"Д.Трампын тарифын нэмэгдэл Монголд муугаар нөлөөлнө"

"Д.Трампын тарифын нэмэгдэл Монголд муугаар нөлөөлнө"

"Д.Трампын тарифын нэмэгдэл Монголд муугаар нөлөөлнө"

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор профессор А.Энхбаттай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 –Монголд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй нөхцөл байдал үүслээ. Валютын ханш өсч, төгрөгийн ханш улам суларч байна. Нүүрсний экспорт ч зогсонги байдалд орлоо. Ер нь эдийн засгийн үзүүлэлт таныхаар хэр байна вэ?

-Энэ оны эхний макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг ярихаас өмнө, өнгөрсөн 2024 онд макро эдийн засгийн үзүүлэлт ямар түвшинд хүрсэн байсан бэ гэдгийг товчхон ярья.

Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар есөн хувьтай байна.

Улсын нэгдсэн төсөв 776.2 тэрбум төгрөгний алдагдалтай гарсан.  Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар буурахад чулуун нүүрсний үнэ 20.7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн. Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар манай улс ойролцоогоор 11 сая тоннтой тэнцэх хэмжээний нүүрс экспортолсон байна. Үнийн дүн ойролцоогоор  нэг тонн тутмыг 86 ам.доллараар арилжсан талаар гаалийн статистик мэдээ харуулж байна. 2024 оны эхний 1 сарын дүнтэй харьцуулахад 12 сая тонн нүүрсийг 1 тонн тутмыг нь 120 ам.доллараар борлуулж байсан. Эндээс харахад экспортолж байгаа нүүрсний тоо хэмжээ хэт их багасаагүй боловч үний түвшин 30 гаруй хувиар унаад байна.

-Монгол Улсын экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ буурч экспортын хэмжээ багассан шалтгааныг юу гэж харж байна?

-Монгол Улсын нүүрсний экспортын үнэ буурч, экспортын хэмжээ багасахад хэд хэдэн гол хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, манай голлох түүхий эд болох нүүрсийг хүлээн авагч Хятадын талын нүүрсний эрэлт буурсан, өмнөх жилд Хятадын хувьд гадаад орнуудаас нийлүүлэх нүүрсний нийлүүлэлт нь нийт эрэлтээс нь давчихсан үзүүлэлт гарсан. Сүүлийн жилүүдэд Хятад Улсын нүүрсний зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд тодорхой өөрчлөлтүүд гарч байна. 2023 онд Хятадын нүүрсний нийт олборлолт 46.58 тэрбум тонн болж, өмнөх оноос 2.90 хувиар өссөн байна.

2024 оны эхний хагаст нүүрсний эрэлт, нийлүүлэлт ерөнхийдөө тогтвортой байсан бөгөөд нүүрсний үнэ буурах хандлагатай байсан.

Тухайлбал, Хятадын Чинхуандао боомт дахь 5500 ккал/кг илчлэгтэй нүүрсний дундаж үнэ 704 юань/тонн болж, өмнөх оны мөн үеэс 18 юаниар буурсан.  Гэсэн хэдий ч, 2024 оны байдлаар Хятад улс 1.28 тэрбум тонн жилийн хүчин чадалтай шинэ нүүрсний уурхайнуудыг хөгжүүлж байгаа нь дэлхийн шинэ нүүрсний уурхайн төслүүдийн талаас илүү хувийг эзэлж байна. Эдгээрийн 35 хувь нь баригдаж байгаа бөгөөд ойрын 3-5 жилийн дотор ашиглалтад орох төлөвтэй байна.  Нүүрсний импортын хувьд, 2024 оны авраннэгдүгээр сард Хятадын далайн замаар тээвэрлэсэн эрчим хүчний нүүрсний импорт 37.5 сая тонн болж, өмнөх сарын 32.12 сая тонноос нэмэгдсэн. Энэ өсөлт нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд үүнд усан цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурсан нь нөлөөлсөн.  Нийтдээ, Хятад улсын нүүрсний зах зээлд эрэлт, нийлүүлэлт тогтвортой байгаа ч, дотоодын үйлдвэрлэл, шинэ уурхайн төслүүд болон импортын өсөлт зэрэг хүчин зүйлс нь зах зээлийн динамикт нөлөөлж байна. Эндээс харахад Хятад дахь эрэлт багассан нь тодорхой харагдаж байна.Монголын нүүрсний гол худалдан авагч Хятад улс сүүлийн жилүүдэд дотоодын олборлолтоо нэмэгдүүлж, нүүрсний импортод хязгаарлалт тавих бодлого баримталж байна. Мөн тус улсын эдийн засгийн өсөлт удааширснаар эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээ багасаж, нүүрсний импорт буурч байна.

-Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэрэгцээ багасна гэдэг нь нүүрсний экспортоороо орлого олдог Монголд бол таагүй мессеж байна даа?

-Олон улсын нүүрсний үнэ уналттай байна. 2022 оны оргил үед нүүрсний үнэ огцом өссөн ч 2023-2024 онд дэлхийн зах зээл дээр эрэлт буурч, үнэ буурсан. Австрали, Индонез зэрэг гол экспортлогч орнуудын нийлүүлэлт нэмэгдсэн нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварт нөлөөлсөн.

Мөн тээвэр ложистикийн асуудал.  Манай улсын нүүрсний экспорт ихэвчлэн авто зам, төмөр замаар хийгддэг. Хил дээрх гацаа, тээврийн хязгаарлалт, дэд бүтцийн асуудлууд нүүрсний нийлүүлэлтийг удаашруулж, экспортыг хязгаарлах шалтгаан болсон.

Засгийн газар БНХАУ-ын талтай идэвхитэй яриа хэлэлцээ явуулж, хил холболтын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураад байна. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох ажил хэрэгжиж, энэ төсөл ашиглалтанд орсон цагт бодит утгаар манай улсын нүүрсний экспортын хэмжээнд нөлөөлж, гадаад валютын орлого болон төсвийн орлого төдий хэмжээгээр нэмэгдэнэ.

Гэхдээ энэ цаг хугацаа ойрын 2 жилдээ хэрэгжиж чадах уу гэдэг асуудал байна. Гуравдугаарт, Хөрөнгийн биржээр нүүрсээ борлуулах асуудал. Өнгөрсөн онд нийтдээ 25.2 сая тонн буюу 2.8 тэрбум ам.доллартай тэнцэх нүүрсний борлуулалт хийгдсэн мэдээ бий. Цаашдаа манай улс гадаад зах зээл дээр түүхий эдийн биржүүд дээр нүүрсээ арилжаалах талын асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Дан ганц Хятадын талын худалдан авагчаас өөр бусад орны зах зээлд нүүрсээ борлуулах ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Дөрөвдүгээрт, Оросын хямд нүүрсний нөлөө. Сүүлийн жилүүдэд ОХУ хямд үнээр нүүрсээ Хятад руу экспортолж, Монголтой өрсөлдөх болсон. Энэ нь Монголын нүүрсний зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, үнийн дарамт үүсгэсэн. Эдгээр хүчин зүйлсийн улмаас Монголын нүүрсний экспортын орлого буурсан байж болох юм. Цаашид дотоодын дэд бүтцийг сайжруулах, урт хугацааны тогтвортой экспортын бодлого баримтлах, олон улсын зах зээлийн чиг хандлагыг зөв тооцоолох шаардлага тулгарч байна.

-Засгийн газар энэ оны төсвийг хоёр удаа өргөн барьж, УИХ нэлээд дуулиан шуугиантай хэлэлцэн баталсан. Хэдийгээр алдагдалгүй төсөв баталсан ч зарлагын хувь хэмжээ өндөр хэвээр байсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийг хэр сайн тусгасан бол?

