогтолцоонд бүтцийн өөрчлөлт хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.  Цаашид төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, засгийн газрын гишүүд гээд бүх хүн төрийн тогтолцоонд орох ёстой гэж зүүнтнүүд үзэж байна.

Тэтгэвэрт гарах насыг 65 болгож бууруулахыг эрмэлзэж буй. Харин 40-өөс доошгүй жил ажиллаж, татвар төлсөн бол тэтгэвэрт гарах насыг 60 болгон бууруулах тусгай бодлого баримтална.

Түүнчлэн, орон нутгийн иргэдэд зориулж дор хаяж цаг бүр автобус, галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлэхээ амласнаас гадна 500 км юм уу таван цагаас бага хугацаатай нислэг, галт тэргийг хориглоно гэж мэдэгджээ.

2021 оны сонгуулийн дүн

 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.93.246

Германы улс төр юу л болов? Германчууд еврейчүүдийг устгаад байснаа одоо тэд Израилыг дэмждэг болсон.

Avatar

Нэргүй 2025-02-21 59.153.86.156

бүх нийтийн сонгууль гэж юу байдаг юм?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж