Японы баруун хэсэгт орших Вакаяма мужийн шүүх ерөнхий сайд асан Фүмио Кишида руу тэсрэх бөмбөг шидсэн этгээдэд 10 жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, ерөнхий сайд асан Фүмио Кишида 2023 оны дөрөвдүгээр сард Доод танхимын нөхөн сонгуульд нэр дэвшиж байх үеэрээ Вакаяма хотын боомтоор зочилсон. Эл үед шүүгдэгч Кимура Рюжи тэсрэх бөмбөг шидэж, хоёр хүнийг гэмтээсэн юм. Кишидагийн хувьд бэртэл гэмтэл аваагүй бөгөөд ослын газраас түүнийг хамгаалалтын ажилтнууд яаралтай нүүлгэн шилжүүлсэн. Вакаяма дүүргийн шүүх 25 настай Кимураг хүн алахыг завдсан, тэсэрч дэлбэрэх бодисыг хянах тухай хуулийг зөрчсөн зэрэг таван зүйл ангиар буруутгажээ.
Шүүгдэгч Кимура хүн алах зорилготой байсан эсэх нь маргааны гол асуудал байв.
Шүүгч Фүкүшима Кейко Лхагва гаригийн /2025.02.19/ шүүх хуралдааны үеэр мэдэгдэхдээ, шинжээчдийн хийсэн туршилтаар Кимурагийн шидсэн тэсрэх бодис үхлийн аюултай болохыг тогтоосон байна. Улмаар шүүгдэгч Кимура ерөнхий сайд асан Кишидаг хөнөөхийг завдсан гэдэг нь нотлогджээ. Түүнчлэн, одоогийн ерөнхий сайд Шигэрү Ишибаг онилж, олон нийтийн дунд айдас, түгшүүр үзүүлсэн дарлагч нэгэн гэж Кимураг тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн хувьд өмнө нь Японы сонгуулийн тогтолцооны асуудлаар засгийн газрын эсрэг зарга үүсгэж байжээ.
Тэрбээр энэ талаар олон нийтийн сүлжээнд нийтлэл бичиж байсан ч төдийлөн олны анхаарлыг татаж чадаагүй аж. Улмаар Кимура олны танил хүнийг онилж, гэмт хэргээ урьдчилан төлөвлөсөн гэж буруутгагдсан байна.
Нэргүй 2025-02-19 98.247.142.118
дарлагч нэгэн гэнэ уу