-Тийм, энэ оны төсвийг УИХ 2024 оны 11 болон 12 саруудад хэлэлцэн 2 ч удаа баталсан. Урьд өмнө ийм практик манайд байгаагүй. Төсөв санхүүгийн эрх зүйн хувьд ч энэ талын  зохицуулалт бүрэн тусгагдаагүй байсан нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбоотой асуудлууд дээр тодорхой харагдсан. Гэсэн хэдий ч УИХ нь Засгийн газрын оруулж ирсэн төсвийг хэлэлцэн алдагдалгүй төсөв байхаар баталсан нь ололттой шинэ дэвшил болсон гэж харж байгаа. Засгийн газар ирэх жилүүдэд 14 мега төслийг хэрэгжүүлэх бодлогын үүднээс төсвийн зарлагыг багасгах тал дээр санаачлага муутай байсныг хэлэх нь зүйтэй. Энэ ажлыг үндсэндээ шинээр бүрэлдсэн УИХ хийсэн гэхэд болно. Цаашид ч УИХ нь Засгийн газрын боловсруулж ирүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл буюу 3 жилийн төсвийн төсөөлөл болон ирэх жилийн төсвийг төслийг хэлэлцэхдээ нилээд олон талаас харж, хэлэлцэн, санаачлагатай, зоригтой шийдвэрүүд гаргаж байх шинж ажиглагдсан. Энэ бол зүйтэй асуудал.

Сүүлийн 30 жилийн турш аль ч Засгийн газар, Сангийн яамны боловсруулсан Төсвийн хүрээ болон төсвийн төслийг УИХ хэлэлцсэн дүр эсгэсэн, гол нь өөрсдийн тойрогтоо болон улс төр, бизнесийн ашиг хонжоод тулгуурлан шийдвэрүүд гаргадаг байсан.

Үүний үр дүн эцэстээ та бидний амьдарч байгаа орчин болон улс орны хөгжлийн түвшин шууд харуулна. Одоо цаг хугацаа өөр болсон гэдэг нь харагдаж байна.

-Засгийн газар улсын төсөв боловсруулахдаа аль болох жалга довны хуваарилалтаас татгалзах бодлого барьж байгаа шүү дээ?

-Шинэ бодлогын зорилтууд, төслүүдийг хэрэгжүүлэхээр санал болгон төсөвт тусгаж байна гэдэг бол дэмжих ёстой асуудал. Энд аль нэг нам, улс төр, тойрогоос илүүтэй улс орны цаашдын хөгжлийн бодлоготой холбоотой асуудал яригдаж байгаа нь чухал байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрсөн оны нэгдүгээр сараас орон тооны 7 гишүүдтэй, УИХ-ын дэргэдэх институц хэлбэрээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд орсон өөрчлөлтийн дагуу ажиллаж эхэлсэн. Өнөөдөр дэлхийн бусад 51 улс орнууд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулан ажиллуулж байна. Ялангуяа 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 2019 оны Ковидын дараа ийм институц байх нь хэрэгтэй гэдэг талаас нь улс орнууд ач холбогдол өгч эхэлсэн. Бид 2025 оны болон түүний дараагийн 2 жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд шаардагдах макро эдийн засгийн таамаглалд үндэслэсэн үндсэн үзүүлэлтүүдийг 2024 оны гуравдугаар сард Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлж байсан.

Харамсалтай нь, Эдийн засгийн хөгжлийн яам манай урьдчилсан таамаглалыг хүлээн авахгүйгээр өөрсдийн боловсруулсан таамаглал дээр үндэслэсэн 2025 оны болон түүний дараагийн хоёр жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газар, УИХ-д оруулж батлуулсан.

Эндээс л манай зөвлөлийн таамагласан тооцоо болон Засгийн газраас тухай жилийн төсвийн тодотгол болон дараа жилийн төсвийн төсөлд зөрүүтэй байдлууд гарч ирсэн. Өнөөгийн эдийн засгийн байдал, хүлээгдэж байгаа нөхцлийг харахад бидний тооцоо зөв байсан гэдгийг Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, УИХ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрч байна. Энэ тохиолдолд өнөөдөр Засгийн газар энэ оны төсвөө хэрхэн яаж тодотгох уу, төсвийн алдагдлаа ямар эх үүсвэрээр нөхөх талаар бодохоос илүүтэй хэрвээ бидний тооцоогоор төсвөө баталсан байсан бол байгаа нөөц боломжоо хэрхэн үр ашигтай ашиглаж зарцуулах уу, Мега төслүүдээ ирж байгаа дэлхийн эдийн засгийн хүнд цохилтоос хэрхэн яаж бага хохиролтой гарах талаар бодож, ирээдүйн төсөв санхүүгийн стратегийг боловсруулж байх байсан. Эцэст нь манай зөвлөлөөс өгсөн дүгнэлт, зөвлөмжүүдийг Засгийн газар, УИХ хүлээн аваагүй гэж хэлэхэд болно.

-Тэгэхээр улсын төсвийг дахин тодотгохоос өөр аргагүй нөхцөл үүссэн гэж харж байна уу?

-Энэ оны эхний нэг сарын байдлаар эдийн засаг агшиж, экспортын орлого төлөвлөж байснаас бага байгаа нь Монгол улсын гадаад валюттай харьцах төгрөгийн ханш суларч байгаагаар илэрч байна. Нэг сарын дотор төгрөгийн худалдан авах чадвар даруй 100 гаруй төгрөгөөр суларлаа. Гадаад валютын ханш бол гадаад валютын зах зээлийн эрэлт болон нийлүүлэлтээс хамаардаг. Эрэлтийн талын 3 хүчин зүйл, нийлүүлэлтийн талын 3 хүчин зүйлээс хамаарна.

Мэдээж энд гадаад худалдааны экспортын орлого болон импортын бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан гадагш шилжүүлсэн гадаад валютаас хамаарна гэсэн үг.

Гаднаас орж ирэх гадаад орлого бага, гадагш шилжүүлсэн валютын зарлага их тохиолдолд гадаад валютын тэнцвэрт байдалд өөрчлөлт орж, тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах үзэгдэл явагдана. Энэ оны эхний сард л гэхэд импортын өсөлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн, харин эсрэгээр экспортын өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байгаа. Энэ тохиолдолд тухай улсын Төв банкнаас гадаад валютын зах зээлийг тогтвортой байлгах тэнцвэржүүлэх зорилгоор дутагдаж байгаа хэмжээгээр валютын нийлүүлэлт хийдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан мэдээллээр манай улс 4,8 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтөй байсан бол үүнээс 800 сая ам. доллар интервенц хийгдсэн гэсэн байна.

Өнөөдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулиар улсын жилийн төсвийг ямар тохиолдолд тодотгох талаар хуулиар зохицуулсан байдаг.

Энд 5 үндсэн нөхцөл үүссэн гэж харж байна. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх,  батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах; төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх, хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны хөрөнгө хүрэлцэхгүй болсон зэрэг. Эдгээр нөхцлүүд үүссэнийг тооцоо баримтаар нотлогдсон тохиолдолд төсвийг тодотгох шаардлага үүснэ. Нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл хэдийн алдагдалтай гарсан талаар өмнө дурьдсан.

Өөрөөр хэлбэл, 2024 оны 1 сард бид 2.7 их наядын орлоготой байсан бол энэ оны эхний сард 1.7 их ная төгрөгийн орлоготой болж даруй 1 их наяд төгрөгөөр буурсан, зарлагын хувьд 2.2 их наяд төгрөг болж өмнөх оноос 100 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.

Төсөв тодотгох нөхцөлүүд хуулийн дагуу үүсэхээр байна.

-Төсөв тодотгохоос гадна ямар арга хэмжээ авбал зохистой гэж та харж байна?

-Төсвийн алдагдал ДНБ-ний 3 хувьтай тэнцээд ирэх юм бол, нөгөө талаар батлагдсан төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт орсон бол гэсэн үндэслэлүүд одоо харагдаж байна.Үүнд газрын тосны үйлдвэрийн гэрээ, хэлэлцээр буюу Энэтхэгийн зээлтэй холбогдуулан хэлж байна. Нөгөө талаар нүүрсний үнийн бууралттай холбоотой. 2025 онд нүүрсний зах зээлийн үнэ буурах төлөвтэй байна. Монгол Улсын төсөвт энэ онд 83 сая тонн нүүрсийг тонн тутамд дунджаар 105 ам.доллароор экспортлохоор тооцсон боловч, дэлхийн зах зээл дээрх үнэ буурч байгаа нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тухайлбал, 2024 оны арваннэгдүгээр сард тонн нь 141 ам.доллар байсан нүүрсний үнэ 2025 оны эхээр 104.75 ам.доллар болж буурсан байна.  Дэлхийн банкны мэдээлснээр, Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 2025 онд нүүрсний үнэ 12-13 хувиар буурах эрсдэлтэй гэж үзэж байна.   Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр, 2025 онд нүүрсний үнэ одоогийн 70-80 ам.долларын түвшинд хадгалагдах магадлалтай бөгөөд үнийн өсөлт хүлээх нь өрөөсгөл болохыг анхааруулсан.

Нүүрсний үнэ буурах нь Монгол Улсын экспортын орлогод сөргөөр нөлөөлж байгаа тул эдийн засгийн өсөлтийг хангахын тулд экспортын хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийн нөхцөл байдалд нийцсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Энэ онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэтэл хөрөнгийн биржээр нүүрс худалдаж авах санал орж ирэхгүй байгаа нь манай улсын ойрын бэрхшээл болчихлоо?

-Монгол Улс 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд энэ нь өмнөх оны 78.1 сая тонны амжилтыг ахиулах зорилготой.  Үүний 25 сая тонныг хөрөнгийн биржээр арилжаалсан. Гэвч өнөөдрийн байдлаар хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс худалдаж авах санал бага байгаа нь хэд хэдэн шалтгаантай байгаа гэж харж байгаа. Үүнд, нэгдүгээрт, Биржийн арилжааны нөхцөл ба эрсдэл.

Өөрөөр хэлбэл, нүүрсийг биржээр арилжаалах үед худалдан авагчид төлбөрөө бүрэн төлсний дараа хэдэн сарын дараа нүүрсээ хүлээн авдаг. Энэ хугацаанд зах зээлийн үнэ өөрчлөгдөх эрсдэлтэй тул худалдан авагчид алдагдал хүлээхээс эмээж, биржийн арилжаанд оролцох сонирхол буурч байна.

Хоёрдугаарт, Дуудлага худалдааны системийн дутагдал. Одоогийн байдлаар худалдагч, худалдан авагчид харилцан тохиролцсон үнээр арилжаа хийх дуудлага худалдааны систем бүрэн хөгжөөгүй байна. Энэ нь худалдан авагчдад зах зээлийн өрсөлдөхүйц үнээр нүүрс худалдан авахад хүндрэл учруулж, биржийн арилжаанд оролцох сонирхлыг бууруулж байна.  Гуравдугаарт, Хятадын зах зээлийн тодорхойгүй байдал: Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, гангийн зах зээлийн тодорхойгүй байдал нь нүүрсний эрэлтэд сөргөөр нөлөөлж, худалдан авагчид эрсдэлээс зайлсхийх хандлагатай болж байна. Дөрөвдүгээрт, Гэрээний шууд борлуулалт давамгайлах. Томоохон худалдан авагчид, ялангуяа БНХАУ-ын компаниуд, нүүрсээ биржээр бус шууд гэрээний дагуу худалдан авах сонирхолтой байдаг нь биржийн арилжааны идэвхийг бууруулж байна.Тавдугаарт, Логистикийн асуудал: Хил гаалийн саатал, дэд бүтцийн хязгаарлалт зэрэг логистикийн асуудлууд нь биржээр дамжуулан худалдаа хийх сонирхлыг бууруулж болзошгүй.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд биржийн арилжааны нөхцөлийг сайжруулах, дуудлага худалдааны системийг хөгжүүлэх, логистикийн саад бэрхшээлийг арилгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

-Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор инфляц өсч байна. Мөн "Эрдэнэс Тавантолгойн" 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах тухай яригдаж байна. Бэлэн мөнгөний нийлүүлэлт эргээд инфляцийг өдөөх байх. Инфляцийг бууруулахын тулд ямар хариу арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

-Сүүлийн жилүүдэд Засгийн газрын үйл ажиллагаанаас шалтгаалсан инфляцийг хөөрөгдөх явц ойр ойрхон давтагдах болсон. Энэ бол нэг тийм ч сайн зүйл биш. Төсвийн хувьд аваад үзэхэд цалин хөлсний нэмэгдэл, тэтгэвэр тэгэмжийн нэмэгдэл, ноогдол ашиг хуваарилалт гэх мэт. Нэг талдаа орлого багатай иргэдийн хувьд амьдралд нь нэмэртэй боловч нийт эдийн засгийн утгаараа бэлэн мөнгөний нийлүүлэлт ихсэхийн хирээр мөнгөний нийт нийлүүлэлтийн тоо хэмжээ ихсэж улмаар инфляци өсөж байна. Өнгөрсөн он гэхэд зах зээлд нийлүүлэгдэж байгаа мөнгөний тоо хэмжээ сар тутам 1 их наяд төгрөгөөр нэмэгдэж байсан. Хэрэглээний үнийн индекс өсөхөд нөлөөлж байгаа нэг гол зүйл бол өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлож байгааг статистикийн тоо харуулаад байна.

Төсвийн тэлэх бодлого явуулах, төсвийн зардлыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь Төв банкнаас явуулж байгаа мөнгөний хатуу бодлого буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах зорилтыг нурааж байна.

Тийм учраас одоогийн байдлаар Төв банк мөнгөний хатуу бодлогоо барих тал руугаа явахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Энэ тохиолдолд эдийн засагт бодит секторт орох мөнгөний нийлүүлэлт тасалдах үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдах байдалд хүргэнэ.

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр Монголд хэрхэн нөлөөлөх бол?

-Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эдийн засгийн үндсэрхэг (protectionist) бодлогын нэг хэсэг. Тэрээр АНУ-ын аж үйлдвэрлэлийг хамгаалах, гадаад худалдааны тэнцвэргүй байдлыг засах зорилгоор ийм арга хэмжээ авч байна гэж харж байгаа. Импортын бараанд гаалийн татвар ногдуулах нь дан ганц АНУ-д ашигтай байх магадлал багатай. Учир нь энэ арга хэмжээ нь дараахь үр дагавруудыг бий болгоно. Нэгдүгээрт, АНУ өөрийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих байж болно. Өөрөөр хэлбэл, гадаадын барааны үнэ өссөнөөр АНУ-ын дотоодын үйлдвэрлэгчид илүү өрсөлдөх чадвартай болох боломжтой. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бий болно. Импортын барааны үнэ өсөх нь эцсийн хэрэглэгчдэд дарамт болж, амьдралын өртөг нэмэгдэх эрсдэлтэй. Гуравдугаарт, худалдааны дайн үүсэж байна. Канад, Мексик, Хятад зэрэг орнууд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авч, экспортын хязгаарлалт эсвэл өөрсдийн татварыг нэмэгдүүлж магадгүй. Энэ нь олон улсын худалдааны харилцааг хүндрүүлж, дэлхийн зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй. Дөрөвдүгээрт, глобаль эдийн засагт нөлөөлж байна. АНУ дэлхийн хамгийн том эдийн засагтай тул түүний гаргасан шийдвэр бусад орнуудын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, зах зээлд шууд нөлөөлнө.

Ийм учраас, энэ бодлого богино хугацаанд АНУ-ын зарим салбарт эерэг нөлөө үзүүлж болох ч урт хугацаанд дэлхийн эдийн засагт сөрөг үр дагавар авчрах магадлалтай. Тиймээс олон улсын худалдааны гэрээнүүд болон түнш орнуудтай хийх хэлэлцээр чухал үүрэгтэй хэвээр байх болно.

-Д.Трамп БНХАУ-ын зарим нэр төрлийн бараанд 10 хувийн гаалийн албан татвар ногдуулахаа мэдэгдсэн. Монгол Улсын экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг урд хөршид үзүүлж буй дээрх тарифын бодлого Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Шууд нөлөөлнө. БНХАУ-ын эдийн засагт гадаад худалдаа, хөрөнгө оруулалт голлох байр суурийг эзэлдэг. Үйлдвэрлэлийн хувьд дэлхийн зах зээлд голлох нөлөөтэй. АНУ, БНХАУ хоорондын худалдааны дайн нь Хятадын эдийн засгийг тодорхой хэмжээгээр сулруулах, агших үзэгдэл хүргэнэ.

Энэ тохиолдолд Хятадын үйлдвэрлэлийн салбар тухайлбал, гангийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл буурна. Энэ тохиолдолд Монгол Улсаас авах нүүрсний эрэлт буурна.

-Трампын тарифын шийдвэр валютын ханшид нөлөө үзүүлэх үү?

-Тийм. Трампын тарифын шийдвэрүүд валютын ханшид тодорхой нөлөө үзүүлж болно. Үүнд дараах гол шалтгаанууд нөлөөлнө. Нэгдүгээрт, худалдааны тэнцэл. АНУ импортын тариф нэмбэл импорт буурч, худалдааны алдагдал багасах магадлалтай. Энэ нь АНУ-ын долларын ханшийг чангаруулах нөлөөтэй байж болно. Харин бусад орнууд хариу тарифаар АНУ-ын экспортод саад учруулбал, доллар сулрах эрсдэлтэй. Хоёрдугаарт, Зах зээлийн итгэлцэл. Худалдааны дайны эрсдэл нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчид тогтвортой валют руу хандаж, ам.доллар болон швейцарь франк гэх мэт “аюулгүй” валютууд чангарч магадгүй.

Тарифын улмаас импортын барааны үнэ өсвөл АНУ-д инфляци нэмэгдэж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж магадгүй. Энэ нь ам.долларыг улам чангаруулах нөлөөтэй.

Дөрөвдүгээрт, худалдааны түнш орнуудын валют. АНУ-ын тарифын шийдвэр нь Хятад юань, евро, канад доллар зэрэг валютуудад дарамт үзүүлж, тэдгээрийн ханшийг сулруулах боломжтой. Ерөнхийдөө Трампын тарифын бодлого валютын ханшийг богино болон урт хугацаанд өөрчлөх нөлөөтэй бөгөөд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан долларыг сулруулах ч, бас чангаруулах ч үр дагавар гарч болно. Нөгөө талаар нүүрсний үнийн уналтаас шалтгаалан, Монгол Улсад орж ирэх валютын орлого багасах, нөгөө талаар Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай импортын тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад шаардлагатай валютын эрэлт ихсэх нь тодорхой бөгөөд валютын ханш чангарах төлөв харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайд ах 2025-02-20 202.126.90.59

Манай Сангийн Яамны сайд дүү ҮХСЭН Ч төсвийн ТОДОТГОЛ хийхгүй гэсэн

Avatar

Нэргүй 2025-02-20 59.153.114.158

Салалт яг үхэл шиг.

Avatar

Нэргүй 2025-02-20 122.201.31.28

ажилгүй хүүхнүүдийн биеийн үнэлүүлж эдийн засгаа босгох л арга байна

Avatar

Зочин 2025-02-20 66.181.179.100

Сайн ярилцлага болжээ. Одоо ЗГ яахыг харья даа.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.131.234.123

зүгээр сууж бай. мэддэг ч юм шиг. харин бараа нь өөр урсгалаар орно.

Avatar

Нэргүй 2025-02-20 202.55.191.130

Жонхууг цаазал: Сүүлийн жилүүдэд ОХУ хямд үнээр нүүрсээ Хятад руу экспортолж, Монголтой өрсөлдөх болсон.

Avatar

Иргэн 2025-02-20 122.201.31.106

Энэ одоо нэг их чухал царайлсан баагий. их мэдэгч.

Avatar

гончиг 2025-02-20 66.181.177.194

??????Мэргэжлийн бус тайлбар

Avatar

Зочин 2025-02-20 122.201.31.59

Засгийн газрын одоо явуулж байгаа бодлого нь: юуны түрүүнд өөрсдийн шахаа, цавчааны ажлыг шуурхайлах. Энэ талын ажлууд ногоон гэрлээр урагшилж байна. Харин халамж тэтгэвэр, хувьцааг аль болох хойшлуулж уяж байна. Тэд бүх тендрүүдээ зарлаж, шалгаруулсаны дараа л төсөв тодотгох тухай ярьж эхэлнэ. Одоо бол нам чимээгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж